JA slide show
Эрүүл мэнд,мэдлэг Амрах булан СОЁЛЫН ДОВТОЛГОО ЦУВРАЛ ХИЧЭЭЛ №7-14

СОЁЛЫН ДОВТОЛГОО ЦУВРАЛ ХИЧЭЭЛ №7-14

E-mail Print PDF

СОЁЛЫН ДОВТОЛГОО №7 Урдуур дайрахыг овсгоо гэж бүү андуур

"ГАНЦХАН ЮМ АСУУНА" ГЭЧИХЭЭД...

Хэдэн жилийн өмнө эрүүл мэндийнхээ даатгалын үр шимийг хүртчих санаатай дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр дугаарлаж суув. Нэлээн ч хүнтэй байсан. Тэр үед дөнгөж л цахим картыг ашиглах тухай яриа гарч байсан үе. Одоогийнх шиг үзүүлэх цаг, нэр эмчийн хаалганы хажуугийн дэлгэц дээр гарч эсвэл сувилагч нэрийг тань дууддаг байсангүй.

Хүмүүс ч орж гараад л, цаг гаруй дугаарлаж зогсов. Гэтэл нэгэн эмэгтэй “Би ганцхан юм асуугаад л болоо” гэж ороод бараг бүтэн биеийн үзлэгт ороод гарсан даа. Тэр цагаас хойш “ганцхан юм асуух” хүсэлтэд үгүй гэж хариулдаг болсон юм.

Иймэрхүү явдал улсын байгууллагатай холбоотой үйлчилгээ авах үед нэлээн тохиолдоно. Харьцангуй ихэнх нь дугаар авдаг болсон ч хараахан нэвтрээгүй газрууд их бий. Тийм тохиолдолд “нэг юм асуух” гээд нэлээн ажлаа бүтээчихээд гардаг хүмүүс мэр сэр бий.

Угаас манайхан дугаарлаж сураагүй ард түмэн гээд хэлчихэд буруудахгүй. Дугаар дайрч, нэг хүний өмнө орж байвал түүнийгээ овсгоо самбаатай гээд ойлгочихсон хүмүүс их. Дугаарлах гэдэг нь нэг нэгнийхээ араас шилийг нь харж зогсоод ээлж дараатайгаар үйлчлүүлэхийг хэлдэг бол манайд дахин нэг эгнээ үүсгээд хэн нь түрүүлж орохоо үзэх “уралдаан” гээд тодорхойлж болж байгаа юм.

ГЭНЭТ ШАХАЖ УРДУУР ОРОХЫГ ЖОЛООЧИЙН ЧАДВАР ГЭХГҮЙ БҮДҮҮЛЭГ ҮЙЛДЭЛ ГЭНЭ

Энэ зангаа авто зам дээр ч гаргана. Манай зам дээр ер нь эгнээ байр тэмдэглэсэн цагаан зураас байх ч хэрэггүй гээд хэлчихвэл буруудахгүй. Эгнээ байраараа явдаг соёлтой жолооч өдрийн од шиг. Нэг эгнээтэйд хоёр, хоёрт гурав, гуравт дөрвөн эгнээ үүсгээд л  бөөрөөрөө наалдчих гээд л зогсоно. Хажуугаар чинь шахаж орж ирээд урд чинь гарчихвал зорилго нь биелж байгаа мэт аашилна. Ерөөс хэдхэн секундын төлөө л заавал урд нь гарах гэж улайрдаг хүмүүс нь энэ үйлдлээ овсгоо самбаатай жолоочийн чадвар гээд ойлгочихсон байдаг гэлтэй. Гэтэл яг үнэндээ энэ чинь бүдүүлэг үйлдэл юм.

 Зам дээр бухимдахгүйн тулд дохио өгсөн нэгнийг урдуураа оруулж, чухал шаардлагагүй бол хэдхэн секундын төлөө эгнээ байр сэлгэн, хажуу эгнээнийхээ завсраар чихэх хэрэггүй.

"УРДУУР ДАЙРАГСАД"-ЫН ШИНЖ ТЭМДГҮҮД

За тэгээд дэлгүүр хоршоо, элдэв үйлчилгээ авах үед урдуур дайрагсад дараах байдлаар бусдыг бухимдуулна. Жишээлбэл,

  • Дараалал, дугаарыг тэд тоохгүй. Хажуу дахь хүнтэйгээ ярьж байгаа дүр эсгэж байгаад л таныг гэнэ алдах тэр мөчид “хооп” гээд л урдуур чинь орчихно.
  • Эсвэл олон эгнээний алинд нь ч биш голоор нь явж байгаад л шууд дараалалд гулсан орно. Таныг шаардлага тавих үед энд байсан гэж мэлзэнэ.
  • Бас нэг арга нь араас шахах. Урд талын хүнтэй нийлтэл шахна. Араас ёворно. Мөр дэрлээд хэвтэх нь үү гэлтэй наалдана. Эцэст нь та урдуур дайрагчийн энэ байдалд эвгүйцэн зай гаргаснаар тэд дахиад л "хооп" гээд урдуур орчихно доо.
  • Таныг өмнөх хүнээ гарахаар нь аажуу тайван орно доо гээд сандал дээр сууж байх хооронд гар утсаараа ярьж байгаа мэт болж энэ тэрүүгээр явж байгаад гэнэт орох нь бас л тэдний нэг арга.
  • Өөр нэг хэлбэр нь "чих хатуу" болж жүжиглэх. Таныг шаардлага тавьсан ч сонсоогүй царай гаргана. Гүрийсээр байгаад л урдуур дайрахдаа л дайрдаг нэг хэсэг хүмүүс байна.
  • Ууртай урдуур дайрагч. За тэд бол ёстой юу ч гэж хэлээд нэмэргүй. Таныг “А” гэхэд “Б, В, Г гээд 35 үсгийг дуустал хэлээд загнаж дайрч байгаад урдуур чинь орж ажлаа бүтээгээд явчихна тэр дээ. Энэ үедээ өөрийнхөө ямар завгүй, бачим явааг хэлэх нь тэр.

