Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Сайн байна уу. Намайг Б.Халиун гадаг. Нийслэлийн Өргөө амаржих газрын удирдлага, эмч, эх баригч, сувилагч, асрагч, эм зүйч, лабораторийн хамт олонд чин сэтгэлээсээ баярлаж талархаж байгаагаа илэрхийлмээр байна.

2021.06.15-ны өдөр Ковид-19 халдварын улмаас маш хүнд амьсгалын дутагдалтай төрөх хугацаа болоогүй 33-34 долоо хоногтой жирэмсэн Өргөө амаржих газрын Ковидын 30 ор дэлгэсэн тасагт хүргэгдэж ирсэн.

Хэвтэн эмчлүүлж байгаад 2021.06.18-ний өдөр кесарь хагалгаа хийлгэж амаржаад 11 хоног тасралтгүй эмчилгээ, сувилгаа хийлгэж нялх үр бид 2 бүрэн эдгэрээд  2021.06.29-ний өдөр эмнэлгээс гарлаа.

Эх, үрийг эсэн мэнд амаржуулж бүхий л  хүчин чадлаараа эмчилгээ, сувилгаа хийж эмчлэн эдгэрүүлсэн танай хамт олонд баярлалаа.

Тусгайлан хагалгаа хийсэн Төрөх тасгийн эрхлэгч Эх барих эмэгтэйчүүдийн эмч А.Дүүрэнбилэг, М.Эрдэнэбаатар, мэдээгүйжүүлгийн эмч С.Дүүрэнбаяр нарт болон Нярайн тасгийн эрхлэгч, нярайн эмч Ж.Эрдэнэчимэг, сэхээний сувилагч Э.Одонтуяа, Ковидын багийн ахлах эмч нар Ш.Цэрэнсамбуу, Б.Мягмарцэрэн та бүхэнд чин сэтгэлээсээ баярлаж талархаж байгаагаа илэрхийлмээр байна.

Нярайн эрчимт эмчилгээний тасгийн эмч, сувилагч, асрагч нар ямар их ажилтай байдаг юм бэ. Өдөржин, шөнөжин зогсолтгүй ажиллаж байгаа ч хэзээ  ч хийж байгаа ажилдаа түүртэлгүй сайхан сэтгэлээр бидэнд хандаж байсан мундаг чадварлаг энэ хамт олныг хараад үнэхээр их бахдаж бахархаж байлаа.

Та бүхний ажил үйлсэд өндрөөс өндөр амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг бидний гэр бүлээс хүсэн ерөөе.

ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД ТА НАР ЭНЭ ЦАГ ҮЕИЙН ЭГЭЛГҮЙ БААТРУУД ШҮҮ.

Талархал илэрхийлсэн: Амаржсан эх Б.Халиун, нөхөр А.Амарбаясгалангийн гэр бүлээс