СОЁЛЫН ДОВТОЛГОО ЦУВРАЛ ХИЧЭЭЛ №1-6

Баасан, 01 2 сар 2019 02:00
Print

СОЁЛЫН ДОВТОЛГОО ХИЧЭЭЛ  №1: Лифтэнд суух, буух

11 давхар руу өгсөх замдаа 3 удаа зогсож хүн авлаа. Тэд намайг буулгаад бүгд доошоо явлаа” гэсэн инээдэмтэй ч юм шиг эмгэнэлтэй ч юм шиг явдал хэд хоног нийгмийн сүлжээгээр цацагдсан.

Лифт захиалж товчлуурыг дарахдаа та хэддүгээр давхарт зогсож байгаагаас үл хамааран явах чиглэлийнхээ товчлуурыг дарах учиртай. Өөрөөр хэлбэл та дээшээ явах гэж байгаа бол нэгдүгээр давхарт зогсож байгаа тохиолдолд “дээшээ” товчлуурыг дарна. Харин доод давхар руугаа буух гэж байгаа бол лифтний “доошоо” товчлуурыг дарах юм. Зарим хүн "би нэгдүгээр давхарт зогсож байгаа учир лифтийг доод давхар руу дуудаж байна, тиймээс доошоо товчлуурыг дарж байж лифтийг дуудна. Ирэхээр нь дээшээ явна" гэж андуурдаг. Энэ тун буруу ойлголт юм шүү.

Мөн та лифт ирэхийг хүлээн зогсохдоо хаалганы онгойх хэсгийг бүү хааж зогсоорой. Учир нь лифтнээс хүмүүс бууж ирэх магадлал өндөр тул та тэдэнд зай тавин баруун гар талаа эзлэн зогсох бөгөөд хүмүүс бууж дууссаны дараа лифтэнд суугаарай. Хүмүүст зай тавин өгч буулгахгүйгээр та дотогш нэвтрэх боломжгүй шүү дээ.

Лифт таныг орхиод явчихна гэж сандрах хэрэггүй. Хаалга нь хаагдах болоход товчлуурыг дахин дарахад хаалга дахин онгойх болно.

Лифтэн дотор та товчлуураас хол зогслоо гээд мөн сандрах хэрэггүй. Товчлуурын ойр зогсож байгаа хүнд хэддүгээр давхрын товчлуурыг дарж болохыг эелдгээр хэлэхэд таны хүссэн давхрын тоон дээр дарж өгнө гэдэгт эргэлзэхгүй байна.

СОЁЛЫН ДОВТОЛГОО ХИЧЭЭЛ  №2: Хоггүй хотод амьдарвал хичнээн сайхан.

Дээрх шог зураг амьдрал дээр олон тохиолддог. “Энэ хогийг яана аа, арай дэндүү юм аа” гэж уулга алддаг хэр нь хүний нүд хариулж байгаад хогоо чулуудчихдаг хүн олон. Олон гэж яаж мэдэж байгаа юм гэж үү. Хаашаа л харна хөглөрч буй хогийг хараад л тэр.

Дээр нь боловсон, соёлтой байна гэдэг боловсрол эзэмшсэн дипломоор үнэлэгддэггүй. Хөдөөний хүн хотод ирээд бусдын тав тухыг бодоод хогоо халааслаад явж байхад, хэд хэдэн сургуулийн диплом өвөртөлж, ганган сайхан хувцасласан мөртлөө идсэн чихрийн цаас, уусан ундааныхаа савыг чулууддаг нэгэн бий.

Заавал бид бусдын хаясан хогийг түүгээд л эх оронч, энэрэнгүй сэтгэлтэн, нийгмийн баатар болох гээд байх шаардлага байхгүй. Бид "тарьсан" хогоо өөрөө цэвэрлэчихдэг, бусдад “хог битгий хаяач ээ” гэдгийг ойлгуулчихдаг бол л болох нь тэр. Тэгж чадвал Азийн цагаан дагина Улаанбаатарт амар сайхандаа жаргаж, аж төрөөд байна гэсэн үг.

