Сүүлийн биений юм ирсэн анхны өдрөөс жирэмсэн болоод 37 долоон долоо хоногийн дотор эрт болон хожуу хугацаанд зулбах, дутуу төрөх, хугацаа гүйцээгүй төрөлт явагдахыг жирэмсний дутуу тээлт гэнэ. Ангилал нь:
1. Зулбалт. Энэ нь жирэмсэн болсноос хойш 21 долоо хоногийн дотор жирэмслэлт таслагдахыг хэлнэ.
2. Зуршмал зулбалт. Ураг аяндаа 3-аас дээш удаа зулбахыг зуршмал зулбалт гэдэг.
3. Дутуу төрөлт. Жирэмсний 22-37 долоон долоо хоног дотор төрөлт явагдахыг дутуу төрөлт гэнэ.
ЗУЛБАЛТ
Өнөөдөр ДЭМБ-н тодорхойлолтоор жирэмсний 20-21 долоо хоногийн дотор 500 гр хүртэл жинтэй амьдрах чадваргүй үр хөврөл болон ураг өөрөө аяндаа зулбаж гарахыг зулбалт гэж үздэг байна. Зулбалт бол жирэмсний хамгийн элбэг тохиолддог хүндрэлийн нэг бөгөөд ойролцоогоор нийт жирэмсэн гэж оношлогдсон эмэгтэйчүүдийн 20%-д нь зулбалт тохиолддог байна.
Тэдний ихэнх нь (60%) нь эхний 3 сард буюу 12 долоо хоног дотор явагддаг бөгөөд энэ хугацааны зулбалтыг жирэмсний эрт үеийн зулбалт, 12-21 долоо хоног доторхийг жирэмсний хожуу зулбалт гэнэ.
Хэдийгээр нийт жирэмсэн гэж оношлогдсон тохиолдолд 15-20%-д нь зулбадаг гэж тогтоосон боловч түүнээс ч өндөр хувь байдаг гэж үздэг. Биений юмны сааталгүйгээр үр хөврөл тогтоод 40% нь бэхлэгдэж чадахгүйгээр зулбаж байдаг гэж үздэг. Үүнийг оношлогдоогүй зулбалт гэдэг бөгөөд ингэж тооцбол нийт жирэмслэлтийн дотор 50% тохиолддог хамгийн түгээмэл эмгэг бол зулбалт юм.
ҮНДСЭН ШАЛТГААН:
Эхний 3 сард нийт зулбалтын 60% болдог бөгөөд жирэмсний хугацаа томро тусам түүний хувь буурдаг. 6 долоо хоногтойд ургийн зүрхний цохилт эхо-д мэдэгдэх бөгөөд энэ хугацааны зулбалт 6-8% эзэлдэг бол 8 долоо хоногоос хойш зулбах эрсдэл 2-3 дахин буурдаг байна. Зулбуулахаар урагт нөлөөлж байгаа үндсэн шалтгаануудыг гадаад болон дотоод мөн генетикийн шалтгаантай гэж ангилна. Хамгийн түгээмэл шалтгаан нь генетикийн шалтгаантай бөгөөд жирэмсний хугацаа томрох тусам нөлөөлөл нь багасдаг. Эхний 3 сарын зулбалтын 70%, 2 дахь гурван сарын 30%, 3 дахь гурван сарын амьгүй төрөлтийн 3% нь хромосомын гажигаас үүссэн эмгэгээс шалтгаалдаг болох нь тогтоогджээ. 35-с дээш насанд хромосомын шалтгаантай зулбалт эрс нэмэгддэг байна.
1. ГЕНЕТИКИЙН ШАЛТГААН
Зулбасан үр хөврөл болон урагт хийсэн судалгаагаар хромосомын гажиг ялангуяа мейоз хуваагдлын үед үүссэн трисоми, 45Х кариотип бүхий Х хромосмын моносоми, ялангуяа 16-р хромосомийн трисоми нийт эмгэгийн 1/3-г эзэлдэг байна. Нийт зулбалтын 10-20% нь хромосомын гажигтай холбоотой бөгөөд зулбаж байсан өгүүлэмжтэй гэр бүлд удамшлын өвчтэй төрөлхийн гажигтай, оюун ухааны хомсдолтой хүүхэд төрүүлэх явдал элбэг байдаг бөгөөд үргүйдэл, дутуу тээлт, тодорхой шалтгаангүй амьгүй ураг төрүүлэх явдал түгээмэл байдаг. Иймд байнга зулбадаг болон дутуу төрдөг өгүүлэлтэй жирэмсэн эхэд 12-17 долоо хоногт хромосомын гажиг илрүүлэх пренаталь скрининг шинжилгээ зайлшгүй хийх шаардлагатай. ( хорионы гонадотропин, альфафетопротейн, PAPP-уураг, чөлөөт эстриол болон эхо скрининг хийж хромосомын эмгэгийн үеийн маркер үзүүлэлт мөн 12 20-22 долоо хоногийн эхо скрининг хорионы биопси, амницентез )
Эдгээр тодорхой хугацаанд хийгддэг стандарт шинжилгээ нь ургийн гажигыг жирэмсэн хугацаанд нь илрүүлэх үндэс болно. Харьцангуй хожуу хугацааны дутуу тээлт нь олон шалтгаантай байдаг.
2. ДОТООД ШАЛТГААН
Умайн гаж хөгжил ( салаалсан эмээл хэлбэрийн умай), умайн хоргүй хавдар, умайн наалдац ( умайд хийсэн ажилбар болон үрэвслээс шалтгаалсан) зэргээс болдог. Мөн умайн хүзүүний шалтгаан умайн хүзүүний дутмагшил ( умайн хүзүү жирэмсний 2-р хагаст богиносох юүлүүр хэлбэртэй болж дотор хөөмийн нээлт тэлэгдэлт болох) нөлөөлдөг.
3. ДОТООД ШҮҮРЛИЙН ШАЛТГААН
Эндометрийн децудаль давхаргийн дутагдлаас ургийн өндөг бэхлэгдэж чадахгүй байх, үр хөврөлийн идэвхжлийн дутагдлаас хорион үүсч чадахгүй байх, ихсийн анхдагч дутмагшил ( умайн децудаль бүрхүүлийн судаслаг давхарт трофобласт нэвчих давалгааны хямралаас) гиперандоген буюу эстрогены андрогений харьцаа алдаглаас голлон шалтгаалдаг байна. Мөн бусад дотоод шүүрлийн болон дархлааны хямралаас зуршмал зулбалт болдог байна. Дээрхи олон шалтгаанууд нь хоорондоо харилцан уялдаа холбоотой байхаас гадна харилцан нөлөөлөх үйлчлэлтэй байдаг тул яг үндсэн шалтгааныг нь онцлон тодруулах нь хүндрэлтэй байдаг.
Зулбалтын механизм янз бүрийн шалтгаантай явагдана. Умайн булчингийн тонус нэмэгдээд агшилт болоход ургийн өндөгний ховхролт үүснэ улмаар ураг зулбана. Зарим үед ураг өсөлтгүй болоход умайн тонус нэмэгдээд агшаад ургаа зулбуулчихдаг. Дотоод шүүрлийн шалтгаантай үед дааврын хямралууд нь ураг хэвийн өсч хөгжих таатай нөхцөл бүрдүүлдэггүй байх жишээтэй. Жирэмслэлт хэвийн өсч хөгжиж байхад умайн хүзүүний дутмагшилтай бол дутуу төрчихөж болно.