Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Эмэгтэй хүн хүүхэд төрүүлнэ гэдэг энэ орчлонгийн хамгийн гайхамшигтай цаг мөч билээ. Үүнтэй адилаар амаржсаныхаа дараа биеэ гамнаж, гам барих учиртай хэмээн монголчууд эртнээсээ хэлцсээр ирсэн.

 Эмэгтэй хүн хүүхэд төрүүлнэ гэдэг энэ орчлонгийн хамгийн гайхамшигтай цаг мөч билээ. Үүнтэй адилаар амаржсаныхаа дараа биеэ гамнаж, гам барих учиртай хэмээн монголчууд эртнээсээ хэлцсээр ирсэн. Гэвч яагаад заавал гам барих ёстой, ингэлээ гээд ямар нөлөөтэй талаар хүмүүс өөр өөрийн байр суурьтай байдаг. Жишээ нь, америк бүсгүй төрснийхөө дараа шууд л усанд орж байхад монгол хүүхнүүд сарын дараа усанд орж болно гэлцдэг. Тиймээс үнэн худлыг хамтдаа хайя.

 Төрсний дараа усанд орж болохгүй

Төрсний дараа мэдээж, усанд орох нь чухал. Эмэгтэй хүн жирэмслэлтийнхээ явцад их хэмжээний усыг биедээ агуулдаг. Харин төрсний дараа энэ ус нь хөлс, цус, шингэнээр дамжин гадагшилдаг байна. Ийм болохоор эмэгтэй хүн төрсний дараа ихээр хөлөрдөг. Өдөр бүр усан хулгана болтлоо норж байж усанд орохгүй бол мэдээж ариун цэврийнхээ тал дээр бохирдоно. Тиймээс ямар ч л гэсэн төрсний дараа усанд орох хэрэгтэй гэдэгтэй маргах хэрэггүй. Гол нь усанд орсны дараа даарч болохгүй шүү. 

Төрсний дараа усанд орохгүй сар болбол юу болохыг төсөөл л дөө. Эмэгтэй хүн амаржсаны дараа хамаг биений сүв нээгддэг учир ариун цэврийг дээд зэргээр сахих учиртай. Тэгвэл яагаад монгол бүсгүй эртнээс нааш төрсний дараа усанд орж болохгүй гэсэн яриа гарсан хэрэг вэ. Ердөө л халуун, хүйтэн хавсрахаас сэргийлсэн хэрэг гэдгийг эмч мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Монгол бол эрс тэс уур амьсгалтай улс учир дөнгөж төрөөд нялхарсан эх усанд орчихоод даарчихвал юу болох болж байна?

 Төрсний дараа заавал зузаан хувцаслаж, даарч хөрч болохгүй

Тийм ээ. Энэ бол мэдээжийн хэрэг шүү дээ. Төрсөн эхийн хамаг сүв нээгдэж, бие нялхарсан байдаг. Ийм үедээ даарвал ханиад томуу хүрэх, хууч өвчтэй болох, хүүхдээ ч асарч чадахгүй өвдөх магадлалтай. Яагаад гэвэл манай улсын цаг уур маш эрс тэс учраас ээж та цаг агаартаа зохицуулан хувцаслаж сураарай.

Төрсний дараа хөвөнтэй өмд, эсгий гутал өмсөх ухааны юм яриагүй юм шүү. Та дулаан байх нь л чухал юм шүү. Түүнээс биш агаар орохын аргагүй зузаал гэсэн үг огт биш юм.

 Хагалгаагаар төрсөн эх сүү ордоггүй

Эмэгтэй хүн жирэмслээд төрсний дараа эхэс савнаас гадагшилсан л бол шууд хөхөнд хар уураг нь ялгарч, улмаар сүү болон хувирах үйл ажиллагаа эхэлдэг. Ингэснээр хагалгаагаар төрсөн ч бай, өөрөөрөө төрсөн ч бай эхчүүд ялгаагүй адилхан сүү ордог. Дараа нь эх сайн унтаж амарч, хоол ундаа сайн идэж байвал сүү орох нь улам ихэсдэг.

Хагалгаагаар төрсөн эх удаандаа сүү ордог гэсэн яриа бий. Энэ нь огт үндэслэлгүй юм. Магадгүй тухайн эх хагалгаанаас болж тамирдаж ядрах, хүүхдээ төрснийх нь дараа шууд амлуулаагүйгээс уураг нь сүү болох үйл ажиллагаа бусдынхаас бага зэрэг хоцорч мэдэх юм. Тиймээс тухайн эхийг сайн сүүтэй байлгахын тулд ар гэрийнхэн, асран халамжлагчид анхаарах хэрэгтэй юм.

 Төрсний дараа уурлаж, уйлж болохгүй

Дөнгөж төрсөн эхийг уурлуулж, уйлуулж болдоггүй гэдэг нь учиртай. Яагаад гэвэл бүх л 9 сарын турш сав хүүхэд тээхийн тулд томорсон байдаг. Харин төрсний дараа эхийг хэт сэтгэлийн хөөрөлд автуулбал сав хөөрч, сэтгэл санаа тогтворгүй болох магадлалтай. Тиймээс төрсөн эхийг тайван амгалан байлгахад хүн бүр анхаарах хэрэгтэй. Үүнд дааврын өөрчлөлтөнд орсон байдаг гэдгийг нь мартаж болохгүй.

Дөнгөж төрсөн эх их эмзэг мэдрэмтгий болдог учир түүнийг энгийн хүнтэй адилтгаж, хааш яаш харьцаж болохгүй. Бас төрсөн эх өөрийгөө улам эмзгээр хүлээн авдаг гэдгийг мартаж болохгүй.