Энэ удаагийн Соёлын довтолгоо хичээл №2 “Хог” сэдвийн дор та бүхэнд хүрэх болно.

1.Намар-самар-хог

Намар болохоор самар гараад, самар харахаар идмээр санагдаад байна уу. Идэж бололгүй яах вэ. Гэхдээ гэртээ хариад идэх хэрэгтэй. Намрын улиралд хамгийн их нүдэнд “хүйтэн” харагддаг хог бол самрын яс. Хаа сайгүй л хуруугаа хөхөж, хог “үйлдвэрлэсэн” хүмүүс. Эцэст нь хотын гудамж намрын шар навчсаар бус самрын ясаар “гоёж” байна. Ил задгай борлуулж буй самрыг угааж, цэвэрлэлгүй өөрөөр хэлбэл гадаа идсэнээс болж гэдэсний халдварт өвчин үүсэх шалтгаан болдог. Өөрийгөө хордуулж, өрөөл бусдад таагүй сэтгэгдэл төрүүлэн байж гадаа гудамжинд самар идэх шаардлагагүй. Бүр самар цөмөхгүй л бол тэсэхгүй байвал ядаж самрынхаа ясыг уутанд хийж байхыг зөвлөе.

2.Энд орох уу тэнд орох уу

Нэг үеэ бодвол нийслэл хотод маань хогийн сав олон болжээ. Харин хогийн саванд хог хийхдээ та нүдээ аньж байгаад шидчихдэг юм биш биз? Зарим хогийн сав хоёр тасалгаатай байдаг.

Дахивар ба энгийн гэсэн. Дахивар гэдэг нь дахин боловсруулж болох ундаа, усны сав. Харин энгийнд бусад хог хаягдлыг хийдэг гэдгийг сануулахад гэмгүй болов уу. Хэрэв хоёр тасалгаатай хогийн савны бичиг нь арилсан бол ногоон тэмдэглэгээтэй хэсэг нь дахин боловсруулах харин улаан тэмдэглэгээтэй нь энгийн хог хаягдал хийх хэсэг нь юм шүү.

3.Орц бол таны гэрийн нэг хэсэг

Паартай байшин паалантай жорлонд амьдардаг хүмүүст хогийг хэрхэн хаях талаар өгөх зөвлөгөө байна. Орц бол таны гэрийн нэг хэсэг гэдгийг ойлгож ухаараагүй нэг хэсэг хүн байна. Гэрээсээ л хогоо гаргаж байвал болох нь тэр гэж боддог бололтой.

Хажуу айлынхаа хаалганы хажууд хогоо тавьдаг, орцондоо гаргаад шидчихдэг хүмүүс байвал энэ бүдүүлэг хэрэг шүү. Хогоо хаяхдаа амсрыг нь сайтар боогоод хогийн бункер, хэрэв байхгүй бол хогийн цэгт хаяж заншаарай. Зарим байрнууд хогийн бункер, хогийн цэггүйгээс болоод шонгийн мод эсвэл хэн нэгний хаясан хогон дээр давхарлан тавих нь бий. Хэрэв ийм асуудал танд байдаг бол сууц өмчлөгчдийн холбоондоо хандаж хогийн битүү цэг байгуулахыг шаардах хэрэгтэй. Учир нь та бүхний тав тухтай байдлыг хангах гэж сар бүр хураамж авдаг шүү дээ. Дээрээс нь цонхоороо хогоо шиддэг айлууд бас бий. Цонх бол өргөө гэрт тань гэрэл гэгээ, салхи оруулах зориулалттай болохоос биш хог хаядаг “нүх” биш.

