Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Монгол улсад Эх нярайн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, сайжруулах , эх баригч , сувилагч  мэргэжилтний мэдлэг, ур чадварыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор  Олон улсын Ротари Сан, Улаанбаатар Ротари Клуб, Нийслэлийн Өргөө Амаржих газар, АШУҮИС- Сувилахуйн сургуулийн хамтарсан баг хамт олон “ЭХ НЯРАЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ(GG1760036) төслийг Австрали, Шинэ Зеланд улсын эх баригчдын хамт  2013 -2018 онд амжилттай хэрэгжүүлсэн. Төслийн нийт хугацаанд  Эх хүүхдийн эрүүл мэндийн боловсрол олгох сургагч багш бэлтгэх, Эх баригчдын яаралтай тусламжийн эмнэлзүйн ур чадварыг сайжруулах сургалтанд Улаанбаатар, 5 аймгийн 546 эх баригч, сувилагч хамрагдаж,  гарын авлага -650,  сургалтын хэрэгслүүд, нэн шаардлагатай тоног төхөөрөмж  болох   ургийн зүрхний бичлэгийн аппарат, доплер, тарианы шахуурга, дефибриллятор, өвчтний монитор зэргийг хандивлаж нийт 170000 ам долларын санхүүжилт хийж ажилласан байна.

Сургалтын үр дүн:

- Жирэмслэлт болон төрөлтийн үед тохиолддог хүндрэл, эрсдлээс сэргийлэх стандарт арга хэмжээг үзүүлэх эх баригчдын мэдлэг, ур чадвар,  дээшилж, яаралтай тусламжийн үед хэрэглэх тоног төхөөрөмжийн хангалт нэмэгдсэнээр эх нярайн тусламж үйлчилгээний чанар сайжирсан.  

- Жирэмслэлт, төрөлт нь хэдийгээр физиологийн үйл явц боловч эрсдэл, хүндрэлийг дагуулж байдаг.

- Жирэмслэлт, төрөлт, төрсний дараах үеийн эрүүл мэндийн боловсрол олгох цогц сургалт нь дан ганц  жирэмсэн эхчүүдийн асуудал биш, түүний гэр бүлийн гишүүдийн үүрэг оролцоо чухал гэдгийг иргэдэд хүргэж ойлгуулсан нь хамгийн онцох үр дүн юмаа.   

- Жирэмсэн эхчүүд түүний гэр бүлийнхэнд эрүүл мэндийн зөвлөгөө өгч сургалт сурталчилгаа явуулсан нь эх нярайг эсэн мэнд бойжих, эрүүл мэндийг дэмжих, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр, эх, нярайн  эндэгдлийг бууруулах стратегийг практикт хэрэгжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулсан томоохон ажлуудын нэг юм.

 

 

 

 

Нийслэлийн Өргөө амаржих газар нь Төслийн үр дүнгээ практикт нэвтрүүлж эх нярайн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих зорилгоор 2014 оноос одоог хүртэл Монгол улсад шинэ иргэн бэлэглэж буй Жирэмсэн эхчүүд болон түүний гэр бүлийнхэнд нь зориулж “ Жирэмслэлт, төрөлт, төрсний дараах үеийн эрүүл мэндийн боловсрол олгох “ асуудалд суурилсан сургалтыг 5228  жирэмсэн эх, түүний гэр бүлийнхэнд зохион байгуулжээ.