МЭНДЧИЛГЭЭ

Ням, 30 12 сар 2018 00:00
Print

Монгол улсад эх барих эмэгтэйчүүдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх анхны байгууллага Монгол улсын ууган төрөх Нэгдүгээр төрөх буюу өнөөгийн Нийслэлийн Өргөө Амаржих газрын маань үүсч байгуулагдсаны түүхт 90 жилийн ой 2018 онд тохиож байна. Монгол Улсын 8 хүн тутмын нэг, Нийслэл Улаанбаатар хотын 3 хүн тутмын нэг нь 1-р ууган амаржих газар мэндэлсэн нь манай эмч бурхад, хүйн ээж нарын нөр хичээнгүй хөдөлмөрийн ач буяныг бэлэгдэн хэзээд манлайлагч, анхдагч, дэлхийн анагаах ухааны хөгжилтэй мөр зэрэгцэн алхах зорилго тавин бидний 480 гаруй гишүүн бүхий хамт олон багаараа тэмүүлэн ажиллаж байгаа билээ.

Тус амаржих газраас эхлэлтэй бусад төрөх газар, хүрээлэн, эмнэлэгүүдийн түүхэн суурийг тавихдаа 90 жилийн хугацаанд 375 000 гаруй эхийг эсэн мэнд амаржуулсан байна. 

"НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАР"-ын буурал түүхийн шаргал хуудсанд нэрээ мөнхлөн үлдээж эх үрсийн эрүүл мэндийг хамгаалах нэр төртэй ариун үйлсэд хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн алтан гартай, алдар хүндтэй эмч нар, эх баригч, сувилагч, асрагч, эмнэлгийн нийт ажилтнууд, энэ буянтай сайхан ууган амаржих газар анхны дуугаа хадааж мэндэлсэн нийт эх, эмэгтэйчүүддээ таны унасан газар, угаасан ус, төрсөн эх хүйн холбоотой төрөлх Нэгдүгээр төрөхийн тань түүхт 90 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу!

Энэ эрхэм ариун өргөөнд төрсөн хүн бүхэнд, нийт ахмад ажилчид, алдар хүндтэй эрхэмүүд,  НӨАГ-ын нийт эмч, ажилчиддаа эрдэм мэдлэг, оюун ухаан, эд баялаг төгс байж, урт удаан насалж, улс эх орондоо улам ихийг бүтээхийг хүсэе!

                                                             Нийслэлийн Өргөө амаржих газрын дарга Анагаах ухааны доктор Г.Баясгалан