4.Миний машин ямар хогийн сав уу

Та арай ингэж бодож байгаа юм биш биз. Таны машин хогийн сав биш бол Улаанбаатарын гудамж, талбай бүр биш шүү. Ганган сайхан машиныхаа цонхоор ус ундааныхаа савыг чулуудаж байгаа бол Та их хотын соёлтой нэгэн хэрхэвч биш гэдгийг ойлгож, ухаарна уу.

 СОЁЛЫН ДОВТОЛГОО ХИЧЭЭЛ  №2: Баруун гарын дүрэм

Арван жилд байхад багш нарын “Баруун гарын дүрэм, баруун гарын дүрэм” гэж ягштал сануулдаг байсан үеийг мартсан хүмүүс бишгүй байх шиг байна энэ хотод. Дэлгүүр хоршоо, ер нь хаа газар шатаар өгсөх уруудахад баруун гар талаа дагаад явбал солонгос кино шиг зөрж чадахгүй чи наашаа, би цаашаа гэдэг асуудал үүсэхгүй шүү дээ.

Зам хөндлөн гарахдаа баруун гар талаа баримтлаарай

Ялангуяа ногоон гэрлээр зам хөндлөн гарах үед баруун гарын дүрмээ баримталдаггүйгээс яг л “америк хөлбөмбөг” тоглох гэж байгаа хүмүүс шиг өөд өөдөөсөө тулан, мөргөлдөхөөс  наахнуур болно.

Урсдаг шатаар явахдаа баруун гар талаа баримтална

Урсдаг шатны өргөн зэрэгцэж зогссон хоёр хүний хэмжээтэй ижил. Энэ нь урсдаг шатаар зорчихдоо зэрэгцээд зогс гэсэн үг биш. Харин аль нэг тал, ихэвчлэн баруун гар тал уруугаа шахаж зогсоод зүүн гар талаар нь яарсан хүмүүст явах зай гаргаж өг гэж байгаа юм. Гэтэл манайд олон хүн яг голд нь зогсчихдог. Олон янзын шалтгаанаар яарч буй тэр хүнд та саад болохыг хүсэхгүй байгаа биз дээ. Зөвхөн урсдаг шат гэлтгүй ер нь шатаар өгсөхдөө баруун талаа, буухдаа мөн баруун талаа барьж яваарай.

Гудмаар алхахдаа ч баруун гар талаа барьж явна

Өргөн уудам нутагтайгаасаа болдог юм уу Монголчууд цуварч явах дургүй улс. Сугадалцаж, хэлхэлдээд л хориглолт хийж байгаа улс мэт явах нь олон. Гэтэл хотын гудамж маань өдөр ирэх тусам нарийсч байгааг Та бүхэн харж байна. Тиймээс бусдадаа төвөг удахгүй байх үүднээс баруун гар талаа барин /мөн л нөгөө талд хүмүүс явах боломжийг бий болгоно/ цувраад явж байгаарай. Хоёул, гурвуул гудамж хөндөлсөн явах, ганцаар атлаа мөн хойд талынхаа хүмүүст боломж олголгүй зам хөндөлсөн алхах, олон хүнтэй гудманд явж байгаад гэнэт зогсох зэрэг нь бүдүүлэгт тооцогдоно. Учир нь та хөдөө талд ганцаар явж байгаа бус олон хүн ажиллаж, амьдардаг том хотод амьдарч байгаа гэдгээ бүү мартаарай.

Хаалгаар гарч байгаа хүмүүст зай тавьж өгнө

Хаалгаар орж гарахад мөн баруун гарын дүрэм шаардлагатай. Та баруун гар талдаа байрлалаа эзлэснээр хаалгаар гарч байгаа хүмүүст зай тавьж өгнө. Хаалгаар хүмүүс гарсны дараа та орох учиртай. Тиймээс хаалгаар гарч байгаа хүмүүстээ юун түрүүнд зай тавьж өгч байгаарай.

Хотын хүн танд амжилт хүсье.

