Нийслэлийн Өргөө Амаржих Газар


Ийм шинжилгээний явцад ургийн хэмжээ нь жирэмсний тухайн үе шатанд тохирч байгаа эсэхийг тодорхойлон, умай болон ихэсийг хэмжиж үздэг. Ийм үзлэгийг жирэмсний явцад 3-4 удаа хийдэг. Бүр тодорхой хэлвэл 10-14 долоо хоногтойд, 20-24 долоо хоногтойд, 30-32 долоо хоногтойд, 36-37 долоо хоногтойд хийдэг.
Харин ямар нэг хүндрэл, таагүй зүйл гарсан байж магадгүй гэж сэжиглэсэн тохиолдолд онцгой шинжилгээг хийдэг. Эмгэг үүссэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр эход харж байгаа болохоор харах тоог нь тэд эд гэж хязгаарладаггүй. Иймд долоо хоногт 2-3 удаа хэт авиан шинжилгээ хийх шаардлагатай тохиолдол ч гардаг.
Тодорхойлдог зүйлс:
УРГИЙН БАЙДАЛ
Эхний шинжилгээгээр ургийн байрлалыг тодорхойлдог. Үр тогтсон өндөгөн эсийг умайн гадна байрласан эсэхийг тоогтооно. Арай хожуу үед умай дотор ургийн байрлал ямар байгааг тодорхойлно. Өөрөөр хэлбэл ураг өгзөг, эсвэл толгойгоороо түрүүлсэн байна уу гэдгийг шалгана.
Мөн эхний удаад эхо шинжилгээ хийх явцад шилэн хүзүү орчмын нугалаасны зузааныг хэмждэг. Жирэмсний тухайн хугацаанд таарч байх ёстой тодорхой үзүүлэлт, түүнд нийцэж байх ёстой хэмжээ гэж байдаг. Шилэн хүзүү орчмын нугалаасны хэмжээ томорох нь ургийн хөгжлийн гажгийн шинж тэмдэг байж болзошгүй тул удам зүйн буюу генетикийн зөвлөгөө авах хэрэгтэй. Жирэмсний хоёр болон гурав дахь триместр /гурван сар гэсэн утгатай латин үг/- т эхо шинжилгээ хийх явцад ургийн халдварын шинж тэмдэг, тэдгээрийн дотор тархины бүтцэд гарсан өөрчлөлтийн шинж тэмдэгийг илрүүлэх боломжтой.


Жирэмсний гурав дахь триместр /гурван сар гэсэн утгатай латин үг/- т ургийн уушигны бүтцийг тодорхойлдог. Ингэснээр хугацаанаас өмнө төрөх шаардлагатай, эсвэл хугацаанаас өмнө төрж болзошгүй гэсэн таамагтай үед уушигны бойжилтийн түвшинг тодорхойлох боломжтой болдог. Мөн хэвлийн доторх уушигны хатгаа үүссэн эсэхийг шалгадаг.
Үүнээс гадна эхо шинжилгээний явцад ургийн зүрх, гэдэс, элэг гээд бүх дотор эрхтэнүүдийг шалгадаг. Жирэмсний хоёр дахь триместр /гурван сар гэсэн утгатай латин үг/- т хийдэг эхо шинжилгээгээр ургийн нүүрний яс, хамрыг судлан сэтэрхий уруул, тагнайн сэтрэхий байгаа эсэхийг тогтооно. Мөн шүдний байрлалын эмгэгийг ч оношлох боомжтой.