Гэх мэтчилэн урдуур дайрахыг овсгоо самбаатайн илрэл гэж бүү эндүүрээрэй. Дугаарлаж сурна гэдэг таны өөрийгөө бас бусдыг хүндэтгэж буйн нэг илэрхийлэл, СОЁЛ ЮМ шүү. Таны цаг алт шиг үнэтэй байж болох ч бусдын цаг ч бас алттай зүйрлэхүйц үнэтэй гэдгийг битгий мартаарай. Таны ажил яаруу бол бусдын ажил ч бас цаг нартай.

Олонтойгоо хамт амьдарна гэдэг угаас хүндлэл, соёл шаардсан ажил учраас урдуур дайрах нь угаас бүдүүлэг хүний үйлдэл гэдгийг ойлгох хэрэгтэй.


СОЁЛЫН ДОВТОЛГОО №8 Үйлчилгээ уур бухимдал бус талархал дагуулах ёстой.

Соёлын довтолгоо хичээл долоон дугаарын турш иргэдэд чиглэсэн мэдээллийг хүргэсэн. Харин энэ удаад бид үйлчилгээний байгууллагуудад зориулсан бага боловч хэрэг болохуйц мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Манайд аливаа үйлчилгээг сэтгэл ханамжтай авна гэдэг ихэнхдээ хэцүү. Таксинд суухаас эхлээд л хоолны газар, дэлгүүр хоршоо гээд олон төрлийн үйлчилгээнээс гомдол, бухимдалтай тулгарснаа тооч гэвэл нэлээн хэдэн хуудас болох байх.

Угтаа бол үйлчилгээ гэдэг хүний хэрэгцээг хангах ажил. Үүдээр орж ирсэн цагаас нь эхлээд л найрсаг, халуун дотно харилцаагаар угтаж, хэрэгтэй зүйлийг нь хийж өгөөд гаргадаг байх ёстой. Гэвч энэ үүргээ ухамсарладаггүй үйлчилгээний байгууллага, иргэд олон байгаа нь харамсалтай. Тэгвэл тэд ямар алдаа гаргадаг талаар цөөхөн үгэнд багтаая.

ҮЛ ТООМСОРЛОХ

Хамгийн түрүүнд үйлчилгээний байгууллагын гаргадаг алдаа бол үл тоомсорлох. Ихэнхдээ хоолны газар, дэлгүүр энэ алдааг гаргадаг. Үйлчлүүлэгчийг харсан ч хараагүй царайлж, заавал “зөөгч өө”, “худалдагч аа” гэж дуудуулах, гуйлгах гэдэг. Үйлчлүүлэгч нэгэнт танайхыг сонгоод ирсэн тохиолдолд та бүх анхаарлаа тэдэнд хандуулах хэрэгтэй. Бас анхаарал хандуулж, бараагаа тайлбарласан гээд заавал авах ёстой мэт харьцаж болохгүй. “Авахгүй бол яах гэж асуусан юм” гэдэг өгүүлбэр худалдан авагчийг эргэлт буцалтгүй цааш нь түлхдэг гэдгийг санахад илүүдэхгүй. Та хэдий чинээ бүтээгдэхүүнийхээ давуу талыг тайлбарлаж, таниулна төдий чинээ худалдан авагчид сэтгэгдэл төрүүлдэг.

Анхаарал хандуулж, бараагаа тайлбарласан гээд заавал авах ёстой мэт харьцаж болохгүй

“ИНЭЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ ДЭЛГҮҮР НЭЭХ ХЭРЭГГҮЙ”

Төвийн дүүрэгт байрлах, хүмүүсийн мэдэх нэгэн газрын зөөгч дахин дахин захиалга өгч байна хэмээн уурсаж, нэг мөр захиалгаа өг хэмээн үйлчлүүлэгчээ загнасан хөгтэй ч юм шиг эмгэнэлтэй ч юм шиг явдал болсон удаатай. Тухайн үйл явдлын эзэн, “загнуулдаг” хэсэг нөхөд дахин тэр газар орох нь битгий хэл, нэрийг нь ч дурсаагүй талаар ярьж байв.

Инээмсэглэж, эелдэг зан гаргаж харьцаагүйн гор нь эргээд үйлчлүүлэгчээ алдахад хүргэсэн жишээ энэ. Танайхыг гээд зориод ирсэн хүмүүстэй эелдэг дотно харилцаж, инээмсэглэлээр угтаж, талархлаар үддэг байхыг зөвлөе. “Инээж чадахгүй бол дэлгүүр нээх хэрэггүй” гэж үгийн утга энэ.

