Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Төрөлтийн ямар үе шатууд байдаг вэ?
Төрөлтийн үйл явцыг үндсэн гурван үед хуваан авч үздэг.
Төрөлтийн нэгдүгээр үе умайн жигд базлалтаар эхлэж базлалтын дүнд умайн хүзүү бүрэн нээгдсэнээр дуусна. Энэ үеийг дотор нь: эрт (далд) үе, идэвхтэй үе гэж хоёр хуваан үздэг.
Эрт үед умайн хүзүү зөөлөрч богиносон 4 см хүртэл нээгддэг. Харин идэвхтэй үед умайн базлалт илүү хүчтэй удаан үргэлжилсэн болох бөгөөд умайн хүзүү илүү хурдтай нээгддэг. Энэ үеийн сүүлчээр ураг доошилж ургийн толгой аарцгийн хөндийд орж ирдэг.
Төрөлтийн хоёрдугаар үе умайн хүзүү бүрэн нээгдэхэд эхлэж хүүхэд гарснаар дуусна. Энэ үеийг зарим үед дүлэлтийн үе гэж нэрлэдэг.
Төрөлтийн гуравдугаар үе буюу төгсгөлийн үе хүүхэд төрсний дараагаас эхлэн ихэс умайн хананаас салж гарснаар дуусна.
Жирэмслэлт болгон адилгүй байдаг бөгөөд төрөлийн үргэлжлэх хугацаа хэлбэлзэлтэй байдаг. Анхны төрөгчийн төрөлт давтан төрөгчийнхтэй харьцуулахад удаан үргэлжилдэг.

Төрөлтийн нэгдүгээр үе: Эрт үе
Төрөлтийн нэгдүгээр үеийн эрт үед умайн базлалт харьцангуй жигд давтамжтай болж умайн хүзүү зөөлөрч богиносон нээгдэж эхлэдэг. Жирэмсний сүүлийн хугацаанд Бракстон хиксийн базлалт буюу дуншилтын хүч нэмэгдэж зай нь ойртсоор төрөх үйл ажиллагаанд шилждэг тул төрөлт яг хэзээ эхлэж байгааг тогтооход бэрхшээлтэй байдаг.
Хэрэв жирэмсний 37 долоо хоногоос өмнө умайн базлалт болон төрөлтийн шинж тэмдэгүүд илэрвэл дутуу төрөлт эхлэж байж магадгүй тул эмнэлэгт яаралтай хэвтэх хэрэгтэй.
Төрөлтийн эрт үед умайн базлалтын хүч аажимаар нэмэгдэн үргэлжлэх хугацаа нь урт болж хоорондын зай нь ойртдог. Хэдийгээр төрөлт өөр өөр байдаг боловч арван минут тутамд 30 секунд үргэлжилсэн базлалт илрэх нь төрөлт эхлэж байгааг илтгэнэ.
Улмаар төрөлтийн эрт үеийн төгсгөлд базлалтын зай ойртон таван минут тутамд 40 өөс 60 секунд үргэлжилсэн байдалтай болж ирдэг. Зарим эмэгтэйчүүдэд төрөлтийн энэ үед харьцангүй олон тоотой өвдөлт багатай базлалт илэрдэг байна. Гэтэл зарим тохиолдолд базлалт өвдөлт ихтэй боловч умайн хүзүүний нээгдэлт удаан байж болдог.
Төрөлтийн энэ үед үтрээний салиархаг ялгадасын хэмжээ ихсэх бөгөөд цусны хольцтой болж ирдэг. Энэ нь хэвийн үзэгдэл бөгөөд хэрэв цусны хэмжээ илүү их болж цэвэр цус гарвал эмчдээ хэлээрэй.
Төрөлтийн эрт үе умайн хүзүүний нээлт 4 сантиметр болж умайн базлалт улам хүчтэй болоход төгсдөг.