Үүнээс гадна Дауны хам шинжийг хэт авиан шинжилгээгээр илрүүлэх боломжийг эцэг, эхчүүд нэлээд сонирхдог. Гэвч хэт авиан шинжилгээний өгөгдлүүдийг үндэслэн энэ оношийг тавих маш хэцүү байдаг. 14 хүртэлх долоо хоногтой үед хамрын хянга байхгүй, шилэн хүзүү орчмын нугалаасны зузаан нэмэгдсэн байх нь /7-8 долоо хоногтойд энэ нугалаасны зузаан нь 3-мм-ээс ихгүй байх ёстой./Дауны хам шинж байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлэх боломж олгодог. Мөн нүд хоорондын зай нэмэгдсэн, ам нээлттэй, хэл цухуйсан байх зэрэг нь Дауны хам шинж байж болзошгүйг заасан дам шинж болж өгдөг. Дауны өвчний нийт тохиолдлын 1/3 нь зүрхний хөгжлийн гажиг илэрдэг. Мөн шилбэний ясны урт нь богиноссон байдаг. Эдгээр шинж тэмдэг илэрсэн үед плацентоцентнез буюу ихэсийн хэсгээс авч шинжлэх шинжилгээ хийдэг. Ингэж авсан хэсэг дэх эсийн хромосомын тоог судалдаг.
Эхо шинжилгээний протоколд жирэмсний эхний арав хоног дахь шилэн хүзүү орчмын нугалаасны зузааны хэмжээг зааж өгдөг. Дотор эрхтэнийг шинжлэх явцад ямар нэг эмгэг илрээгүй бол илрээгүй гэдгийг нь тусгайлан зааж, эсвэл огт заахгүй байж ч болно. Гэхдээ ямар нэг болохгүй зүйл илэрсэн үед протоколд заавал тусгаж өгдөг.
12, 22 долоо хоногтойд хийсэн дийлэнх эхо шинжилгээгээр хүүхдийн хүйсийг тодорхойлж болдог. Эдгээр өгөгдлүүдийг судалгааны протоколд оруулдаггүй.
Анхны судалгаагаар л ургийн зүрхний цохилтыг тодорхойлж болдог. Протоколд зүрх цохилж байгаа эсэх, зүрхний агшилтын давтамж /хэвийн үед энэ үзүүлэлт нь минутанд 120-160 удаа байх ёстой/-ыг зааж өгдөг. Анхны судалгааны явцад зүрхний агшилтын давтамжын үзүүлэлт өөрчлөгдсөн байна гэдэг нь бүрэлдээд удаагүй байгаа урагт зүрхний гажиг байгаагийн шинж тэмдэг байж болзошгүй. Анхны үзлэгээс дараа буюу хоёр, гурав триместртэйд хийсэн эхо шинжилгээгээр зүрхний хавхлаг, камерийг нарийвчлан ялгаж, нарийвчлан судлах боломжтой болдог. Жирэмсний хоёр, гурав дахь триместрт зүрхний агшилтын давтамжын тоо өөрчлөгдөх нь хүчил төрөгч болон тэжээлийн бодисын дутагдал, ургийн зовиур зэргийг илтгэж байж болно.
УРГИЙН ХЭМЖЭЭ
Жирэмсний эхний триместрт хийх үзлэгээр үр тогтсон өндөгөн эсийн диаметр, ургийн ахар сүүл ба зулай хоорондын хэмжээг тодорхойлдог. Мөн умайн хэмжээг тогтооно. Энэ хугацаанд ургийн хэмжээ нь стандарт хэмжээнд хамгийн ойр байдаг болохоор эдгээр хэмжилтүүд нь жирэмсний хугацааг нарийвчлан тодорхойлох боолмж олгоно. Ингэхдээ ураг ба үр тогтсон өндөгөн эсийн хэмжээгээр жирэмсний хугацааг тодорхойлоход нэг мэдүүштэй зүйл байдаг. Шинжилгээний протоколд сүүлийн сарын тэмдэгийн эхний өдрөөс эхлэн тоолдог эх барихын хугацааг бус харин үр тогтсон өдрөөс хойших хугацаа буюу ургийн хугацааг заасан байж бас болдог. Тэгэхээр энэ талаар эмчээсээ лавлаж асуухгүй бол үл ойлголцол үүсч магадгүй.
Хоёр болон гурав дахь триместрт /триместр гэдэг гурван сартай гэсэн утгатай латин үг/ хийсэн дараагийн эхо үзлэгээр ургийн хөгжлийн дараах үзүүлэлтүүдийг тодорхойлдог, үүнд:
-чамархайн яс хоорондын хэмжээ
-дагз духны хэмжээ
-толгойн тойрог
-гэдэсний тойрог
Эдгээрээс гадна дунд чөмөг, бугалганы ясны уртыг хэмжихээс гадна шуу, шилбэ зэрэг илүү жижиг яснуудыг ч хэмжиж магадгүй.
