ТҮҮХЭН ЗАМНАЛ
Нийслэлийн Өргөө амаржих газрын буурал түүхийн шаргал хуудсанд нэрээ мөнхлөн үлдээж эх үрсийн эрүүл мэндийг хамгаалах нэр төртэй үйлсэд хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн алтан гартай, алдар хүндтэй эмч нар, эх баригч, сувилагч, асрагч, эмнэлгийн нийт ажилтнууддаа болон энэ буянтай сайхан ууган амаржих газарт анхны дуугаа хадааж мэндэлсэн нийт монголчууддаа таны унасан газар, угаасан ус, эх хүйн холбоотой төрөлх Нийслэлийн Өргөө амаржих газрын тань түүхэн замналыг толилуулъя.
Монгол Улсын нийт хүн амын 8 хүн тутмын нэг, Нийслэл Улаанбаатар хотын 3 хүн тутмын нэг нь 1-р амаржих газар мэндэлсэн нь манай эмч бурхад, хүйн ээж нарын нөр хичээнгүй хөдөлмөрийн ач буян билээ.
Тус амаржих газраас:
1. 1960 онд Нийслэлийн 2-р амаржих газар
2. 1962 онд Цацраг туяа эмнэлэг
3. 1966 онд 3-р амаржих газар
4. 1987 онд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Төв, ЭНЭШ-ний хүрээлэн салбарлан байгуулагдсан юм.
Энэ бүгдээс үзэхэд Нийслэлийн төрөх, эмэгтэйчүүдийн томоохон эмнэлгийн байгууллагууд тус ууган амаржих газраас салбарлан байгуулагдсан байдаг.
-Манай хамт олны дундаас 90 жилийн хугацаанд Ардын эмч 1, МУ-ын Гавъяат эмч 15, 20 гаруй эрдэмтэн, Гавъяат эх баригч 2,33 гаруй клинкийн профессор төрөн гарсан нь бид бүхний бахархал юм.
-Монгол улсын 1928 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн Засгийн газрын эрхлэх товчооны гишүүдийн 59 дүгээр хурлын тогтоолоор тэр үеийн төв больниц, клиник эмнэлгийн дэргэд 3 сувилагчийн орон тоотой 6 ортой 900 төгрөгний төсөвтэй төрөх тасаг үүсгэн байгуулагдсан нь Улаанбаатар хотын КЛИНИКИЙН НЭГДҮГЭЭР АМАРЖИХ ГАЗРЫН үндсэн суурь нь болжээ. Таван жилийн дараа 1933 онд Төв больницын мэс заслын тасгийг түшиглүүлэн 10 ортой эмэгтэйчүүдийн тасгийг байгуулснаар эмэгтэйчүүдийн өвчний тусламж үйлчилгээг үзүүлэх анхны суурь тавигдсан байна. Энэ үед үндэсний боловсон хүчин хараахан бэлтгэж амжаагүй байсан учир ЗХУ-аас уригдаж ирсэн их бага эмч, эх баригч нар ажиллаж байлаа.
-Төрөх тасгийн дэргэд 1955 онд 100 ортой эмэгтэйчүүдийн тасгийг бие даасан больницын хэмжээнд байгуулан ажиллажээ. Одоо тус тасаг нь бүх төрлийн эмэгтэйчүүдийн өвчнийг эмчлэх мэс засал, эмчилгээний салбар тасгуудтай эмэгтэйчүүдийн өвчин судлалын орчин үеийн эмнэлэг оношлогоо, эмчилгээний орчин үеийн аргуудыг нэвтрүүлэх гол төв болон улсын чанартай тусламжийг үзүүлж байна.
-Тус амаржих газрыг БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1967 оны 12 дугаар сарын 30-ны № 396 дугаар тогтоолын дагуу 1968 онд КЛИНИКИЙН АМАРЖИХ ГАЗАР болгон өргөтгөсөн байна.
-1978 онд амаржих газрын 50 жилийн ойг тохиолдуулан тус амаржих газрыг -<Алтан гадас> одонгоор шагнасан юм.