ТООЦООНЫ АСУУДАЛ

Орчин үед тооцоо хийх боломж үй олноороо гарчихсан. Гэтэл үүнийг ашиглахгүй хэрэглэгчийг бухимдуулдаг газрууд бий. Таксинд бол мөнгө задлахгүй гэх, худалдааны газар мобайл банк, посын машингүй гэх “МЭӨ тайлбар”-аа одоо зогсоох цаг нэгэнт болжээ. Олон төрлийн төлбөрийн системийг нэвтрүүлж, үйлчлүүлэгчийг хүндрүүлэхгүй байх шийдлийг аль болох эртхэн нэвтрүүлээрэй.

Мөн компьютер гацдаг, удаан хэвлэдэг гэх мэт шалтгаан тоочилгүй и-баримтаа нэхүүлэлгүй өгч байгаарай.

ЭЕЛДЭГ ХАРЬЦВАЛ ЭЛЭГ БАРИХ ГЭЖ ҮЗНЭ

Манай үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд хэрэглэгчийн гомдолд чин сэтгэлээсээ уучлалт хүсч, залруулдаг нь бас л ховор. Хэдийгээр санал хүсэлтийн утас ажиллуулдаг газрууд олон ч гомдол мэдүүлэх гэж залгаад улам уурсаад дуусах нь элбэг. Та гомдлоо эелдгээр тавьбал таны буруу болгоод өнгөрөх нь элбэг тул шууд л ууртай ярих хэрэг гарна.

Ариун цэврийн өрөө гэдэг зөвхөн биеийнхээ илүүдлийг гаргах бус амс хийж, сэргээд гарах хэсэг байдаг

Таны үзүүлсэн үйлчилгээний талаар санал гомдол гаргавал түүнийг нь эвтэйхэн шиг шийдэхийг хичээ, тэднийг аргаа бартал нь бухимдуулах хэрэггүй. Уучлалтыг чин сэтгэлээсээ гуйж сурах хэрэгтэй. Бас утсаар үйлчлүүлэгчтэй ярьж байгаа тохиолдолд бохь хэзээ ч зажилж болохгүй, тэр тусмаа дугаргаж бүр болохгүй шүү.

АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨ

Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв гэдэг шиг ариун цэврийн өрөө ямар байх нь тухайн байгууллага үйлчлүүлэгчээ хэрхэн хүндэтгэж байгаагийн илэрхийлэл гэж болно. Ариун цэврийн өрөө гэдэг зөвхөн биеийнхээ илүүдлийг гаргах бус амс хийж, сэргээд гарах хэсэг байдаг. Тиймдээ ч хүүхэдтэй ээжүүд, хөгшин настай хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай хэрэгсэл байхгүй, үнэр танар гэж ороод хам хум хөнгөрөөд гарахаас өөр арга үгүй газрууд их. Томоохонд тооцогдох их дэлгүүрт ч ийм дүр төрх байдаг нь харамсалтай.

Гэхдээ ороод нүүрний будгаа сэргээж, үс зүсээ янзлах, хүүхэд хуурайлах тусгай ширээтэй ариун цэврийн өрөөтэй дэлгүүр бас байна аа, байна. Бусад газарт үлгэр болох болов уу гээд Polaris их дэлгүүрийн ариун цэврийн өрөөг танилцуулж байна. Үнэхээр л жижиг зүйлд хүртэл анхаарал хандуулж тав тухыг хангаж чадсан газар Улаанбаатарт нэгээр нэмэгджээ. Япон бараа, япон үйлчилгээг бүх зүйлдээ шингээсэн үйлчилгээнээс нь мэдрэгдэж байлаа.

Бас нэгэн жишээ, дээр дурдсан үйлчилгээ гэдэг хүний хэрэгцээг хангах ажил. Үүнийг батлах бас нэгэн зургийг сонирхуулж байна. Японы Акасака дүүрэгт байрлах зоогийн газрын зөөгч эмэгтэй үйлчлүүлэгчээ хэрхэн хүндэлж байгааг та энэ зургаас харж болно. Зөөгч эмэгтэй бага зэрэг нуруулаг учраас ирсэн зочдыг хэт өлийлгөж харуулахгүй гэсэндээ захиалга авах бүртээ ийн өвдөглөн сууж байсан нь нүдэнд содон туссан тул зургийг нь ийн авсан хэрэг.

Алхам тутамдаа л бид ямар нэг үйлчилгээг авч байдаг. Харин тэр үйлчилгээг харамсаж, бухимдаж авахгүй байхад үйлчилгээний байгууллагын ажилтан, эрхлэгч таны хувь нэмэр чухал юм шүү. Инээмсэглэл, талархал хэзээ ч муу зүйл дагуулдаггүй.