Ургийн хэмжээ нь жирэмсний тухай хоногтойд байвал зохихоос бага байгаа бол ургийн хэвлийн доторх хөгжлийн саатал гарсан гэж үзнэ. Энэ саатал тэгш хэмтэй ба тэгш хэмгүй гэсэн хоёр янз. Ургийн толгой болон үе мөчнийх нь хэмжээ тухайн хугацаанд байвал зохих хэмжээндээ хүрсэн байв ч их биеийнх хэмжээ хүрэхгүй байгаа үед тэгш хэмгүй саатал гэдэг. Тэгш хэмгүй саатал нь тэгш хэмтэйгээ бодвол арай л хал багатай. Аль ч тохиолдол ургийн тэжээлийг сайжруулдаг эм уух заалт өгдөг. Ийм эмчилгээг 7-14 хоногийн турш хийгээд дараа нь дахин эхо үзлэгт заавал ордог.
Ургийн өсөлт саатсан үед ургийн зүрхний цохилтыг шинжих кардиотокографик шинжилгээ хийхээс гадна ургийн болон умайн хүйн дэх цусан хангамжийн тодорхойлох доплерометрик шинжилгээ хийдэг. Доплерометрик шинжилгээг эхо шинжилгээ хийхтэй хавсран хийдэг. Хэрэв ургийн хөгжлийн саатлын зэрэг өндөр, өөрөөр хэлбэл тухайн хоногтойд байвал зохих хэмжээнээсээ хоёр долоо хоног, түүнээс өмнөх хэмжээнд байгаа, эсвэл ургийн өсөлтийг хоёр дахь триместрт илрүүлсэн бол заавал хэвтэж эмчлүүлнэ.
ИХЭС
Ихэс нь нь жирэмсний 16 дахь долоо хоногт бүрэлдэж дуусдаг. Энэ хугацаанаас өмнө хорион буюу цэлмэнт бүрхэвч гэж ярьдаг. Хорион буюу цэлмэнт бүрхэвч нь хамгаалах, тэжээлээр хангах үүрэг гүйцэтгэх ургийн гадуурх бүрхүүл юм. Эхо үзлэгийн үеэр ихэсийн бэхлэгдсэн газрын тодорхойлдог. Өөрөөр хэлбэл умайн аль хананд цэлмэнт бүрхэвч, эсвэл ихэс нь байрласан байна, ихэс нь умайн хүзүүний дотоод амсраас хэр хол байрласан зэргийг нь тодорхойлно. Жирэмсний гурав дахь триместрт нь ихэсээс умайн хүзүүний дотоод амсар хүртэлх зай нь 6 см –аас илүү байх ёстой. Ингээгүй тохиолдолд ихэс доогуур байрласан гэж үздэг. Харин ихэс нь дотоод амсрыг хаасан бол ихэс түрүүлсэн гэж үзнэ. Ингэж ихэс түрүүлсэн байдал нь төрөх үеэр цус алдалт үүсгэж болзошгүй байдаг. Нэг, хоёр дахь триместрийн үед эхо үзлэг хийх үеэр ихэс доогуур байрлалтай байгааг тодорхойлох нь байдаг ч гурав дахь триместр хүртэл ихэс нь умайн ханаар дээш шилжин хөдлөж бас болдог.
