Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Жирэмсэн болсон эхчүүд эмчид хэзээ хандах, эмчид хандаж хяналтанд хэрхэн орох, хяналтанд орсноор ямар шинжилгээнүүд өгөх, тэдгээрийн ач холбогдлын талаар өгүүлэхийг зорьлоо.
Эмэгтэй хүний амьдрал хоёр зурааснаас эхэлдэг гэдэг хошин яриа байдагчлан жирэмсэн болсон цагаас эхлэн хүний амьдралын бас нэгэн чухал үе эхэлдэг. Жирэмсэн болонгуут ирээдүйд ээж болох шинэ амьдралын ертөнцдөө бэлдэх биш бага өсвөр наснаасаа эхлэн охид бүсгүйчүүд өөрсдийн хувийн амьдрал, биеийн эрүүл мэнд, гоо зүйдээ анхаарч байх ёстой билээ.
Нэгэн бүсгүй ээж болонгуутаа нэгэн нэрт эрдэмтэн, профессороос за би хүүхдээ ирээдүйд эрүүл хүн болгохын төлөө одооноос юунд анхаарч хэрхэн хүмүүжүүлэх вэ гэж асуухад зөрүүлэн танай хүүхэд хэдэн настай вэ? гэж асууж тэгэхэд нь төрөөд 3 хонож байна гэсэнд өө та бүтэн нэг жил алдчихсан байна ш тээ гэсэн гэдэг.
Ер нь жирэмсэн болсон цагаасаа эхлэн жирэмсэн эхийн бие махбод, сэтгэл санаа, амьдралын дадал хэвшил, хоол унд, дасгал хөдөлгөөн, өөрсдийн хүсэл сонирхолоос ургийн өсөлт хөгжилт жирэмсний явц болон жирэмсний тээлтийн явцад үүсэх өвчин эмгэг шууд болон дам байдлаар нөлөөлдөг гэж үздэг.
Хүүхэд эхийн хэвлийд байхдаа л ээжийн сэтгэл санаа тайван, баяр хөөртэй, аз жаргалтай байхад ихэд амгалан байж, ээж айж сандрах сэтгэл санааны түгшүүрт орсон үед хүүхэд мөн л таагүй болж зүрхний цохилт эрс түргэсч, мэдрэлийн систем үүсч хөгжин боловсорсон үед өөрийн ээж, аав, өөрийн ах эгч байнга ээжтэй нь харилцаж байгаа хүмүүсээ хэдийнээ таньдаг болохоос гадна, ээжийнхээ сэтгэл түгшилт болон баяр баясгалан орчны өөрчлөлтийг хүртэл мэдэрдэг байна.
ЖИРЭМСНИЙ ХЯНАЛТ ГЭЖ ЮУ ВЭ?
Жирэмсэн эхчүүдийг жирэмсэн байх хугацаанд буюу төрөх хүртэл биеийн эрүүл мэндийн байдал, ургийн өсөлт хөгжилт түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлсүүдийг илрүүлэх, жирэмслэлтийн үед үзүүлж байгаа тусламж үзлэг шинжилгээ түүний үр дүнд хийж байгаа дүгнэлт зэрэг эрүүл мэндийн бүхий л тусламж үйлчилгээг цогцоор нь жирэмсний хяналт гэнэ.
ЖИРЭМСНИЙ ХЯНАЛТЫН АЧ ХОЛБОГДОЛ ЮУ ВЭ?
Та жирэмсний хяналтанд орсноор өөрийн эрүүл мэндийн байдлын талаар тодорхой мэдээлэл илрүүлэг авах, удамшлын болон олдмол, далд шинж тэмдэггүй өвчин эмгэг илрүүлэх, жирэмслэлт төрөлтөнд нөлөөлж болох өвчин эмгэгүүдийг эрт илрүүлж оношлуулан түүнд тодорхой арга хэмжээ авах, жирэмслэлт төрөлтийн үед үүсч болох хүндрэл, ургийн өсөлт хөгжилтөд нөлөөлж болох тодорхой хүчин зүйлсийг мэдэж урьдчилан сэргийлэх боломж бүрддэг ач холбогдолтой юм.
Иймд жирэмсний хугацаанд эрт орж тогтмол үзлэг шинжилгээнд хамрагдснаар таны болон таны хүүхдийн эрүүл мэндэд маш чухал ач холбогдолтой билээ.
Жирэмсний хяналтын зорилго нь юу вэ?
Эхний 3 сар буюу эрт хандаснаар та яах вэ?
1. ӨГҮҮЛЭЛ АСУУМЖИЙН ТОДРУУЛАХ ЗҮЙЛС.
-Жирэмсэнг тодруулж оношлоно, түүний хугацааг тодорхойлно, төрөх хугацааг тогтооно.

