ЖИРЭМСЭН ҮЕИЙН ХООЛЛОЛТ, НЭМЭЛТ ТЭЖЭЭЛИЙН ХЭРЭГЛЭЭ

Лхагва, 02 5 сар 2018 04:57
Print


Жирэмсэн үеийн хооллолтын байдал жирэмсний явц болон ургийн өсөлт хөгжилтөнд чухал нөлөөтэй. Та жирэмслэх төлөвлөгөөтэй байгаа бол жирэмслэхээсээ өмнө хооллолтондоо анхаарч, фолийн хүчил ууж эхлэх хэрэгтэй.

Хэрэв та жирэмсэлсэн бол эмчид хандсанаар яагаад жирэмсэн үед хоол тэжээлийн байдал чухал ач холбогдолтой болохыг ойлгох болно. Жирэмсний эхний 3 сард хоолны илчлэг нэмэлтээр шаардлагагүй байдаг бол хоёр дахь 3 сард 300 калори, гурав дахь 3 сард 450 калори илчлэгийг хоол тэжээлээр нэмэлтээр авах ёстой.

Зөв хүнсийг зөв хэмжээгээр хэрэглэх нь таны хүүхдийн өсөлт хөгжилтөд тусална. Хоол тэжээлийг буруу сонгох нь урагт сөргөөр нөлөөлдөг. Жишээ нь, ариутгаагүй сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэснээс та халдвар авч, ураг зулбах аюултай.

Гэхдээ сайн иднэ гэдэг бол их иднэ гэсэн үг биш.  Мөн бүх аминдэмийг сайн хэмээн ойлгож болохгүй. Хэт өндөр тунгаар А аминдэм хэрэглэх нь (өдөрт 10.000 олон улсын нэгж, түүнээс дээш) ургийн гажиг үүсгэх аюултай.

Шинэ жимс, хүнсний ногоо, бүхэл үрийн бүтээгдэхүүнүүд, тослог багатай сүү, тараг, уураглаг хүнс (мах, өндөг, дүүпүү, вандуй) зэргийг хэрэглэх хэрэгтэй. Эдгээрээс аль болох олон төрлийг сонгон, өөрийн дуртай байдлаар бэлдэн хэрэглээрэй.


Хэрэв та цагаан хоолтон бол хоол зүйчийн зөвлөгөө аваарай. Учир нь, зарим чухал шаардлагатай амин дэм, шим тэжээлт бодис хангалтгүй байдаг тул ураг болон таны жирэмсний явцад сөргөөр нөлөөлөх магадлалтай.

Дутуу болгосон болон түүхий хүнс хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Үүнд: түүхий өндөг, сүши, стейк, түүхий сүүний бяслаг, ариутгаагүй жимсний шүүс гэх мэт.

Загас

Загасны маханд агуулагдах Омега -3 тосны хүчил нь ургийн өсөлт хөгжилт болон таны биед тустай хэдий ч ихэнх загас мөнгөн ус (methylmercury, mercury) агуулдаг тул та 7 хоногт дээд тал нь 2 удаа л загасан бүтээгдхүүн багаар хэрэглэж болно.  Утсан болон даршилсан загас, сүши хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Каффейн

Кофе, какао, шоколад, кола, цайнд агуулагдах ба зарим судлаачид өдөрт 200 мг-аас дээш хэмжээгээр каффейн хэрэглэдэг эмэгтэйчүүдэд ураг зулбах болон эх дотроо амьгүй болох эрсдэл 2 дахин их хэмээн мэдээлсэн байдаг.  Иймд та кофе, өтгөн цай уухын оронд цэвэр ус, 100 хувийн жимсний шүүс, хярам зэргийг түлхүү хэрэглээрэй.

Архи, дарс

Мэдээж жирэмсэн үед архи, дарс, пиво хэрэглэхийг хориглоно. Жирэмсний аль ч үед архи, согтууруулах ундаа хэрэглэх нь урагт сөргөөр нөлөөлдөг.