Төрөлтийн эрт үе ямар хугацаанд үргэлжилдэг вэ?
Төрөлтийн эрт үе хэзээ эхлэхийг яг хэлэхэд хэцүү байдаг учир энэ үе ямар хугацаанд үргэлжилэхийг тогтооход бэрхшээлтэй байдаг. Төрөлтийн эрт үеийн үргэлжлэх хугацаа умайн хүзүү төрөлтөнд хэр зэрэг бэлтгэгдсэн байсан, умайн базлалтын хүч ямар байсан зэргээс шууд хамаардаг.
Хэрэв анхны төрөгчид умайн хүзүү зөөлөрч богиносоогүй байсан бол энэ үе 6-12 цаг үргэлжилдэг. Харин давтан төрөгчид умайн хүзүү зөөлөрч богиноссон байвал илүү хурдан явагдаж өнгөрдөг.

Анхаарах зүйлс
Цагаа байнга харж хэт анхааран базлалт болгоноо тоолох нь төрөлтийн үед стресс ихтэй байдгаас гадна амархан ядардаг талтай. Харин үүний оронд цагаа хааяа харж дараагийн базлалтын зайг анзаарч байх хэрэгтэй.
Базлалт хоорондын завсар аль болох амрахыг бодох хэрэгтэй. Учир нь төрөлт цааш удаан үргэлжлэх болно. Хэрэв та ядарч байвал түр зуур унтахыг бодоорой.
Төрөлтийн энэ үед шингэн зүйл сайн уух хэрэгтэй. Мөн ойрхон шээж байхаа битгий мартаарай. Давсганд шээс их байх нь умайн базлалтын үр дүнд саад учруулдаг, харин давсаг хоосон байх нь ургийн толгойн давшилтанд таатай нөхцөл болдог.

Төрөлтийн нэгдүгээр үе: Идэвхтэй шат
Төрөлтийн нэгдүгээр үеийн идэвхтэй шатанд умайн базлалт улам олон давтамжтай, удаан үргэлжилсэн, хүч ихтэй болж ирдэг. Умайн хүзүүний нээлт улам хурдасч 4 өөс 10 см болдог.( төрөлтийн нэгдүгээр үеийн идэвхтэй шатанд умайн хүзүүний нээлт 8 аас 10 см болох үед ургийн доошилж дараагийн үед шилжихэд бэлддэг).
Идэвхтэй шатын төгсгөл үед таны хүүхэд доошилж эхлэнэ. Гэвч давтан төрөгчдөд төрөлтийн дараагийн үе хүртэл доошлохгүй байж болдог.

Идэвхтэй шат хир удаан үргэлжилдэг вэ?
Төрөлтийн энэ шат дундажаар анхны төрөгчид дөрөвөөс найман цаг үргэлжилдэг(умайн хүзүүний нээлт 4 сантиметрээс бүрэн нээгдэх хүртэл). Хэрэв төрөлтийн үеийн эпидураль өвдөлт намдаалт хийлгэсэн бол төрөлтийн энэ үе удаашрах хандлагатай байдаг тул окситоциноор базлалтийг эрчимжүүлдэг.
Хэрэв та өмнө нь төрөх замаар төрж байсан бол төрөлтийн энэ шат илүү хурдан өнгөрөх болно.

Анхаарах зүйлс
Төрөлтийн үед өвдөлтийг намдаах аргууд болон амьсгалын дасгал зэрэг амраах техникүүдийг энэ үед хэрэглэж болно. Хэрэв спиналь өвдөлт намдаалт хийхээр төлөвлөсөн бол энэ үед хийх нь хамгийн тохиромжтой.
Төрөлтийн тухай сайн сургалт энэ үед ихээхэн хэрэг болдог.
Танд алхаж байвал илүү эвтэйхэн санагдаж магадгүй, базлалтын үед зогсоод дараа нь үргэлжлүүлж болно. Та ямар нэгэн хүндрэлгүй, төрөлтийн өвдөлт намдаалт хийлгээгүй нөхцөлд өрөөн дотуур чөлөөтэй явж өөрт эвтэйхэн байрлалаар байж, дүүжин сандал дээр сууж эсвэл зүүн хажуугаараа орон дээр хэвтэж болно. Мөн энэ үед өөрийн нөхрөөрөө массаж хийлгэсэн ч болно. Харин та өвдөлт намдаалт хийлгэхээр урьдчилан шийдсэн юумуу эсвэл төрөлтийн өвдөлтийг тэсвэрлэхэд хэцүү байвал эмчтэйгээ ярилцан өвдөлт намдаах аргуудаас хэрэглэж болно.