Олонтойгоо амьдрах гэдэг асар их хариуцлага, соёл шаардсан ажил. Та хувийн эдлэндээ лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү таны дур байж болох ч орон сууцанд бол өөр хэрэг. Таны хар гэртээ хаан, бор гэртээ Богд байх эрх чөлөө хажуугийн айлын хаалганы яг наахна дуусгавар болно.

Бид энэ удаад Соёлын довтолгоо хичээлээрээ орон сууцанд хэрхэн соёлтой аж төрөх талаар зөвлөх болно.

 СОЁЛЫН ДОВТОЛГОО ХИЧЭЭЛ  №3: Паалантай жорлон, паартай байшинд амьдрах нь.....

БАЙРНЫ ЧИНЬ ОРЦ ТАНАЙ ГЭРИЙН ҮҮД ЮМ...

Орцны үүдэнд, лифтэн дотор, шатны хажууд хогоо тавьдаг байсан айлууд бүр сүүлдээ айлын хаалганы гадна хогоо авчраад шидчихдэг болчихсон байна шүү хэмээн хөрш маань ярилаа. Нээрээ л бункер онгойлгоод хогоо хийх, доод давхар луу буугаад хогоо хаяхаасаа ч залхуурдаг хүмүүс олширч. Бараг л хаалгаа онгойлгоод “хаана буухыг гарын хүч мэд” гээд л шидчихдэг гэхэд хилсдэхээргүй орцнууд байна.

Үүнээс гадна нар, салхи үзэх зориулалт бүхий цонхоор хог хаяхыг хатуу хориглоно. Таны хаясан хог хэн нэгний эд хөрөнгөд хохирол учруулж болох юм шүү.

Хогтой холилдох уу, цэвэрхэн амьдрах уу гэдэг иргэн бүрийн хүчин чармайлтаас шалтгаалдаг юм шүү. Дээр нь лифтэнд нусаа нийх, шүлсээ хаях, орцонд тамхи татахыг “цээрлэх” хэрэгтэй.

БУЯН УУ ЭСВЭЛ...

Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд хэмээн тэнгэр бурхандаа өргөдөг цай, сүүний дээж маань бусдын уур бухимдлыг төрүүлдэг байж болохгүй.

Ямар сайндаа л орцны үүдэнд гуйсан, уурласан, занасан ил захидлууд хөвөрч байх вэ дээ.

Ёс заншил, уламжлалаа өвлөнө гэдэг сайн хэрэг. Гэвч суурин амьдралд нийцүүлэх шаардлагатай зүйлс гэж бий. Түүний нэг нь дээр дурдаад буй цайны дээж өргөх ёс.

Цонх, тагтнаасаа дээж өргөж байгаа иргэд бусдын эд хөрөнгийг бохирдуулан, бухимдлыг төрүүлж байгаагаа ойлгож, ухааран гэрээсээ гарч ёсыг ёс чигээр нь үйлдэх хэрэгтэй.

Нэмж хэлэхэд машин дээр дуссан сүүний толбо энгийн арчилтаар арилах нь ховор. Учир нь сүүний найрлаганд уураг, тос, лактоз мөн бусад микро элэментүүд байдаг учраас машин дээр толбо тогтож, угаалгын газар очихоос өөр сонголт үлдээдэггүй гэдэгтэй жолооч нар санал нийлэх биз ээ.

“БОЛД ОО, БИ ИРЧИХЛЭЭ”

Ногоон гэрэл асангуут л “хүүш гэрэл асчихлаа, яваач” гэж "ярьдаг" шигээ байрны гадаа бас дуут дохиогоор "ярьдаг" хүмүүс бий. Болдоо би ирчлээ, хурдан яваач ээ зэрэг харилцан ярианаас эхлээд амьдралаа тэд сигналаар хүүрнэн өгүүлдэг.

Тэд өлгийтэй бяцхан үрсээс эхлээд өтөл буурайн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа нь соёлын ямар түвшинд байгаагаа харуулдаг.