СОЁЛЫН ДОВТОЛГОО №9 Сайн байна уу, баярлалаа, уучлаарай, зүгээр, баяртай

Дээрх үгсийг хэлж заншил болоорой. Цөөн жишээ дурдъя.
Сайн байна уу?
Францад байдаг ах маань хэдэн жилийн өмнө Монголд ирчихээд “ерөнхийдөө л зандарч харьцах юм аа, ажил хөөцөлдөөд явахад загнуулсаар байгаад таарах юм” гэж билээ. Харин нэг удаа толгой сэгсрэн инээсээр орж ирлээ. Яасан гэтэл “орцны жижүүр шал угаагаад байхтай таарлаа. Сайн байна уу гэтэл өөдөөс том харснаа “өвчтэй хог вэ” гэнэ ээ намайг” гэсэн юм. 
Гэхдээ сүүлийн үед “ахиц дэвшил” нэлээд гарч байгааг дурьдах хэрэгтэй. Хэдхэн жилийн өмнө таксинд ороод “сайн байна уу” гэхэд өөдөөс “хаашаа явах юм” гэж мэндэлдэг байсан бол өдгөө хариу мэндлэх, эсвэл түрүүлж мэндчилдэг болж. Маш сайн тал. 
Ялангуяа төрийн албан хаагчид болон үйлчилгээний байгууллагынхан иргэдтэй эелдэг харьцаж, дээрх үгсийг амны уншлага мэт хэлж занших нь зүйтэй.
Уучлаарай
Харин автобусанд эсвэл өөр хаа ч юм хүний хөл дээр гишгэчихээд өөдөөс гайхсан байдалтай том харах, “өө” гээд өнгөрөх нь элбэг. Уг нь бол “уучлаарай” гэж хэлэх ёстой юм. Харин нөгөө этгээд “уучлаарай” гэхэд нь ихэрхэн цихэмхийх биш “зүгээр” хэмээн хариу барих ёстой. Санамсаргүйгээр хүний хөл дээр гишгэх нь байх л асуудал бөгөөд үүнд уурлаж уцаарлах шаардлагагүй. 
Мөн хүнийг санамсаргүйгээр гудманд мөрлөх, гараа дэлгэх үедээ цохих, үсээ задгайлан шидэхдээ нүүрийг нь ороолгох, хувцсаа хэт далайн өмсөх үедээ бусдыг шавхуурдах гэх мэт үйлдлүүдэд бүгдэд нь та тухайн хүнээс уучлалт гуйх ёстойгоо битгий мартаарай. 
Түүнчлэн арга хэмжээнээс хоцрох үед ч та бусдын үнэт цаг хугацаанаас хумсалсан тул уучлалт гуйх учиртай. “Үнэт” гэдэг нь тэр хугацаанд тухайн хүн олон ажил амжуулж болох байсан, үгүйдээ гэхэд хайртай хүмүүстэйгээ хамт цагийг таатай өнгөрүүлэх байсан бол таныг хүлээн хий дэмий бухимдаж суусан гэсэн үг юм.
Баярлалаа
Бусдад талархаж сураарай. “Баярлалаа” гэдэг нь зөвхөн танд бэлэг дурсгалын зүйл гардуулахад хэлдэг үг биш. Танд хаалга онгойлгосон, суудал тавьж өгсөн, зам талбай зайчилж өгсөн хүмүүст, зам тавьж өгсөн жолоочид гээд бүхэнд баярлаж талархснаа илэрхийлж байгаарай. Энэ нь нийгэмд эерэг уур амьсгалын төрүүлэх төдийгүй нөгөө хүнд дахин эелдэг, зөв үйл үйлдэх нөхцөлийг бүрдүүлдэг байна. 

Баяртай
Дараа инээмсэглэн уулзах шалтгаан гаргахын тулд “баяртай” гэдэг үгийг хэлж заншаарай. Хэн нэгний урилгаар аливаа арга хэмжээнд уригдан очсон бол явахдаа заавал энэ үгийг хэлэх нь зүй. Яасан нь мэдэгдэхгүй алга болох нь бүдүүлэг. Ирснээ мэндчилэн хэлж, явж буйгаа ч мэдэгдэн илэрхийлэх нь соёлт хүний нэг шинж юм.

Харилцаанаас харилцаа үүснэ гэдэг. Юу тарина түүнийгээ хураана ч гэдэг. Нэг өдөр та эелдгээр инээмсэглэн, багахан тэвчээр гарган, заримдаа хүлээцтэй хандаж дээрх үгсийг хэлж, бусадтай эелдгээр харьцаад үзээрэй. 

Хотын хүн танд амжилт хүсье.

СОЁЛЫН ДОВТОЛГОО №10 “Манай гэр л цэвэрхэн бол орц хамаагүй” гэвэл ТОМ ЭНДҮҮРЭЛ

Орцны үүдэнд, лифтэн дотор, шатны хажууд хогоо тавьдаг байсан айлууд бүр сүүлдээ айлын хаалганы гадна хогоо авчраад шидчихдэг болчихсон байна шүү хэмээн хөрш маань ярилаа. Нээрээ л бункер онгойлгоод хогоо хийх, доод давхар луу буугаад хогоо хаяхаасаа ч залхуурдаг хүмүүс олширч.

Үүнээс гадна нар, салхи үзэх зориулалт бүхий цонхоор хог хаяхыг хатуу хориглоно. Таны хаясан хог хэн нэгний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох юм шүү.