Ургийн давшилт
Төрөлтийн идэвхтэй үед умайн хүзүү 8-10 см нээгдэх үед ураг давших хөдөлгөөн хийдэг. Энэ нь төрөлтийн дараагийн үед шилжиж байгаа хэрэг юм.
Энэ үе нь төрөлтийн хамгийн эрчимтэй үе байх болно. Умайн базлалт улам хүчтэй болж хоёроос гурван минут тутамд давтагдана. Мөн энэ үед танд чичрүүдэс хүрч магадгүй.
Умайн хүзүү бүрэн нээгдэх давшилтын үед ургийн толгой аарцгийн хөндийд орж ирдэг. Энэ үед ургийн толгой шулуун гэдсийг дарсний улмаас дүлэлт үүсч болзошгүй. Зарим эмэгтэйчүүдэд дүлэлт гэнэт хүчтэй илэрч болно. Мөн энэ үед гарах цуслаг ялгадасын хэмжээ ихэсдэг. Үүний зэрэгцээ дотор муухайрах огилж бөөлжих шинжүүд илэрч болно.
Зарим тохолдолд ураг эрт давших хөдөлгөөн хийсний улмаас умайн хүзүү бүрэн нээгдээгүй байхад дүлэлт үүсдэг. Энэ үед хамаагүй дүлвэл умайн хүзүү урагдах аюултай. Харин зарим тохиолдолд умайн хүзүү бүрэн нээгдсэн боловч ургийн толгой доошлоогүй тул дүлэх мэдрэмж үүсдэггүй байна. Эмэгтэй болгонд төрөлт бүхэн адилгүй байдаг.
Хэрэв та эпидураль өвдөлт намдаалт хийлгэсэн бол доош тулах мэдрэмж мэдээгүйжүүлэгч бодисын хэмжээ болон ургийн толгой аарцгийн хөндийд хир зэрэг орж ирснээс хамаарна. Үүний зэрэгцээ өвдөлт намдаалттай холбоотойгоор дүлэлтийн хүч сул болдог тул мэдээгүйжүүлэгч эмч давшилтын үеийн төгсгөл хэсэгт мэдээгүйжүүлэгч бодисын хэмжээг багасгадаг.

Давшилт ямар хугацаанд үргэлжилдэг вэ?
Энэ нь аарцгийн хэмжээ, ургийн жин, базлалтын хүч зэргээс гадна өмнө нь төрөх замаар төрж байсан эсэхээс хамаарч хэдэн минутаас хэдэн цаг хүртэл үргэлжилж болно.

Анхаарах зүйлс
Хэрэв та төрөлтийн үеийн өвдөлт намдаалт хийлгээгүй байгаа бол тэсвэр алдмаар хамгийн хүчтэй өвдөлтийн үе тул ойр дотны хүмүүсийн тусламж дэмжлэг их хэрэгтэй.

Зарим эмэгтэйчүүд хөнгөн массаж хийлгэхийг хүсдэг бол нөгөө хэсэн нь арай хүчтэйг, харин зарим эмэгтэйчүүд бүр массаж хийлгэхийг хүсдэггүй.

Зарим үед биеийн байрлалаа өөрчлөх нь байдлыг арай хөнгөвчилж өгдөг. Тухайлбал ууц нуруугаар даралт үүсэх мэдрэмж дөрвөн хөллөсөн байрлалын үед багасдаг байна.

Мөн толгойдоо болон нуруундаа хүйтэн алчуур тавьж болно.

Нөгөө талаас таны анхаарлыг сарниулахын тулд дуу сонсгох болон харилцан ярилцаж болно.
Эдгээр хүчтэй базлалт болгон таны бяцхан үрийг энэ хорвоод ирэх аялалд тус болж байна гэдэгийг санаарай.