Уг нь Замын хөдөлгөөний дүрэмд зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, суурин газрын гаднах замд гүйцэж түрүүлэх үедээ бусад жолоочид анхааруулах зорилгоор дуут дохио хэрэглэхийг зөвшөөрч бусад үед дуут дохио ашиглахыг хориглоно гэсэн байдаг.

Тиймээс орон сууцны гадна дуут дохио ашиглахаасаа өмнө хүүхэд унтаж байх вий, хөгшид амарч байх вий гэж нэг бодоод үзээрэй.

 ТА ХЭН НЭГНИЙ АМЬ НАСАНД "ЗАНАЛХИЙЛЖ" БАЙГАА ЮМ БИШ БИЗ

Байрныхаа гадаа машинаа тавих гэж байгаа бол та эхлээд сайн хараарай. Орцны үүд хаагаад машинаа байрлуулах гэж байгаа юм биш биз. Хүүхдээ салхилуулахаар хүүхдийн тэрэг түрээд гарч буй ээжүүд, хөл муутай хөгшдийн замыг хаасан эсэхээ шалгаарай.

Муугаар бодоход хүний бие муудаад түргэн тусламж дуудахад яаралтай үйлчилгээ үзүүлэхэд саад болохоор газарт машинаа битгий тавиарай гэж сануулж байна. Ихэнх байр машины зогсоол муутайгаас болоод аргаа барсан жолооч нар гэртээ орж чадахгүй болтол машины хааж тавьсан харагддаг учраас үүнийг сануулж байгаа юм шүү.

Зогсоол ярьсных байрны гадаа машинаа тавихдаа аль болох бусдадаа саад болохгүй, зай бага эзлэхээр тавьж байгаарай. Мөн яалт ч үгүй хэн нэгний машиныг хааж тавихаар бол атга цаас олоод дугаараа бичиж үлдээхээ мартав аа.

 СОЁЛЫН ДОВТОЛГОО ХИЧЭЭЛ  №4: Кино театрт биднийг юу бухимдуулдаг вэ...

Алжаал, ядаргаагаа тайлах, анд найз, гэр бүлийнхэнтэй цагийг зугаатай өнгөрүүлэхээр кино, жүжиг, дуурь юу ч юм үзэж суутал хэн нэгний утасны хонх чанга гэгч нь “орилох” тэр мөчийг үгээр хэлэхийн аргагүй.

Утас нь дуугарсан “эрхэм” дуудлагыг таслалгүй “Ярих боломжгүй байна. Дараа ярья” гэхэд таны уур бухимдал, гомдол, цөхрөл нэгэн зэрэг хөдөлж, хүүхэлдэйн кинон дээр гардаг уурын яндан шиг л болдог биз дээ?

Энэ мэтчилэн өнөөх амрах, сэтгэлийн таашаал эдлэх сайхан цаг хугацаа хэн нэгний бүдүүлэг, соёлгүй байдлаас болж нуран унах нь бий. Ингээд л уур хүрсэн тэр хэсэг цаг мөч, түүний дараах хэсэг хором ч утгагүй болдог гэдэгтэй та санал нийлэх байх. Тэгвэл бид энэ удаагийн хичээлээрээ кинотеатрт хэрхэн бусдад саад болохгүй байх талаар мэдээллийг хүргэж байна.

Яалт ч үгүй хоцорсон бол уучлалт гуйгаад, хүмүүсийн хажуугаар зөрөхдөө нүүрээ хүн рүү нь харуулж зөрөхийг хичээгээрэй


Театрт хүмүүсийг тавгүй болгодог хамгийн эхний зүйл бол ЦАГААСАА ХОЦРОХ. Яг сайхан тухлаад суучихсан, кино эхэлчихсэн байхад гэрэл тусгаад л орж ирнэ дээ. Тэгээд уучлаарай ч байхгүй бүр дээр нь яг нүүрэн дээр бөгсөө “наачихна” гээч. Хэрэв та кино үзэхээр шийдсэн бол аль болох цагаасаа хоцрохгүй байхыг хичээх хэрэгтэй. Яалт ч үгүй хоцорсон бол уучлалт гуйгаад, хүмүүсийн хажуугаар зөрөхдөө нүүрээ хүн рүү нь харуулж зөрөхийг хичээгээрэй.