Хогтой холилдох уу, цэвэрхэн амьдрах уу гэдэг иргэн бүрийн хүчин чармайлтаас шалтгаалдаг юм шүү. Дээр нь лифтэнд нусаа нийх, шүлсээ хаях, орцонд тамхи татахыг “цээрлэх” хэрэгтэй.

“Гэр минь л цэвэрхэн байвал боллоо” гэж бодоод үүдээрээ хогоо чулуудчихаад сууж байгаа өчүүхэн бодол тань тун буруу гэдгийг дуулгая. Учир нь орц бол таны гэрийн нэг хэсэг юм. Орц чинь бохир байвал таны гэр хэчнээн цэвэрхэн байгаад нэмэргүй адилхан бохирлогдох, бохирын улмаас үүсэх өвчинд адилхан л нэрвэгдэнэ.

Мөн хөрш тань орцондоо хог хаяж байвал хажуугаар нь дуугүй өнгөрөлгүй зөв шаардлагыг, эелдгээр тавиарай.

Хотын хүн танд амжилт хүсье.


СОЁЛЫН ДОВТОЛГОО №11: Хогийг зөвхөн хогийн саванд хаядаг.


Дээрх шог зураг амьдрал дээр олон тохиолддог. “Энэ хогийг яана аа, арай дэндүү юм аа” гэж уулга алддаг хэр нь хүний нүд хариулж байгаад хогоо чулуудчихдаг хүн олон. Олон гэж яаж мэдэж байгаа юм гэж үү. Хаашаа л харна хөглөрч буй хогийг хараад л тэр.

Дээр нь боловсон, соёлтой байна гэдэг боловсрол эзэмшсэн дипломоор үнэлэгддэггүй. Хөдөөний хүн хотод ирээд бусдын тав тухыг бодоод хогоо халааслаад явж байхад, хэд хэдэн сургуулийн диплом өвөртөлж, ганган сайхан хувцасласан мөртлөө идсэн чихрийн цаас, уусан ундааныхаа савыг чулууддаг нэгэн бий.

Заавал бид бусдын хаясан хогийг түүгээд л эх оронч, энэрэнгүй сэтгэлтэн, нийгмийн баатар болох гээд байх шаардлага байхгүй. Бид "тарьсан" хогоо өөрөө цэвэрлэчихдэг, бусдад “хог битгий хаяач ээ” гэдгийг ойлгуулчихдаг бол л болох нь тэр. Тэгж чадвал Азийн цагаан дагина Улаанбаатарт амар сайхандаа жаргаж, аж төрөөд байна гэсэн үг.

1.Намар-самар-хог

Намар болохоор самар гараад, самар харахаар идмээр санагдаад байна уу. Идэж бололгүй яах вэ. Гэхдээ гэртээ хариад идэх хэрэгтэй. Намрын улиралд хамгийн их нүдэнд “хүйтэн” харагддаг хог бол самрын яс. Хаа сайгүй л хуруугаа хөхөж, хог “үйлдвэрлэсэн” хүмүүс. Эцэст нь хотын гудамж намрын шар навчсаар бус самрын ясаар “гоёж” байна. Ил задгай борлуулж буй самрыг угааж, цэвэрлэлгүй өөрөөр хэлбэл гадаа идсэнээс болж гэдэсний халдварт өвчин үүсэх шалтгаан болдог. Өөрийгөө хордуулж, өрөөл бусдад таагүй сэтгэгдэл төрүүлэн байж гадаа гудамжинд самар идэх шаардлагагүй. Бүр самар цөмөхгүй л бол тэсэхгүй байвал ядаж самрынхаа ясыг уутанд хийж байхыг зөвлөе.

2.Энд орох уу тэнд орох уу

Нэг үеэ бодвол нийслэл хотод маань хогийн сав олон болжээ. Харин хогийн саванд хог хийхдээ та нүдээ аньж байгаад шидчихдэг юм биш биз? Зарим хогийн сав хоёр тасалгаатай байдаг.

Дахивар ба энгийн гэсэн. Дахивар гэдэг нь дахин боловсруулж болох ундаа, усны сав. Харин энгийнд бусад хог хаягдлыг хийдэг гэдгийг сануулахад гэмгүй болов уу. Хэрэв хоёр тасалгаатай хогийн савны бичиг нь арилсан бол ногоон тэмдэглэгээтэй хэсэг нь дахин боловсруулах харин улаан тэмдэглэгээтэй нь энгийн хог хаягдал хийх хэсэг нь юм шүү.

3.Миний машин ямар хогийн сав уу

Та арай ингэж бодож байгаа юм биш биз. Таны машин хогийн сав биш бол Улаанбаатарын гудамж, талбай бүр биш шүү. Ганган сайхан машиныхаа цонхоор ус ундааныхаа савыг чулуудаж байгаа бол Та их хотын соёлтой нэгэн хэрхэвч биш гэдгийг ойлгож, ухаарна уу.

Хотын хүн танд амжилт хүсье.


СОЁЛЫН ДОВТОЛГОО ХИЧЭЭЛ  №12: Тагтнаасаа эсвэл цонхоороо дээж өргөж болохгйү гэдгийг ЭЭЖДЭЭ ХЭЛЭЭРЭЙ.


Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд хэмээн тэнгэр бурхандаа өргөдөг цай, сүүний дээж маань бусдын уур бухимдлыг төрүүлж, мөнгөний гарлага болдог байж болохгүй.

Ямар сайндаа л орцны үүдэнд гуйсан, уурласан, занасан ил захидлууд хөвөрч байх вэ дээ.

Ёс заншил, уламжлалаа өвлөнө гэдэг сайн хэрэг. Гэвч суурин амьдралд нийцүүлэх шаардлагатай зүйлс гэж бий. Түүний нэг нь дээр дурдаад буй цайны дээж өргөх ёс. Ингээд бичихээр яах гэж цонхны дор машинаа тавьдаг юм бэ гэх асуулт урган гарч магад. Тэгвэл сүүлийн үед барьсан, барьж буй, барих барилгууд ихэнхдээ байрныхаа дор зогсоолтой байх юм аа гэсэн хариулт байна.

Цонх, тагтнаасаа дээж өргөж байгаа иргэд бусдын эд хөрөнгийг бохирдуулан, бухимдлыг төрүүлж байгаагаа ойлгож, ухааран гэрээсээ гарч ёсыг ёс чигээр нь үйлдэх хэрэгтэй. Энэ бол бас л нэг соёлын илэрхийлэл юм.

Нэмж хэлэхэд машин дээр дуссан сүүний толбо энгийн арчилтаар арилах нь ховор. Учир нь сүүний найрлаганд уураг, тос, лактоз мөн бусад микро элэментүүд байдаг учраас машин дээр толбо тогтож, угаалгын газар очихоос өөр сонголт үлдээдэггүй гэдэгтэй жолооч нар санал нийлэх биз ээ.

Тиймээс ээждээ, эмээдээ цонхоороо болон тагтан дээрээсээ цацал өргөх нь хотын соёлд нийцэхгүй тул болихыг хүсч, ярилцаарай.

Хотын хүн танд амжилт хүсье.

СОЁЛЫН ДОВТОЛГОО ХИЧЭЭЛ  №13:

Драм болон дуурийн үзвэр үзэхэд мэдэж авах зүйлс нь кино үзэхээс илүүтэй тогтсон ёс байдаг учраас энэ талаар мэргэжлийн хүний зөвлөгөөг хүргэж байна. Дуурь үзэхэд юуг анхаарах ёстой талаар “Имако” консалтинг институтын захирал Р.Лхагвадуламын ингэж зөвлөж байна.

Театрыг ариун сүм гэж нэрлэдэг. Театрт очих нь сэтгэлийг ариусгадаг. Хэдэн зууны турш язгууртан, ихэс дээдэс хүүхдээ өв тэгш хүмүүжүүлэх арга болгон театрыг сонгосон байдаг. Тэр ч утгаараа соёлт хүний заавал хийх ёстой үйлдлийн нэг нь театрт очих.

Театрт очсоноор хүний таван мэдрэхүй зэрэг ажилладаг. Яруу тунгалаг найрал хөгжмийг сонсож чих баясна, тайзнаа байгаа чимэглэл, олон сайхан зүйлсийг харж нүд баясна. Бүх хүн хамгийн сайхан хувцсаа сайхан үнэртэнтэй хослуулдаг учраас үнэрийн найрал хөгжим театрт таныг угтдаг. Мөн театр бол танин мэдэхүйн ач холбогдолтой.

ТЕАТРТ ГАРГАДАГ АЛДААНУУД:

  • Хоцорч ирдэг,
  • Учир мэдэхгүй хүүхдээ авчирч уйлуулдаг,
  • Хоол хүнсний зүйл авчирч (шарсан төмс шажигнуулахаас эхэлнэ)  тоглолтын дундуур иддэг,
  • Хоорондоо ярих – За одоо Алтанхуяг бүжиглэх гэж байна, японд амьдарч байгаа юм уу Монголд амьдарч байгаа юм уу за яг одоо бүжиглэлээ шүү, гурав, дөрөв, тав эргэчихлээ гэх мэтээр хоорондоо ярьдаг. Тухайн үзвэрийн талаар сэтгэгдлээс эхлээд бүхий л зүйлийг дараа нь ярих хэрэгтэй.
  • Хувцасны өлгүүр хүн ихтэй болчихно гээд түрүүлж гардаг. Найруулагч, жүжигчид гээд хамгийн оргил, ёсолгоо хийх үед нь бүгд гараад явчихдаг.
  • Ихэнх театрууд утасны дуу намасгагч, долгион сааруулагчтай болсон хэдий ч та утсаа унтрааж, дууг нь хаах хэрэгтэй. Хоёр цаг үзвэр үзэхдээ л утсаа унтраах соёлтой байх хэрэгтэй. Мөн утсаа оролдох, жүжигчдийн зургийг авах, бичлэг хийхийг хатуу хориглодог.

Театрт очихдоо гоёх хэрэгтэй

Ихэнх хүмүүс ажлаасаа шууд очдоггүй аж. Тусгайлан бэлдэж, гоё сайхан болчихоод театрт очдог. Эрэгтэйчүүд эрвээхий зангиа, хослол, эмэгтэйчүүд даашинз өмсөж очих нь театрыг, өөрийгөө, бусдыг хүндэлж буй нэг хэлбэр. Эмэгтэйчүүдийн хувьд нүүр будалтдаа үдшийн будалт сонгох хэрэгтэй. Театрт очих нь гэдэг бол үзэгдэл. Тиймээс ч театрт өөрийгөө харуулах гэж, бусдыг харах гэж очдог гэсэн үг гарсан байх.

