TORCH-ийн халдвар гэж юу вэ?

Лхагва, 22 5 сар 2019 02:36
Print

Жирэмсэн үед эхээс урагт олон төрлийн халдвар дамжих магадлалтай байдаг. Эдгээр халдваруудаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэд хэдэн шинжилгээ хийдэг ба үүний нэг нь TORCH-ийн шинжилгээ юм.

TORCH нь жирэмсэн эхэд өвчин, урагт ургийн гажиг үүсгэдэг бүлэг халдваруудын нэрний товчлол юм.

TORCH-ийн халдваруудад:

T – Токсоплазм

O – (others) бусад – тэмбүү, варицелла-зостер вирус, парвовирус Б19, ДОХ

R – Рубелла вирус

C – Цитомегаловирус

H – Херпес вирус зэрэг халдвар үүсгэгчид ордог.

Дээрх халдвараар халдварлагдсан ураг нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, дүлийрэл, оюун ухааны хомсдол, зүрхний гажиг, таталт, шарлалт, тромбоцитопени зэрэг эмгэгтэй төрөх эрсдэлтэй.

Энэхүү шинжилгээгээр халдварын эсрэг биеийг илрүүлэхийг зорих бөгөөд эхийн саяхан авсан халдвар, өмнө нь авч байсан халдвар, огт халдварлагдаж байгаагүй зэрэг мэдээллийг авч болох юм.

TORCH-ийн халдвараар үүсгэгдсэн өвчин

Tоксоплазм нь шимэгчийн халдвар бөгөөд эхээс урагт ихсээр, хоол боловсруулах замаар дамждаг. Toxoplasma gondii халдвар үүгэгч нь нүд болон төв мэдрэлийн системийн өвчин үүсгэнэ. Хэрэв жирэмсэн үед олдмолоор халдвар авсан тохиолдолд үр зулбах эсвэл ургийн гажиг үүсгэх аюултай. Энэхүү халдвар нь ихэвчлэн тэжээвэр амьтан, түүхий мах, өндөг зэргээс халдварлагддаг.

РУБЕЛЛА нь улаанууд гэх өвчин үүсгэгч вирус юм. Жирэмсний эхэн үед халдвар авбал урагт зүрхний өвчин, өсөлтийн гажуудал, хатгаа, цусны эмгэг үүсгэх магадлалтай. Цаашид халдвар авсан хүүхдэд төв мэдрэлийн системийн эмгэг, дархлал хомсдолын эмгэг, бамбайн эмгэг зэрэг үүсч болно.

ЦИТОМЕГАЛОВИРУС нь херпес вирусийн бүлгийн халдвар юм. Эхээс урагт төрөх замаар, нярайд хөхний сүүгээр дамжих магадлалтай байдаг. Энэхүү халдвараар халдварлагдсан урагт сонсголын эрхтэний эмгэг, харааны эмгэг, оюун ухааны хомсдол, хатгаа зэрэг өвчнүүд үүсч болно.

ХЕРПЕС вирус нь бидний сайн мэдэх хомхоо үүсгэгч вирус билээ. Херпес вирус нь 1,2 дугаар типтэй бөгөөд тип 1 нь уруул амны хомхоо, тип 2 нь бэлгийн хомхоо үүсгэдэг. Уг халдвар нь төрөх замаар, хоол боловсруулах замаар болон шууд замаар халдварлагдана. Иймээс бэлгийн хомхоотой эхээс нярай төрөх замаар халдвар авах боломжтой байдаг. Херпес вирус нүд болон арьсны шархлаа, төв мэдрэлийн системийн эмгэг, оюун ухааны хомсдол зэрэг өвчин үүсгэдэг.

Шинжилгээнд хэрхэн бэлдэх вэ?

TORCH-ийн шинжилгээ өгөх шийдвэрийг жирэмсний хяналтын эмч шийддэг. Хэрэв та TORCH-ийн шинжилгээ өгөх гэж байгаа бол үдээс өмнө хөнгөн хоололсон, тайван байх нь зохимжтой.

Шинжилгээг хэрхэн авдаг вэ?

TORCH-ийн халдварыг ихэвчлэн эх болон нярайн венийн цуснаас авч шинжилдэг.

Шинжилгээний хариу юу илэрхийлдэг вэ?

TORCH-ийн шинжилгээний хариунд ихэвчлэн эерэг, сөрөг гэсэн дүгнэлтүүд байдаг. Үүнд халдвар бүрт IgG, IgM гэх эсрэг бие байгаа үгүйг харуулна. IgM эсрэг бие нь хурц халдварыг,  IgG эсрэг бие нь архаг халдварыг илэрхийлдэг.