Хэрэв та эрүүл, зөв хооллодог, хоол хүнсээр хангалттай хэмжээний амин дэм, шим тэжээлт бодис авч чаддаг бол заавар нэмэлт витамин хэрэглэх шаардлагагүй. Гэвч хэдий эрүүл хооллодог эмэгтэйчүүд ч жирэмсэн үед шаардлагатай амин дэм, шим тэжээлийг хангалттай авч чадахгүй байгаа нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Иймд та жирэмслэхээсээ 3 сарын өмнөөс нэмэлт амин дэм хэрэглэх нь зүйтэй.

Фолийн хүчил

Ургийн мэдрэлийн гуурсны гаж хөгжил үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор өдөрт 800 микрограм тогтмол хэрэглэх хэрэгтэй. Мөн фолийн хүчил хангалттай хэрэглэснээр дутуу төрөх эрсдлийг ч бууруулдаг. Хар ногоон навчит ургамал, цитрус жимс, үр жимсэнд агуулагддаг.

  1. Холин

Ургийн тархи, нугасны гаж хөгжлөөс сэргийлдэг ба энэ нь жирэмсний витаминд агуулагддаггүй, хоол тэжээлээр нөхөх шаардлагатай байдаг. Өндөгний шар уураг нь хамгийн ихээр холин агуулдаг ба жирэмсэн, хөхүүл үедээ өндөгийг аюулгүй байдлаар бэлдэн хэрглэхийг зөвлөж байна. Мөн төмс, үр тариа, маханд агуулагддаг. Амьтдад хийгдсэн судалгаагаар, жирэмсэн үед холин хангалттай хэрэглэх нь хүүхдийн оюун ухааны хөгжилд сайнаар нөлөөлдөг болохыг тогтоосон байдаг.

  1. Төмөр

Жирэмсэн биш эмэгтэйд хоногт 18 мг төмөр шаардлагатай байдаг бол жирэмсэн үед 27 мг хэрэгцээтэй болдог. Энэ нь дараах хэд хэдэн шалтгаантай.

Улаан маханд хамгийн ихээр төмөр агуулагдах ба амьтны гаралтай бүтээгдэхүүнд агуулагдах төмөр нь хүний биед шингэхдээ хялбар байдаг.

  1. Кальци

Таны хэвлий дэх хүүхдийн ясжилт, шүдлэлтэнд кальци нэн шаардлагатайгаас гадна таны өөрийн зүрх судас, булчин, цус, мэдрэлийн системийн үйл ажиллагаанд оролцдог. Өдөрт дор хаяж 3-4 аяга тослоггүй сүү эсвэл тараг ууснаар тухайн хоногийн кальцийн хэрэгцээг хангаж чадна гэж үздэг. Жирэмсэн, хөхүүл үедээ төдийгүй цаашдаа бүхий л амьдралын туршид сүү, сүүн бүтээгдхүүнийг тогтмол хэрэглэж заншаарай.

  1. Д витамин

Энэхүү амин дэм нь ургийн ясжилт, шүдлэлтэнд оролцдог кальци, фосфорын солилцоонд зайлшгүй шаардлагатай. Витамин Д дутагдсанаас:

Сүүлийн жилүүдэд Д амин дэмийн дутагдлыг зохистой нөхсөнөөр олон өвчин, эмгэгээс (чихрийн шижин, хэрэх төст өвчин, яс үений үрэвсэл, бүдүүн шулуун гэдэсний хавдар, цусны даралт ихсэх өвчин, буйлны эмгэг гэх мэт ) сэргийлж болох талаар эрдэмтэд  судалж, тогтоогоод байна. Монгол эмэгтэйчүүдийн дунд хийгдсэн судалгаагаар  ялангуяа хаврын улиралд нөхөн үржихүйн насны ихэнх эмэгтэйчүүдэд Д аминдэм дутагдалтай байжээ. Иймд эмч таны цусан дах Д амин дэмийн хэмжээг тодорхойлсноор нэмэлтээр уух шаардлагатай эсэхийг танд зөвлөнө.