Үзвэр эхлэхээс багадаа 30 минутын өмнө очоорой

Театрт үзвэр үзэх гэж байгаа бол та багадаа 30 минутын өмнө ирсэн байх шаардлагатай. 19.00 цагаас үзвэрт 10 минутын өмнө ирэх нь хоцорсонд тооцогддог.

Театр үүднээсээ, өлгүүрээсээ эхэлдэг. Энэ бол оргүй хоосон үг биш. Хувцсаа өлгүүрт өгөхөөс эхлээд хүний хувийн соёл харагддаг учраас энэ үг гарчээ. Эрэгтэй хүнтэй хамт очсон эмэгтэй хувцсаа эрэгтэйдээ өгч өлгүүлдэг байна.

Ингээд театрыг тойрон үзвэрийн талаар мэдээллийг сонирхож, түүх уламжлалтай нь танилцах нь мөн л соёлын нэг илэрхийлэл юм.

Эхний хонх дуугарахад танхим руу ороорой

Үзвэр эхлэхээс өмнө гурван удаа хонх дуугардаг. Эхнийх дээр танхимд орж суудлаа эзлэх хэрэгтэй. Суудлын талаар мэдээлэл үүдний хэсэгт байдаг учраас тэндээс мэдээлэл авах нь орсны дараа суудал хайх зэргээр бусдад садаа болохгүй байхад тань тусална. Үүдний хөтөч ерөнхийд нь аль хэсэгт суухыг зааж өгдөг ч суудлын талаар мэдээллийг урьдчилан авах нь танд илүү амар.

Суудалдаа суухдаа хүнгүй үед театрт тайз руу харж явна, харин хүн суусан байвал тэдэн рүү харж, уучлалт гуйж зөрөх нь зүйтэй. Харин жүжигчид тайзнаа гарсан үед тайзаа хүндлээд сууж байгаа хүмүүс рүү нуруугаа харуулж явдаг байна.

Байн байн алга таших нь бүдүүлэг

Үзэгдэл дунд алга таших нь тийм ч таатай бус. Нэгдүгээрт жүжигчдийн анхаарлыг сарниулахаас гадна дуурийн үед ид оргил хэсгийг сонсуулахгүй байх магадлалтай.

Төгсгөлд нь туслах дүрээс эхлээд гол дүр бүгд гарч ирж ёсолдог. Энэ үед тайз, жүжигчдийг хүндлээд босч алга таших хэрэгтэй.

Төгсгөлд нь хэлэхэд аливаа үйл ажиллагааны  урилгыг сайтар анзаарах хэрэгтэй. Хувцасны өнгийг заасан байдаг учраас анхаарахад илүүдэхгүй.

Хотын хүн танд амжилт хүсье.


СОЁЛЫН ДОВТОЛГОО ХИЧЭЭЛ  №14: Кинотеатрт биднийг юу бухимдуулдаг вэ.

Алжаал, ядаргаагаа тайлах, анд найз, гэр бүлийнхэнтэй цагийг зугаатай өнгөрүүлэхээр кино, жүжиг, дуурь юу ч юм үзэж суутал хэн нэгний утасны хонх чанга гэгч нь “орилох” тэр мөчийг үгээр хэлэхийн аргагүй.

Утас нь дуугарсан “эрхэм” дуудлагыг таслалгүй “Ярих боломжгүй байна. Дараа ярья” гэхэд таны уур бухимдал, гомдол, цөхрөл нэгэн зэрэг хөдөлж, хүүхэлдэйн кинон дээр гардаг уурын яндан шиг л болдог биз дээ?

Энэ мэтчилэн өнөөх амрах, сэтгэлийн таашаал эдлэх сайхан цаг хугацаа хэн нэгний бүдүүлэг, соёлгүй байдлаас болж нуран унах нь бий. Ингээд л уур хүрсэн тэр хэсэг цаг мөч, түүний дараах хэсэг хором ч утгагүй болдог гэдэгтэй та санал нийлэх байх. Тэгвэл бид энэ удаагийн хичээлээрээ кинотеатрт хэрхэн бусдад саад болохгүй байх талаар мэдээллийг хүргэж байна.

Яалт ч үгүй хоцорсон бол уучлалт гуйгаад, хүмүүсийн хажуугаар зөрөхдөө нүүрээ хүн рүү нь харуулж зөрөхийг хичээгээрэй

Театрт хүмүүсийг тавгүй болгодог хамгийн эхний зүйл бол ЦАГААСАА ХОЦРОХ. Яг сайхан тухлаад суучихсан, кино эхэлчихсэн байхад гэрэл тусгаад л орж ирнэ дээ. Тэгээд уучлаарай ч байхгүй бүр дээр нь яг нүүрэн дээр бөгсөө “наачихна” гээч. Хэрэв та кино үзэхээр шийдсэн бол аль болох цагаасаа хоцрохгүй байхыг хичээх хэрэгтэй. Яалт ч үгүй хоцорсон бол уучлалт гуйгаад, хүмүүсийн хажуугаар зөрөхдөө нүүрээ хүн рүү нь харуулж зөрөхийг хичээгээрэй.