ХҮҮХЭД ХАРАХ ХҮНГҮЙ БОЛ КИНО ҮЗЭХ ШААРДЛАГАГҮЙ. Ингэж хэлэхэд хатуудахгүй болов уу. Кино театрт тасалбар болон танилцуулга дээр хэдэн наснаас дээш хүн үзэх боломжтой талаар мэдээлэл байдаг. Гэвч зарим хүн том хүний кинон дээр бага насны хүүхэдтэйгээ орох, аймшгийн, адал явдалт гэх мэт дуу чимээ ихтэй кинонд нярай хүүхдээ дагуулан ирэх нь бий. Нялх хүүхэд нь дуу чимээнд дэрхийн цочиж уйлахтай та ч бас таарсан биз ээ. Энэ мэтчилэн асуудлаас болж нэг танхимд үзвэр үзэж буй хүмүүст тухгүй байдал үүсдэг гэдгийг анхаарахад илүүдэхгүй.

Дараагийн зүйл кинотеатрт орж ирсэн л бол УТАСНЫХАА ДУУГ ХААГААРАЙ. Дээр дурдсанчлан гэнэт л элдэв янзын утасны хонх “чарлаж”, аваад хэлж байгаа үг нь “Завгүй байна дараа ярья”. Хэрэв та утсаар ярих боломжгүй бол таслаад автоматаар хариу илгээх шийдлийг ухаалаг утас хэдийнэ олгочихсон шүү дээ.

Кинотеатрт бас нэг зүйл үнэхээр тавгүй байдлыг бий болгодог. Энэ нь СУУДЛЫН АРААС ӨШИГЛӨХ. Зай багатайн улмаас ийм зүйл тохиолдоод байна уу эсвэл өөр шалтгаан байна уу гэдгийг мэдэхгүй. Ямартай ч таны өмнө хүн сууж байгаа гэдгийг санаад аль болох хөлөөрөө урд талынхаа суудалд хүрэхгүй байхыг хичээгээрэй.

Хэрэв та утсаар ярих боломжгүй бол таслаад автоматаар хариу илгээх шийдлийг ухаалаг утас хэдийнэ олгочихсон

Төгсгөлд нь ХОГ. Кино дууслаа та уусан ундааны сав, идсэн корныхоо хайрцгийг суудлынхаа дор “мартчихсан” юм биш биз. Мэдээж дараагийн үзвэрээс өмнө цэвэрлэгээ хийх нь ойлгомжтой хэдий ч та өөрийнхөө тарьсан хогийг аваад гарах хаалганы дэргэдэх хогийн саванд хийчихвэл бусдад үнэхээр сайхан санагдахаас гадна танд ч сайхан сэтгэгдэл үлдэнэ гэдэгт итгэлтэй байна. Үзвэр дууссаны дараа гэрэл асахтай зэрэгцээд л чихцэлдчихнэ. Түүний дараа танхим дүүрэн хог үлдэж байгааг харах ямар “сэтгэл өвтгөсөн” хэрэг гэдгийг хэлэхэд илүүдэхгүй болов уу.

За тэгээд амралтын өдрүүд ч хаяанд ирлээ. Кино үзэхээр шийдсэн бол бидний бэлтгэсэн бяцхан хичээлийг санахад илүүдэхгүй биз ээ.

СОЁЛЫН ДОВТОЛГОО №5 Та зогсож болно, гэхдээ бусдад СААД БОЛОХГҮЙГЭЭР...

Их хотын хүмүүс дандаа л яарч явдаг. Тиймээс хаалга, орц, гарц, шат таглан яах гээд байгаа нь мэдэгдэхгүй зогсох, утсаар ярих, юм зарах зэрэг үйлдлийг хийхгүй байхыг хичээгээрэй.

