Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Залуусын хэрэглэдэг олон олон хорт зуршлууд нь ирээдүйд эцэг эх болоход нь жирэмсэн болж эрүүл хүүхэд тээж төрүүлэхэд олон талын хортой нөлөө үзүүлдэг байна. Хэрэв та тамхи татаж, архи ууж, хар тамхи хэрэглэдэг (smoking alcohol and drug abuse) бол жирэмсэн болохгүй байх ёстой хэрэв жирэмсэн болоод ээж больё гэж бодож байгаа бол эдгээр хоруудыг хэрэглэхгүй байх ёстой. Дэлхий даяар орчин үед тамхи татах явдал нэлээд түгээмэл болоод байна. Тамхи татдаг эхчүүдэд умайн судасны агшил өгдөг учраас ургийн өсөлт хөгжилт саатаж бага жинтэй хүүхэд төрүүлдэг. Архи уудаг бол архийг хэрэглэх хэмжээ, нэр төрөл, чанар чансаанаас үл хамааран хүүхдэд ургийн архины хам шинж ( fetal alcohol syndrome) гэх өвчин үүсдэг.
Хүн төрөлхтөн тамхины хор уршгийн нөлөөг аль 19-р зуунд нилээд сайн мэдэрсэн юм. 1956 онд улс орон болгоны 40.000 эмч өөрсдийн тамхи татдаг өвчтнүүдийнхээ өвчний түүхэнд өргөн хэмжээний судалгаа хийсэн байна.
Энэхүү судалгааны үр дүнд архаг тамхичид тамхи татдагггүй хүмүүсийг бодвол зүрх судасны болон уушигны өвчнөөр өвдөх нь олон дахин илүү байсан бөгөөд өвчлөгсдийн дийлэнх нь уушигны хорт хавдраар нас баржээ.
-Тамхины утаанаас ялгарах никотин угаарын хий бензпирен нь жирэмсэн эхийн биед орж судасны нарийсал ялангуяа ураг ихсийн системийн цусан хангамж бууруулж ургийн бүтэлт үүсгэхээс гадна дээрх хорт бодисууд эрхтэн системд бүхэлд нь нөлөөлж ургийн өсөлт баригдах хам шинж ( fetal or intrauterine growth restriction) болох бөгөөд дийлэнх нь эхчүүд дутуу төрдөг.

-Ургийн өсөлтийн саатал нь харьцангуй эрт хугацаанд үүсэхээс гадна ургийн бүх эрхтэн системийг хамардаг. Ургийн жин хэвийн жирэмсэнтэй харьцуулахад 200 гр-р бага төрдөг. Тамхи их татдаг байх тусам гарах хүндрэл нь их байна. Өдөрт нэг хайрцаг дотор татдаг эхчүүдэд ургийн перинаталь эндэгдэл (20 долоо хоногоос төрсний дараах 7 хоног) 20% байдаг бол нэг хайрцагаас илүүтэй татдаг эхчүүдэд 35% байдаг байна.

-Тамхи татдаг ээжээс төрсөн хүүхдүүд жин багатай өсөлт хөгжилт удаан байнга өвчлөмтгий байхаас гадна хүүхэд насандаа их энддэг нь батлагджээ. Ер нь жирэмсэн үедээ тамхи байнга татахад жирэмслэлт төрөлтийн хүндрэл 2 дахин илүү тохиолдоно.

-20-р зууны төгсгөлд анагаах ухаанд тамхидалтын жирэмслэлтэнд нөлөөлөх нэгэн зүйл тодорхой болсон нь тамхи нь хүүхдийн бие махбодийн хөгжилд нөлөөлөөд зогсохгүй түүний сэтгэцийн байдалд гүнзгий нөлөө үзүүлдгийг тогтоожээ.
Германы эрдэмтэд тамхичин ээжээс төрсөн хүүхдүүд бага насандаа анхаарал төвлөрөл муутай, цочромтгой, хий хоосон тэмүүлэлтэй, зорилгогүй, оюуны хөгжил хоцрогдолтой байдгыг баталжээ.
-2003 онд эрдэмтэд тамхичин эхээс төрсөн хүүхдүүд дараахь онцлогтой байдгыг тогтоожээ. Үүнд:
1. Тамхичин эхээс төрсөн хүүхдүүдийн 1/3 нь 16 наснаасаа эхлэн чихрийн шижин таргалалттай болдог.

2. Тамхичин эхээс төрсөн хөвгүүдэд төмсөгний хэмжээ бага эр бэлгийн эсийн концентраци нь 20%-р бага байдаг.

3. Тамхичин эхээс төрсөн хүүхдүүд өөрсдөө тамхичин болох нь хэвийн хүүхэдтэй харьцуулахад эрс их байдаг гэдгийг судалгаагаар тогтоожээ.

АРХИНЫ НӨЛӨӨ
Хамгийн гол нь ургийн архины хам шинж гэдэг эмгэг үүсдэг. Тархалт 1000 жирэмсэнд 1-2 нь ургийн архины хам шинжтэй байдаг.
Дараах шинж илэрнэ:
-Ургийн өсөлтийн саатал.

-Микроцефалия тархи жижигхэн

-Микрофтальмия нүд жижигхэн

-Оюуны ухааны хоцрогдол бусад мэдрэлийн эмгэг.

-Нүүрний хэсгийн өөрчлөлт (хамрын уг хавтгай, нахиу хамартай, дээд уруул ховилгүй, дээд уруул нарийхан (загасан уруул), нүдний дотор буланд зовхи нийлсэн, нүүр хавтгай, хамар богинохон, толгой жижигхэн, нүд жижигхэн)

Ургийн архины хам шинжийн илэрхий шинж тэмдгүүдтэй байх нь архины нөлөөгөөр ураг гэмтсэнг илтгэнэ. Ямар хэмжээгээр хэрэглэхээр ургийн архины хам шинж үүсдэг болох нь тогтоогдоогүй байна. Байнгын хэрэглээтэй хүмүүст ч тэр нэг удаа их хэмжээгээр уусан хүмүүст ч ялгаагүй ургийн архины хам шинж үүсдэг. Мөн жирэмсний 2-р хагаст ураг аяндаа зулбах ургийн бүтэлт үүсэх Апгарын оноо багатай ( дөнгөж төсөн хүүхдийг арьсны өнгө, рефлекс, булчингийн тонус, амьсгал, зүрхны цохилтоор нь үнэлдэг шалгуур) хүүхэд төрөх нь элбэг. Архийг тамхи татах болон хар тамхи хэрэглэх явдал байнга дагалдаж явдаг.
Бүгдээрээ жирэмсний ямарч хугацаанд хортой нөлөө үзүүлэх үр хөврөл болон урагт аюултай. Хар тамхи нь ургийн бүтэлт, перинаталь өвчлөл, ургийн өсөлтийн сааталд нөлөөлнө. Иймээс ээжийнхээ ангир цагаан уургийг хөхөж өссөн мөн үр хүүхэддээ шимт цагаан сүүгээрээ тэжээж, монгол хүний эрүүл удмыг үеэс үед дамжуулах эрхэм үүрэг, өндөр хариуцлагатай, үр хүүхдийнхээ эрүүл мэнд, аз жаргал, баяр хөөрөөс аз жаргалын нандин таашаал авч, сэтгэлийн баяр баясгалан мэдрэх хувьтай төрсөн монгол эх та хорт зуршилаас байнга хол яваарай.