Манай жирэмсэн ээжүүдийн дунд ясжилтын цэг нь үүсээгүй байна кальцийн бэлдмэл уу гэсэн, ясжилтын цэг гэж чухал юм байна юу юм болоо гэсэн асуулт үүсээд байдаг. Тэгвэл ясжилтын цэг биш ясжилтын төв гэдэг нь анагаах ухааны зөв нэршил юм.
Хэт авиан шинжилгээгээр ургийн ясны эпифизийн ясжилтын төвийг тодорхойлсоноор жирэмсний хугацааг хэрхэн тогтоох вэ?
Жирэмсний эхний гурав дах сараас эхлэн ургийн анхдагч ясжилтийн төвүүд хэт авиан шинжилгээгээр тодорхойлогдож эхлэдэг.
Харин жирэмсний гурав дах гурван сарын хугацаанд ясны хамгийн хөгжил гүйцсэн болон төвлөрч байрласан эсүүд мөгөөрс хэлбэрээс ясан хэлбэрт хувирч шилждэг. Эдгээр хоёрдогч ясжилтийн төвүүд хэт авиан шинжлгээний тусламжтайгаар тодорхойлогддог бөгөөд ясжилтын төвлөрөл улам нэмэгдсээр төрсний дараа бүрэн ясжиж бэхждэг байна.
Хоёрдогч ясжилтын төвийг илрүүлж хэмжсэнээр ургийн ясны хөгжлийн гүйцэлт болон өсөлтийн талаар ач холбогдолтой мэдээлэл авах боломжтой болдог.
Үндсэн гурван ясжилтын төвийг ихэвчлэн сонгож хэмждэг. Үүнд: дунд чөмөгний өвдөг хэсгийн, шилбэний дээд хэсгийн, атгаал чөмөгний эпифиз хэсгийн гэсэн ясжилтын төвүүд орно.
- Дунд чөмөгний өвдөг хэсгийн (Distal femoral epipyseal (DFE)) ясжилтын төв жирэмсний 29 долоо хоногоос өмнө харагдаж болох боловч ихэнх урагт жирэмсний 33 долоо хоногоос харагдана.
- Шилбэний дээд хэсгийн (Proximal tibial epiphyseal (PTE)) ясжилтын төв нь жирэмсний 35 долоо хоногоос эхлэн тодорхойлох боломжтой болдог.
- Атгаал чөмөгний дээд хэсгийн (Proximal humeral (PHE)) ясжилтын төв нь жирэмсний 38 долоо хоногоос хойш илэрхий мэдэгдэж эхлэдэг байна.
Дээрх байдлаас дүгнэхэд:
1. Жирэмсний 32 долоо хоногоос өмнө дээрх ясжилтын төвүүд аль нь ч харагдахгүй. Иймээс 32 долоо хоногтойгоос өмнө ясжилтын төв үүсээгүй байна, кальцийн бэлдмэл уу гэдэг нь буруу зөвлөгөө юм.
2. Хэрэв дээрх төвүүдээс нэг нь харагдаад бусад нь харагдахгүй бол жирэмсний хугацаа тэрхүү хоёр хугацааны дунд байна гэж үзнэ.
3. Хэрэв дээрх ясжилтын төвүүд бүгд тодорхойлогдож байвал жирэмсний хугацаа 38 долоо хоногоос илүү гарсан байна гэж дүгнэдэг.
Анхаарал хандуулах шаардлагатай зүйлс:
1. Дээрх ясжилтын төвүүд үүсээгүй байх нь ургийн уушгины хөгжил гүйцээгүй эсвэл төрөх хугацаа болоогүй байна гэж дүгнэнэ.
2. Ясжилтын төвийн хажуугийн бүтэцүүд болон үений бүрхүүл зэргийг андуурч хэмжиж болохгүй гэдгийг санах хэрэгтэй.
3. Дунд чөмөгний өвдөг хэсгийн (Distal femoral epipyseal (DFE)) ясжилтын төв нь 7 мм болон түүнээс том байх нь жирэмсний хугацаа 37 долоо хоног болон түүнээс илүү гарсанг илтгэнэ. Харин энэ хэмжээ нь чихрийн шижин мэтийн жирэмсний эмгэгийн үед ургийн уушгины хөгжилтэй хамааралгүй байдгийг анхаарах хэрэгтэй.