Морьтой давхиж яваад дуртай газраа зогсох, эргэх, буугаад морь харах, орхиж явах гэх мэт үйлдэл нь одооноос даруй зуун жилийн өмнөх билээ.

АВТОМАШИНЫ ЗОГСООЛЫН ТУХАЙ

Орон сууцны барилга, оффисуудын хонгилын давхарт байрлах автомашины зогсоол бүр нь эзэнтэй байдаг. Одоогийн ханшаар нэг айл 10-20 саяар тэрхүү зогсоолыг худалдан авдаг. Тиймээс та орон сууцны хонгилд зогсоол худалдан аваагүй л бол автомашинаа байрлуулж болохгүй. Мөн гадаа байрлах гараажууд ч хүний эзэмшил тул хаалгыг нь хааж зогсохыг хориглодог.

Явган хүний гарц, орцыг хааж зогсож болдоггүй. Учир нь том хотод олон хүн амьдардаг тул тэдний дотор хүүхдээ тэргэнд түрсэн эсвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч зорчдог. Тухайн хүмүүст саад болохгүйгээр автомашинаа байршуулах ёстой.

Муугаар бодоход хүний бие муудаад түргэн тусламж дуудахад яаралтай үйлчилгээ үзүүлэхэд саад болохоор газарт машинаа битгий тавиарай гэж сануулж байна. Хэрвээ тухайн орчинд байршуулах газар олдохгүй бол холхон газарт машинаа байршуулаад өөрөө алхаж яваарай.

Замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашин гэнэт зогсох ослын шаардлага гараагүй л бол зогсох учиргүй. Та зогсохоор шийдсэн бол мэдээж дохиогоо өгөөд, эгнээ байраа зөв эзэлнэ.

ЯВГАН ХҮМҮҮСТ Ч ЗОГСОХ ХАМААТАЙ ЮУ?

Явган явж буй хүмүүст ч хэзээ, хаана зогсох нь хамаатай. Хэрвээ та тасралтгүй үргэлжлэх хүмүүсийн урсгал дунд явж буй бол гэнэт зогсох, гэнэт эргэж буцах үйлдэл нь арын хүмүүсийг гэмтээхэд ч хүргэж болзошгүй. Тиймээс гэнэт зогсохоор болсон бол алхалтаа аажмаар удаашруулан хажуу тийш зам тавин зогсох ёстой.

Та хээр талд ганцаараа яваагүйн учир яах нь мэдэгдэхгүй гэнэт зогсох, утсаар ярих нь бусдад саад болсон, бүдүүлэг зан үйлд тооцогдоно гэдгийг битгий мартаарай.

Аливаа газар зогсож байхдаа та бусдад садаа болохгүй байх учиртай. Урт үстэй бол зэрэгцээ хүндээ хүрэхүйцээр үсээ сэгсрэх, шудрах, хувцсаа дүүгүүрдэх гэх мэт үйлдлүүдээс татгалзаарай.

Хотын хүн танд амжилт хүсье.

СОЁЛЫН ДОВТОЛГОО №6 Шоолж байсан хүмүүстэйгээ адил сэжиг хүрэм болжээ..

