Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Хүйсний үрэвслийг :

  • Энгийн
  • Идээт
  • Үхжсэн гэсэн 3 хэлбэр болгоно.

Энэ үрэвслийн аль ч хэлбэр үжлээр хүндрэх боломжтой.
Эмнэл зүй:
Энгийн хэлбэрийн үед хүй удаж, цөглөнө. Хүйснээс шүүс бага зэрэг гарч байгаад тавшиж эдгэнэ. Хүүхдийн бие төдийлэн мууддаггүй. Харин өвчин даамжирвал хүүхэд дордож, халуурна, мээмэндээ дургүй, нойрондоо сайнгүй, тайван биш болж, халдвар хордлогын хамшинж илэрнэ.
Идээт хэлбэрийн үед хүйсний хонхор идээт өнгөр бүхий шархтай, түүнээс бохир шүүс байнга гарч байхаас гадна хүйс орчмын арьс улайсан, хөндүүр, нэвчдэстэй, зарим хэсэгтээ бамбалзаж байна. Дарж үзэхэд хүйснээс идээ гарна. Хэвлийн өмнөд ханын буглаа болон хэвлийн гялтангийн үрэвслээр хүндэрч болдог.
Хүйсний үхжилт үрэвслийн үед хүүхэд хүнд, халдвар-хордлогын болон үжлийн хамшинж тод илэрнэ. Үхжилт үрэвсэл тал тал тийшээ ахина. Оношлож, эмчлээгүй удсан тохиолдолд үрэвссэн хэсгийн өөхөн эд үхжиж, арьс хөндийрөн өмөрч унана. Үхжилт үрэвсэл хэвлийн өмнөд ханын бүх давхаргыг хамарвал тэр хэсэг өмөрч унаснаас цоорхой үүсч, түүгээр дотор эрхтэн гарах, хэвлийн гялтангийн үрэвсэл зэргээр хүндэрнэ.
Хүйснээс гарч байгаа шүүсний байдлаар уг эмгэгийн шалтгаан төрөлхийн байна уу? Эсвэл хожмын байна уу? гэдгийг мэдэх боломжтой. Жишээ нь гарч байгаа шүүс идээрхэг буюу идээ байвал хожмын, харин баасны эсвэл шээсний хольцтой бол төрөлхийн гаж хөгжлийн улмаас үүссэн үрэвсэл гэх мэтээр үзнэ.


Оношлогоо:
Оношилход амархан мэт боловч тийм биш. Хүй шүүстэй цөглөж байвал түүний шалтгааныг олж, эмчлэхийн тулд рентген зургийг 2 байрлалаар авна. Энэ шинжилгээг хийхдээ өвчтөнөө дээш харуулан хэвтүүлж, хүйс түүний орчмыг ариутгаж, шүүс гарч буй хэсгийг ариутгасан нарийн гуурсаар шалгахад гуурс хэвлийн өмнөд ханыг дагаад дээшээ явбал хүйсний хураагуур судас, доошоо явбал хүйс-давсагны хооронд үүссэн суваг, ар тийш нуруу руу чиглэлтэй бол хүйс- гэдэсний хооронд үүссэн суваг хэмээн урьдчилан төсөөлж болно. Батлахын тулд гуурсаар иодын усан уусмалаас хийх явцдаа рентгенд харж, зураг авна. Гуурс аль нэг тийш орох болон явах хэсэг үгүй бол хүйсний үрэвсэл дангаараа байж болно. Хүйсний тараагуур болон хураагуур судас үрэвссэн, бөглөрсөн байвал судасны дагуу тэмтэрч үзэхэд хатуу, нарийн гүргэр зүйл тэмтрэгдэнэ.
Эмчилгээ :
Хүй шүүстэй цөглөсөн гэхдээ давсаг болон гэдэстэй холбоогүй энгийн хэлбэрийн үед хүйсийг спирт, устөрөгчийн хэт исэл, марганцийн, физиологийн уусмалаар угааж, цэвэрлэж байхад тавшиж эдгэнэ. Харин үрэвслийн идээт хэлбэрийн үед уг эмгэгийн үүсгэгчийг нян судлалын аргаар тодорхойлж, ямар антибиотикт мэдрэг байна, тэр антибиотикийг зөв хослолтой, хангалттай тунгаар тарина. Ижил бүлгийн шинэ цус, сийвэн, гаммаглобулин мэтээс заалтын дагуу хийнэ.
Хүйсний судаснаас идээ гарч байвал түүнийг сэтгүүрдэн нээж идээг гаргахыг хичээнэ. Тэгэхдээ хүндрэл гаргахаас болгоомжил. Өвчний эхний үед антибиотик бүхий 0.25% -ийн новокайн уусмалаар үрэвслийг тойруулж, хориг хийнэ. 1-3%-ийн натри хлорийн эсвэл магнезийн уусмалаар 6-8 цагийн зайтай боохын зэрэгцээ идээлсэн, бамбалзаж байвал түүнийг нээнэ. Шарх идээгүй болсон үед тосон боолт хийж, УВЧ-ээр шарж болно.
Кальциноз үүссэн бол түүнийг ясны халбагаар хусаж авна. Хүйсний үрэвслийн үхжилт хэлбэрийн үеийн эмчилгээ идээт хэлбэрийн үеийнхтэй ижил авч, түүнийг улам эрчимтэй, олон хоног хийх шаардлагатай. Хүйсний үрэвслийн хүнд хэлбэр үжил, хэвлийн гялтангийн болон ясны цочмог үрэвсэл, элэгний буглаа зэргээр хүндэрч болдог.