Төрөлтийн хоёрдугаар үе: Дүлэлт
Умайн хүзүү бүрэн нээгдсэний дараагаар төрөлтийн хоёрдугаар үе эхлэдэг. Энэ нь таны хүүхэд доошилж төрөх үе юм. Төрөлтийн хоёрдугаар үе эхлэхэд таны базлалт түр зуур завсарлаж магадгүй. Энэ завсарт чухал хэрэгтэй амралтын боломж бий болдог.
Ихэнх эмэгтэйчүүдэд энэ үеийн базлалт төрөлтийн идэвхтэй үеийнхээс арай хялбар санагдаж магадгүй. Учир нь хүүхэд доошилсон тул зарим талаасаа хөнгөлөлт болдог.
Умайн базлалтын үед таны хүүхдэд даралт үзүүлж түүнийг доош нь төрөх зам руу оруулдаг.

Таны хүүхдийн доошлолт
Доошлолт хурдан байж болно, хэрэв анхан төрөгч бол аажим явагдах болно.
Умайн базлалт болгонтой хавсран таны дүлэлтын үед үүсэх хэвлийн булчингийн хүч үйлчилсний улмаас таны хүүхэд доошилж төрөх зам руу орж ирнэ. Базлалт зогсон умай амрах үед таны хүүхдийн толгой бага зэрэг буцах болно. Яг л ”урагшаа хоёр алхаад хойшоо нэг алхана” гэдэг шиг.

Хүүхдийн толгой цухалзах
Хэсэг хугацааны дараа дүлэлт болгоны үед таны хярзан (үтрээ болон шулуун гэдсний хоорондох эд) сунаж товойн үтрээний үүдэвч хэсгээр таны хүүхдийн хуйх харагдаж эхлэнэ. Энэ үед та хүүхдийнхээ хэрхэн цухалзаж байгааг толинд харж болохоос гадна хүсвэл хүүхдийнээ толгойн орой хэсэгт хүрч болно.
Одоо дүлэлт улам хүчтэй болж ирнэ. Умайн базлалт болгоны үед таны хүүхдийн толгой улам илүү харагдах болно. Энэ үед хүүхдийн толгой хярзанд маш хүчтэй даралт үзүүлнэ. Таны хярзан сунасны улмаас тэсэхийн аргагүй хатгаж байгаа мэт мэдрэмж үүсдэг.
Энэ үед эмч таныг болгоомжтой зөөлөөн дүлэхийг шаардах бөгөөд таны хүүхдийн толгой үтрээний үүдэвч болон хярзанг аажим сунгах нөхцөл бүрдүүлэхийн тулд дүлэлтийг бүрмөсөн болиулж магадгүй. Аажим хяналттай төрөлт таны хярзанг урагдахаас хамгаалахад тус болдог.

Хүүхдийн толгой гарч ирэх
Дүлэлт болгоны үед хүүхдийн толгой доошилсоор хамгийн өргөн хэсэг гарч ирнэ. Ингээд хамгийн сэтгэл хөдөлгөсөн үед болох таны хүүхдийн нүүр харагдаж эхлэнэ. Эхлээд түүний дух , нүд, хамар, ам хамгийн сүүлд нь эрүү гарч ирснээр хүүхдийн толгой бүрэн гарч ирнэ. Энэ үед шаардлагатай бол таны хүүхдийн ам болон хамрыг соруулж цэвэрлэн хүй хүзүүгээ ороосон эсэхийг шалгана.
Үүний дараагаар хүүхдийн мөр аарцгийн хөндийд эргэлт хийдэг бөгөөд толгой тэр тал руу дагаж эргэнэ. Дараагийн дүлэлтийн үед мөр гарч ирсэнээр хүүхийн бие бүтнээрээ гарна.
Таны хүүхэд агаарт гарч ирэхэд түүнийг дулаан орчинд хуурай алчуураар арчиж хуурайшуулах хэрэгтэй. Нярайн эмч таны хүүхдийн аманд салст байвал соруулж авч цэвэрлэнэ.
Хүүхдийг төрмөгч хүйн судсанд хоёр хавчаар тавьж тэдгээрийн хоорондуур хайчилдаг. Үүнийг танай гэр бүлийн хүн хийж хүндэтгэл үзүүлж болно.
Хэрэв ямар нэгэн хүндрэлгүй бол таны нүцгэн цээжин дээр хүүхдийг тань авч ирж тавьдаг. Энэ үед та түүнийг тэвэрч үнсэж болох гайхалтай мөч байх болно. Хүүхдийг ээжтэй нь арьс арьсаар нь хүрэлцүүлэх нь дулаахан байлгах хамгийн сайн арга гэж үздэг бөгөөд мөн дулаан алдалтаас сэргийлж дулаан бүтээлгээр хучиж түүний анхны малгайг өмсүүлж өгнө.
Танд энэ үед баярлаж хөөрөх, бахархах, итгэхгүй байх зэрэг сэтгэлийн хөдлөл хүчтэй мэдрэгдэнэ. Ядарч сульдсанаа мэдрэх болон унтах тухай бодол энэ үед алга болж та их эрч хүч оргилон гарч ирэхийг мэдэрч магадгүй.