-Тус амаржих газар ажиллаж байсан хамт олны дотроос Д.Тамжав, Г.Дуламжав, Ц.Дэмид, Д.Цэвэлмаа, Б.Бадам. Б.Жав, Б.Үйлст, Б.Бүлтэн, Ч.Содномпил, М.Энхтуяа, Ш.Цэрэнсамбуу нар хүний гавьяат эмч, М.Дамбадорж, гавьяат багш цолоор тус тус шагнагдаж, Б.Жав , Б.Лувсан-Ёндон, С.Дорж, Д.Ичинхорлоо, Д.Цэндсүрэн, Д.Дариймаа, Д.Баттогтох, Ш.Цэрэнсамбуу, Г.Баясгалан, Ч.Мядаг, Т.Одбайгал, А.Дүүрэнбилэг, Д.Уранчимэг, С.Мөнхзул, нар Анагаах ухааны Докторын зэрэг хамгаалжээ.
Ч.Дариймаа, Б.Үйлст, Ч.Содномдил, Б.Бүлтэн, М.Энхтуяа, Д.Энхбаяр, С.Баясгалан, Д.Оюунцэцэг, Б.Лхамаахүү, Н.Эрдэнэцэцэг, Н.Бадрах, Д.Өнөржаргал, Д.Сумъяа, Ц.Мөнхцэцэг нар клиникийн профессор цол хүртсэн байна.
-Амаржих газрын шинэ өргөтгөлийг 2011 – 2012 онд Цаст констракшин ХХК барьж 2013 онд 150 ортой орчин үеийн техник тоног төхөөрөмж бүхий өргөтгөлийг хүлээлгэн өгсөн. 2013 оны 06-р сарын 15 наас шинэ өргөтгөл ашиглалтанд орж шинэ бүтэц зохион байгуулалттайгаар эхчүүд, эмэгтэйчүүддээ эмчилгээ үйлчилгээ үзүүлж ажиллаж байна.
-2013 оны 06 сарын 22 ны өдөр Клиникийн нэгдүгээр амаржих газрыг Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын эмч Б.Жавын нэрэмжит болсон юм.
Тус өргөтгөл нь орчин үеийн шаардлага хангасан мэс заслын вакум өрөөтөй, хүчилтөрөгчийн нэгдсэн системтэй, цахилгааны саатал гарсан тохиолдолд гурван секундын дотор тогоор хангах дизель цахилгаан үүсгүүртэй, тусгай хоол зөөдөг, зорчигчын гэх хоёр төрлийн лифттэй зэрэг олон давуу талтай эмнэлэг юм.
-Манай Өргөө амаржих газар нь үйл ажиллагаа, чанартай үйлчилгээ, мэргэжлийн тусламжийн чанар, багаар ажиллах чадвар, олон нийтийн оролцоо, сургалт сурталчилгааны үйл ажиллагаагаараа үнэлэгддэг юм.
-Нийслэлийн эрүүл мэндийн газрын 2014 оны 9-р сарын 22-ны А/97 тоот тушаалаар Нийслэлийн Өргөө амаржих газар болон нэршил өөрчлөгдсөн.
- Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 17-ны А/70 тоот тушаалын дагуу Нийслэлийн өргөө амаржих газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 31-ны А/54 тоот тушаалаар Эмгэг нярайн тасгийг 23 ортойгоор 2015 оны 08 дугаар сарын 01-нээс нээн ажиллуулсан.
- 2018 оны 06-р сарын 01-ний өдөр Нийслэлийн Өргөө амаржих газрын 90 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГ"-ийн одонгоор шагнав.
- 2018 оны 06-р сарын 01-ний өдөр Нийслэлийн Өргөө амаржих газрын 90 жилийн ойн баярыг тохиолдуулан Нийслэлийн дээд шагнал "ХАНГАРДИ" одонгоор шагнав.
- Амаржих газрын бэлэг тэмдэг /лого/