ХҮҮХЭД ХАРАХ ХҮНГҮЙ БОЛ КИНО ҮЗЭХ ШААРДЛАГАГҮЙ. Ингэж хэлэхэд хатуудахгүй болов уу. Кино театрт тасалбар болон танилцуулга дээр хэдэн наснаас дээш хүн үзэх боломжтой талаар мэдээлэл байдаг. Гэвч зарим хүн том хүний кинон дээр бага насны хүүхэдтэйгээ орох, аймшгийн, адал явдалт гэх мэт дуу чимээ ихтэй кинонд нярай хүүхдээ дагуулан ирэх нь бий. Нялх хүүхэд нь дуу чимээнд дэрхийн цочиж уйлахтай та ч бас таарсан биз ээ. Энэ мэтчилэн асуудлаас болж нэг танхимд үзвэр үзэж буй хүмүүст тухгүй байдал үүсдэг гэдгийг анхаарахад илүүдэхгүй.

Дараагийн зүйл кинотеатрт орж ирсэн л бол УТАСНЫХАА ДУУГ ХААГААРАЙ. Дээр дурдсанчлан гэнэт л элдэв янзын утасны хонх “чарлаж”, аваад хэлж байгаа үг нь “Завгүй байна дараа ярья”. Хэрэв та утсаар ярих боломжгүй бол таслаад автоматаар хариу илгээх шийдлийг ухаалаг утас хэдийнэ олгочихсон шүү дээ.

Кинотеатрт бас нэг зүйл үнэхээр тавгүй байдлыг бий болгодог. Энэ нь СУУДЛЫН АРААС ӨШИГЛӨХ. Зай багатайн улмаас ийм зүйл тохиолдоод байна уу эсвэл өөр шалтгаан байна уу гэдгийг мэдэхгүй. Ямартай ч таны өмнө хүн сууж байгаа гэдгийг санаад аль болох хөлөөрөө урд талынхаа суудалд хүрэхгүй байхыг хичээгээрэй.

Хэрэв та утсаар ярих боломжгүй бол таслаад автоматаар хариу илгээх шийдлийг ухаалаг утас хэдийнэ олгочихсон

Төгсгөлд нь ХОГ. Кино дууслаа та уусан ундааны сав, идсэн корныхоо хайрцгийг суудлынхаа дор “мартчихсан” юм биш биз. Мэдээж дараагийн үзвэрээс өмнө цэвэрлэгээ хийх нь ойлгомжтой хэдий ч та өөрийнхөө тарьсан хогийг аваад гарах хаалганы дэргэдэх хогийн саванд хийчихвэл бусдад үнэхээр сайхан санагдахаас гадна танд ч сайхан сэтгэгдэл үлдэнэ гэдэгт итгэлтэй байна. Үзвэр дууссаны дараа гэрэл асахтай зэрэгцээд л чихцэлдчихнэ. Түүний дараа танхим дүүрэн хог үлдэж байгааг харах ямар “сэтгэл өвтгөсөн” хэрэг гэдгийг хэлэхэд илүүдэхгүй болов уу.

За тэгээд амралтын өдрүүд ч хаяанд ирлээ. Кино үзэхээр шийдсэн бол бидний бэлтгэсэн бяцхан хичээлийг санахад илүүдэхгүй биз ээ.



 

Санал асуулга

Та манай үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байна вэ?
 

Статистик төрөлтийн мэдээ


Унаж гэмтэхээс сэргийлье



Бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлье.

Таны эрүүл мэнд - Таны цэвэр гарт

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ЧАНАРЫН БОДЛОГО

 




Төрөлтийн мэдээ

2019.12.12-ны өдөр 41 эх амаржсанаас 19 охин, 23 хүү, ихэр 1 мэндэлсэн байна.

Монголын үрс маш олон болтугай.

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАР

ЗАРЛАЛ

2018 ОНД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР






1. Бичиг хэргийн ажилтан - 1

2. Нярайн эмч – 1

3. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч - 1

4. Даатгалын эмч - 1

5. Нярайн сувилагч – 2

6. Сувилагч – 3

7. Ариутгагч сувилагч - 2

8. Дүрс оношлогооны техникч - 1

9. Хоол зүйч -1

Эхийн сүү-Эрүүл хүүхэд

ISO 9001:2015 НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

Төрөлт

Тоолуур

104373
ӨнөөдөрӨнөөдөр708
ӨчигдөрӨчигдөр1145
Энэ 7 хоногЭнэ 7 хоног708
Энэ сарЭнэ сар20647
НийтНийт1043730
Таны IP хаяг:100Dot26Dot176Dot182

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement

Холбоо барих

 : Сүхбаатар дүүрэг 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө

 : 7700-0101 Нийслэлийн Өргөө Амаржих газар

 : 11-321036 Хүний нөөцийн алба

info@urguu-amarjikh.ub.gov.mn 

 : http://www.urguu-amarjikh.ub.gov.mn










Сүүлд нэмэгдсэн мэдээ