Төрөлтийн хоёр дугаар үе хир удаан үргэлжилдэг вэ?
Төрөлтийн хоёрдугаар үе өвдөлт намдаалт хийлгээгүй тохиолдолд анхны төрөгчид нэг цаг орчим харин давтан төрөгчид 20 минут үргэлжилдэг байна. Хэрэв өвдөлт намдаалт хийлгэсэн бол төрөлтийн энэ үе харьцангуй уртасдаг.

Төрөлтийн гуравдугаар үе: Ихэс гарах

Хүүхэд төрсний дараагаар таны умай дахин базлаж эхлэдэг. Ихэвчлэн эхний хэдэн базлалтын үед ихэс умайн хананаас салдаг. Ихэс салсан шинж тэмдэг илэрвэл эмч хүйнээс зөөлөн татаж идэвхтэй аргаар удирдаж гаргадаг. Энэ үед танд дүлэх мэдрэмж төрж магадгүй бөгөөд өвдөлт үүсдэггүй.

Төрөлтийн дараах эрт үе
Ихэс гарсны дараагаар умай хүчтэй агшдаг. Энэ үед умайн ёроол таны хүйсний түвшинд мэдрэгддэг. Эмч болон эх баригч умайн агшилтийг үечилсэн байдалтай шалгадаг бөгөөд хэрэв сул байвал массаж хийх болно. Умайн агшилтын үед ихэс байрлаж байсан талбайн судсууд шахагдан хаагдаж цус алдах эрсдэлээс сэргийлдэг тул энэ нь чухал ач холбогдолтой. Хэрэв умайн агшилт муу байвал эдгээр судаснуудаас цус гаралт үргэлжлэн явагддаг.
Хүүхэд төрмөгц умайн агшилтыг дэмжих зорилгоор окситоцин тарьдаг.
Төрсний дараагаар танд болон таны хүүхдэд ямар нэгэн хүндрэл байхгүй байгаа тохиолдолд хүүхдийг амлуулдаг. Хүүхэд хөхүүлэх үед таны өнчин тархины урд хэсгээс окситоцин ялгардаг бөгөөд энэ дааврын нөлөөгөөр умайн агшилт улам сайжирна.
Төрсний дараагаар биений юм ирэх үеийнхтэй төстэй агшилт мэдрэгдэх болно. Хэрэв өвдөлт хэт хүчтэй байвал өвдөлт намдаах эм хэрэглэж болно.
Ихэс гарсний дараагаар анхан төрөгч болгоны умайн хүзүү, үтрээний хананд урагдал үүссэн эсэхийг шалгаж үздэг. Урагдал язрал байвал өвдөлт намаасны дараагаар оёдол тавьна.
Хэрэв та эпизиотоми хийлгэж төрсөн бол мэдээ алдуулалт хийж оёдол тавьна. Төрөлтийн үеийн эпидураль өвдөлт намдаалт хийсэн бол төрсний дараагаа гуурсыг мэдээгүйжүүлэгч эмч авна. Үүнд хэдхэн секунд зарцуулагдах бөгөөд өвдөлт үүсдэггүй.

Таны хүүхдэд ямар нэгэн тусгай эмчилгээ байхгүй бол тантай хамт байлгах болно. Нүдэнд нь дусаалга дусаах болон витамин К тариулахад багахан цаг зарцуулна.
Энэ цаг мөч бол таны болон танай гэр бүлийн хувьд дөнгөж мэндэлсэн бяцхан үртэйгээ танилцах хамгийн аз жаргалтай үе байх болно.

НӨАГ-ын Эх барих эмэгтэйчүүдийн Тэргүүлэх зэргийн эмч М.Түвшинжаргал