Эхо үзлэгийн үеэр ихэсийн бүтцийн мөн тодорхойлдог. Ихэсийн бойжилтын дөрвөн зэрэг байдаг. Зэрэг тус бүр нь жирэмсний тодорхой хугацаанд тохирч байх ёстой. 2-р зэргийн бойжилт нь 32 дахь долоо хоногт хүртэл хадгалагдаж байх ёстой бол 3 р зэрэг нь 36 долоо хоног хүртэл хадгалагдаж байх ёстой. Хэрэв ихэс нь зохистой хугацаанаас өмнө бүтцээ өөрчилсөн бол ихэсийн хугацанаас өмнөх хөгшрөлт гэж үзнэ. Ийм байдалд нь гестоз /гестоз нь артерийн даралт нэмэгдэх, шээсээр уураг ялгарах, хавагнах зэрэг шинж тэмдэг бүхий жирэмсний хүндрэл/, цус багадалт зэргээс үүдэлтэйгээр ихэсийн цусан хангамж алдагдсантай холбоотой байж болохоос гадна тухайн эмэгтэйн бие махбодийн онцлогоос ч мөн шалтгаалсан байж болно. Ихэс хугацаанаас өмнө хөгширсөн тохиолдолд допплерографф болон кардиомониторинг шинжилгээ хийлгэх хэрэгтэй.
Эхо үзлэгийн явцад ихэсийн зузааны хэмждэг. Хэвийн үед 36 дахь долоо хоног хүртэл ихэсийн зузаан нь жирэмсний хугацаа дээр +/- 2 мм гэсэн хэмжээтэй байна. 36-37 дахь долоо хоногт ихэсийн зузаан нь хувийн онцлогоосоо хамаараад 26-45 мм байдаг.
Ихэсийн бүтэц болон зузаан өөрчлөгдсөн үед ихэстэс буюу ихэсийн үрэвссэн байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлдэг. Гэхдээ гол төлөв эхо үзлэгээр ихэстэс гэсэн дүгнэлт гаргах нь хэвтэж эмчлүүлэх шалтгаан болдоггүй. Ихэст өөрчлөлт гарсан байж болзошгүй үед таамгыг шалгахын тулд доплерийн шинжилгээ хийх шаардлагатай. Үүнээс гадна БЗХӨ-ий шинжилгээ зэрэг нэмэлт лабораторийн шинжилгээ хийлгэдэг.
Жирэмсний үед бэлгийн замаас цусархаг ялгадас гарч эхэлсэн үед эхо шинжилгээ хийх замаар ихэс ховорсон эсэхийг магадлаж болно. Ховхорсон хэсэг нь хэт авианы төхөөрөмжийн дэлгэцэн дээр харагддаг.
Энэ бүгдийн талаарх мэдээлэл нь эхо үзлэгийн протоколд тусгагдана.
ХҮЙ
Ураг нь хүйгээр ихэстэйгээ холбогддог. Эхо үзлэгийн үеэр хүй дэх судасны тоог тодорхойлдог. Хэвийн үед гурван судас байх ёстой. Дийлэнх жирэмсэн эмэгтэйчүүдийн хүйн гогцоо нь ургийн хүзүү, эсвэл аарцагны орчим гээд умайн гарц руу түрүү түрүүлсэн хэсэгт нь байрладаг. Хүйн гогцоо нь хүндийн хүчний нөлөөгөөр тэгэж байрладаг. Хүй нь ургийн хүзүүг ороосон эсэхийг зөвхөн доплеграф шинжилгээний явцад оношлох боломжтой. Хүй нь ургийн хүзүүг ороох нь кесар хагалгаа заавал хийлгэх заалт болдоггүй.
УРГИЙН УС
Эхо шинжилгээний явцад ургийн усны хэмжээг тодорхойлдог амниотик индекс гэгчийн хэмждэг. Умайг хоёр перпендикуляр шугамаар квадрант буюу дөрвөлж болгон хуваагаад /хөндлөн нь жирэмсэн эмэгтэй хүйсээр, дагуу нь гэдэсний дунд шугамаар/ дөрвөлж тус бүр дэх ураг орчмын усны хамгийн том босоо багануудыг хэмжин нийлбэрийг нь гаргах замаар амниотик индексийг тодорхойлдог.28 дахь долоо хоногтойд амниотик индексийн хэвийн үзүүлэлт нь 12-22 см, 33 долоо хоногтойд 10-20 сам байна. Амниотик индекс нэмэгдэх нь ус ихдэснийг багасвал багадасныг илтгэнэ. Ургийн ус хэт их, эсвэл хэт бага байх нь ургийн цусан хангамж дутагдасныг гэрчилж болно. Өөр эмгэгийн үед ч ургийн ус ихэсч, эсвэл багасч болдог ч цөөн тохиолддог.