Ерээд онд ганзагын наймаа дөнгөж эхлээд байлаа. Хил даван, урд хөршийг зорьж наймаа арилжаа хийгсэд маань эх орондоо буцаж ирэхдээ элдвийг гоочлон, шоолон ярьдаг байв. Тэдгээр ярианы нэг нь “хятадууд хаа таарсан газраа нус, цэрээ шууд хаячихдаг” хэмээн ихэд сэжиглэн, муучлана.
Харамсалтай нь одоо бид өөрсдөө 1990-д оны эхэн үеийн сэжиглэн, шоолон ярьдаг байсан хятадууд шигээ болжээ.
Улаанбаатар хотын гудмаар хөл гишгэхийн аргагүй шүлс, нус, цэр. Хамгийн сонирхолтой нь, өнөөх Эрээний хятадууд чинь одоо соёлжчихсон шүү. Эрээний гудманд та шүлс, цэрийг Улаанбаатарын гудманд хардаг шигээ харна гэвэл ёстой эндүүрэл.
Улаанбаатар хотынхоо гудамжаар нэг их сайхан зүйл бодчихсон жаргалтай нь аргагүй алхаж явтал гэнэт хажуу талд хүр хар хийх чимээ гараад цочин харвал нэгэн этгээд цэрээ хаяахтай таарна. Эс бөгөөд нэг этгээд гэнэт зүүнээс гарч ирээд урдхан талд тань нэг хамрынхаа нүхийг дарж байгаад нөгөө талаар нь нусыг бол суга нийнэ дээ. Сурамгай гэж...
За тэгээд гудамж талбай, орц хонгил ер нь 24/7 гэдэг шиг л хаана ч хэзээ ч нус, шүлсийг хайр гамгүй гадагшлуулдаг хүмүүс бий. Хүүхдийн тоглоомын талбай дээр хүртэл шүү. Тиймээс таны ялгаруулж буй тэдгээр зүйлс ямар сөрөг үр дагавартай талаар мэдээллийг хүргэе.
ГУДАМЖИНД ШҮЛСЭЭ ХАЯСНААР ТА БУСДАД ХАЛДВАРТ ӨВЧИН ТАРААЖ БАЙГААГАА МЭДЭХ ҮҮ


Шүлсний найрлагад асар олон хортой бодисууд агуулагдаж байдаг бөгөөд шүлсээ хаяснаар янз бүрийн халдварт өвчин халдааж болдог байна.
"Хүн шүлсээ хаяснаар бусдад маш олон төрлийн халдварт өвчин тараадаг. Шүлсээр дамжин халдварлах маш олон өвчин бий. Эдгээрийн нэг нь сүрьеэ. Сүрьеэ өвчин агаараар дамжин хүнээс хүнд халдварладаг. Монголын хүн амын гуравны нэг нь сүрьеэгийн халдвартай. Тухайн гуравны нэг хэсгийн 10 хувь нь өвдөх эрсдэлтэй хүмүүс гэсэн судалгаа байдаг аж. Цэр, шүлсээ ил хаях нь бусдад сүрьеэ халдааж буй гол үзэгдлийн нэг” гэдгийг ХӨСҮТ-ийн эмч Б.Болысхан хэлж байна.
Хаа сайгүй харагдах өнгө бүрийн нус, цэр, шүлс нь хөрсөнд шингэснээр элдэв төрлийн нянгийн амьдрах таатай орчинг бий болгодог
Сүрьеэгээс гадна томуу, томуу төст өвчин үүсгэдэг бүх вирусүүд шүлсээр дамжин халдварлах боломжтой байдаг аж.
Ерөөс хаа сайгүй харагдах өнгө бүрийн нус, цэр, шүлс нь хөрсөнд шингэснээр элдэв төрлийн нянгийн амьдрах таатай орчинг бий болгодог.
Шинжлэх ухааны академийн Газарзүйн хүрээлэнгийн эрдэмтдийн Улаанбаатар хотын хөрсөнд хийсэн судалгаагаар нийт хөрсний 22 хувь нь бохирдолгүй, харин үлдсэн нь эмгэг төрөгч, мөөгөнцөрийн бохирдолтой гэж гарчээ. Энэ нь мэдээж зөвхөн нус, цэр, шүлс, шээснээс болж буй биш ч тодорхой хувийг эзэлж байгаа нь ойлгомжтой.
Тиймээс биеэс тань ялгарч байгаа шавхрууг зүй зохистой гадагшлуулах нь иргэн хүний хамгийн том соёл, ухамсрын илэрхийлэл юм.