"ОЛОН УЛСЫН РОТАРИ САНГИЙН ТӨСӨЛ" ЯПОН УЛСЫН КОКЕН БРЭНДИЙН ӨНДӨР ХҮЧИН ЧАДАЛТАЙ НЯРАЙН СЭХЭЭН АМЬДРУУЛАЛТЫН МУЛЯЖИЙГ ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛИЙН ХАМТААР ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

Мягмар, 17 9 сар 2019 06:53
Print

Монгол улсад төрөөс хүн амын эрүүл мэндийг сайжруулах талаар хэрэгжүүлж буй олон арга хэмжээний дунд сүүлийн жилүүдэд нялхсын эндэгдэл өндөр хэвээр байна. Нярай эндэгдэлийг бууруулахад төрөх өрөөнд эх барихын тусламж үйлчилгээ үзүүлэгч эх баригч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар, хандлагыг өөрчлөх, ялангуяа нярайн сэхээн амьдруулалтын ур чдварыг эзэмшүүлэх дадлага, сургалт явуулах зайлшгүй шаардлагатай байна.

Энэхүү шаардлагын хүрээнд Олон улсын Ротари сан, Япон улсын Гинован Ротари, Ёкохама-Каназава Ротари, Монгол улсын Туул Ротари клуб, Монголын эх баригчдын нийгэмлэг хамтран “Happy birth and Happy baby” төслийг хэрэгжүүлэхээр эхэллээ.

Төслийн нээлтийн үйл ажиллагаа 2019.09.14-ний өдөр Бямба гаригийн 10:00 цагт Блью скай кочид буудлын “Кристал”  танхимд болж ЭХЭМҮТ, 21 аймгийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Өргөө амаржих газар, Хүрээ амаржих газар, Амгалан амаржих газрын дарга нарт  Япон улсын Кокен брэндийн өндөр хүчин чадалтай нярайн сэхээн амьдруулалтын муляжийг дагалдах хэрэгсэлийн хамтаар гардуулан өглөө.

Төслийн албан ёсны нээлтэнд Японы Гинован, Ёкохама-Каназава клубын ротаричууд, төслийг хэрэгжүүлэгч Туул ротари клубын ротаричууд, Япон улсын элчин сайдын яамны төлөөл, Японы эх баригчдын нийгэмлэгийн төлөөлөл, Монголын эх баригчдын нийгэмлэгийг төлөөлөл, албаны бусад хүмүүс оролцлоо.

Төслийн хүрээнд Эх баригч сургагч багш бэлтгэх “Нярайн зүрх, уушигны амилуулах тусламж” сэдэвт сургалтыг 2019 оны 9-р сарын 16-аас 19-ний өдрүүдэд зохион байгуулж байна.