Мөн хэт авианы шинжилгээний явцад ургийн усанд хөндлөнгийн хольц байгаа эсэхийг тодорхойлно. Хөндлөнгийн хольц байгаа бол халдвар орсон, эсвэл хэт тээлт байгааг гэрчилж болох ч нөгөө талаас энэ хольц нь зөвхөн нялхсын хаг агуулж байгаа бол хэвийн юм.
УМАЙ
Хэт авиан үзлэгийн явцад умайн хэмжээг тодорхойлж, умайнд миоматозын буюу хоргүй хавдрын зангилаа байгаа эсэх, умайн булчингийн хана хэт чангаралтай байгаа эсэхийг тодорхойлно. Мөн умайн хананы зузааны хэмжинэ.
Зулбах зэргээр жирэмслэлт тасалдах аюултай гэсэн оношийг тавихын өмнө туршлагатай эмч нар умайн доод хэсгийн булчингийн зузаан нь 6мм илүү нимгэрсэн, умайн булчингийн эргүүлэг хэлбэрийг агшилт зэрэг эхо үзлэгийн өгөгдлүүдтэй хавсран гэдэсний доогуур өвдөх, бүсэлхийгээр өвдөх гэсэн клиник шинж тэмдэг байгаа эсэхийг магадладаг. Хэт авианы датчик буюу мэдрүүлээр дарах үед умайн чангарал нь нэмэгддэг. Энэ нь үзлэгийн явцад илэрсэн ч клиник шинж тэмдэг үгүй үед дээрх өгүүлсэн таагүй оношийг тавьдаггүй бөгөөд тонус өндөр, өөрөөр хэлбэл чангарал их байна гэдэг.
Жирэмсний үед хийдэг бүх эхо үзлэгийн үеэр, ялангуяа жирэмслэлт тасалдахад хүргэж болзошгүй тохиолдолд хийгдэж байгаа эхо үзлэгийн үеэр умайн хүзүүний урт, дотоод амсрын түвшин дэх умайн хүзүүний диаметр, умайн хүзүүний сувгийн байдал /нээгдсэн, хаалттай/ зэргийг хэмжиж үздэг. Жирэмсний үед хэвийн нөхцөлд умайн хүзүүний урт нь 4-4,5 см байх ёстой гэж үздэг. Умайн хүзүү анхны жирэмслэлтийн тохиолдолд 3 хүртэл см, давтах жирэмслэлтийн тохиодолд 2 хүртэл см-аар богиносож, умайн амсар нээгдэх нь умайн хүзүү жирэмсний 16-18 долоо хоногтойд цаашид жирэмслэлтийг дийлэх болломжгүй бооод нээгдэж эхэлдэг дутагдал үүсч байгааг оношлох боломж олгодог.
ДҮГНЭЛТ
Энд эхо үзлэгийн явцад тодорхойлдог нэлээд хэдэн шинж тэмдгийн талаар дурдлаа. Гэхдээ нэг шинж тэмдэг нь тухайн нөхцлөөсөө хамаараад тэс өөр эмгэг, эсвэл физиологийн байдлыг илтгэж байж болох учраас хэт авианы шинжилгээний талаарх бүрэн дүүрэн бөгөөд оновчтой дүгнэлтийг зөвхөн энэ чиглэлийн мэргэжлийн эмч л тавих чадвартай гэдгийг ямагт санаж байх хэрэгтэй. Харин ингэж эхо эмчийн гаргасан тодорхойлолтыг эмчлэг эмч тань бусад ажиглалт, зовиур, шинжилгээ зэрэгтэй харьцуулан үзээд эцсийн зөв дүгнэлтийг гаргана.
Өмнөх жирэмслэлтийн явцад нь тохиолдож байсан жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний явцад нь ямар нэг эвгүй зүйл болж магадгүй сэжиг төрсөн бол илүүтэй орчин үеийн техник технологитэй, хамгийн гол нь өндөр зэрэглэлийн эмч мэргэжилтэнд хандахыг зөвлөж байна.
Эх сурвалж:www.103.mn