-Жирэмсэн болсон эхийн эрүүл мэндийн байдлыг шинжилнэ, бусад нарийн мэргэжлийн эмч нарын бүрэн үзлэг хийнэ. ( шүдний эмч, нүдний эмч, дотрын эмч, чих хамар хоолойн эмч)

-Жирэмсний тээлтийн асуудлыг шийднэ. ( хүссэн болон хүсээгүй жирэмслэлт, жирэмслэлтэнд нөлөөлөх гадны болон дотоод шалтгаан хүчин зүйл буй эсэх тодруулна)

-Тухайн эхийн биеийн эрүүл мэндийн байдлын онцлогыг тодруулж, шаардлагатай бол хувь хүний онцлог, тухайн хүний эрүүл мэндийн байдлаас шалтгаалан түүний архаг хууч өвчин эмгэг, амьдралын нөхцөл, эрүүл мэндийн онцлогтой холбоотой жирэмсний хяналтын төлөвлөгөө гаргана.

-Жирэмсний ажил амралт, хоол ундны зөв дэглэм тогтоох эх болоход сэтгэл санаа, ажил хөдөлмөр, амралт дэглэмээ зохицуулахад бэлдэх чиглэл өгнө.

-Жирэмсний үед илрүүлсэн өвчин эмгэгт шаардлагатай эмчилгээ, тодорхой эмгэгээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө гаргана.

ЖИРЭМСНИЙ ХЯНАЛТАНД АНХ ОРСОН ЭХИЙН АСУУМЖ ТОДРУУЛГЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ?
Анх хяналтанд хандсан жирэмсэн эхчүүдэд гэр бүл, эмэгтэйчүүд, эх барихын талын онцлог асуумж заавал авч тодруулна.

ГЭР БҮЛИЙН АСУУМЖ
-Гэр бүл удамд нь чихрийн шижин, артерийн даралт ихсэх өвчин, сүрьеэ, бүх эрхтэн системийн хавдар, сэтгэцийн эмгэг, ихэр жирэмслэлт, гэр бүл дагалдсан удамшлын болон төрөлхийн эмгэг өвчин буй эсэх заавал тодруулна.

-Эх барих эмэгтэйчүүдийн асуумжинд биений юмны онцлог, анх хэдэн насанд ирсэн, тогтвортой эсэх, их бага хэмжээтэй ирдэг, сүүлийн биений юм ирсэн хугацаа, хэрэв давтан төрөгч эх бол урьдах төрөлтийн онцлог, хүүхдийн жин, хөгжил, төрөлт хоорондын хугацаа, мөн үр хөндөлт буй эсэх, түүний хүндрэл, зулбалт түүний шалтгаан хэлбэр, урьд нь хийгдэж байсан хагалгаа мэс засал заавал тодруулна.

-Урьд нь өвдөж байсан өвчин эмгэг харшил, хэрэглэдэг эм, хоол ундны дэглэм, өвчилж байсан өвчин улаанууд, токсоплазмоз, цитомегаловирус, бэлгийн хомхой, архаг тонзиллит, бөөр, элэг цөс, зүрх судас, дотоод шүүрлийн эмгэг, хавдрын эмгэг, харшлын өвчнүүд тодруулна.

-Амьдралын хэвшил, ажил хөдөлмөрийн онцлог, хорт зуршил, мэргэжлийн өвчин эмгэг бий эсэх заавал тодруулна.

2. ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭ
Жирэмсэн эхийн ерөнхий болон тусгайлсан үзлэг хийнэ.
Биеийн ерөнхий үзлэгт эмэгтэй биеийн жин, өндөр, биеийн галбирын онцлог, аарцаг, нөхөн үржихүйн эрхтнүүдийг үзэж шинжилнэ. Артерийн даралтыг 2 гарт хэмжиж, амьсгал, зүрх судасны системийн үзлэг, хийж бамбай булчирхай, хөхний булчирхай, элэг хэвлийн эрхтнүүдийг үзэж шинжилнэ.
Эмэгтэйчүүдийн тусгайлсан үзлэгт толь тавьж үтрээ умайн хүзүүний байдлыг харж, шинжлэн арчдас болон эсийн шинжилгээ авна, дотуур үзлэгээр умайн хэмжээ байдалд дүгнэлт өгч дайвруудыг үзнэ.
3. Шинжилгээнд: цусны ерөнхий шинжилгээ, цусны бүлэг, гематокрит, ацетон, кетоны бие, цусны резус хүчин зүйл, коагулограмм, ДОХ, серологи, элэгний вирусын шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ хийнэ.
4. Жирэмслэлт болон ургийн гаж хөгжил үүсгэх архаг халдвар буй эсэх заавал тодруулна. ( TORCH-халдвар токсоплазмоз, улаанууд, цитомегаловирус, герпес) хэрэв улаанууд, цитомегаловирус, токсоплазмозын антитело (эсрэг бие) илрэхгүй бол жирэмсэн үед халдвар авах эрсдэлтэй бүлэгт оруулна.

5. Сүрьеэ, тэмбүү, ДОХ, чихрийн шижинг шинжилгээгээр заавал тодруулна. Үтрээний шүүрэлд бактериолог, вируслоги шинжилгээ хийж, хөндийт эрхтний салстаас нян тээгчийн шинжилгээ заавал авна.