Энэхүү халдвар нь хүн амын дунд нилээд түгээмэл байдаг учраас жирэмслэхээс өмнө болон жирэмсний хяналтын хугацаанд шээс бэлгийн замын халдварыг илрүүлэх, халдвар оношлох бэлгийн замын өвчин илрүүлэх бүрэн комплекс шинжилгээ хийх зайлшгүй шаардлага үүсдэг.
Энэ хүрээнд ПРЕНАТАЛ ХАЛДВАР-н асуудал чухал байр суурь эзэлнэ. Пренатал халдвар гэдэг нь ураг эхийн хэвлийд байхдаа болон төрөх үедээ халдвар авах бөгөөд халдварын эх үүсвэр нь эх өөрөө байдаг онцлогтой.
Пренатал халдвар илрүүлэх шинжилгээ
Үтрээнд арчдасын шинжилгээ хийж эмгэг нян илрүүлж цэвэршилтийн зэрэг тогтооно.
-хламид, микоплазм, уреаплазм, хомхой, цитомегаловирүс (ЦМВ)-г PCR буюу нуклейн хүчлийн дэслэл тогтоож гинжин холбох урвалаар оношлох, серологи шинжилгээ хийж ДОХ, HBsAg, HCV-г илрүүлэх, хомхой, цитомегаловирүс, токсоплазмыг IgM болон IgG тодорхойлж оношлоно.
Мөн төлөвлөн жирэмсэн болохоос өмнө хэрвээ доорхи эмгэгээр өвдөөгүй бол заавал вакцин хийлгэх шаардлагатай.
-салхин цэцэг, улаанууд, гепатит, улаан эсэргэнэ, гахайн хавдар, томуу, саагийн вакцинуудыг хийлгэнэ.
Эхний 3 сард дээрх халдвар илрүүлэхийн тулд
1. Үтрээний арчдас авч нян илрүүлж цэвэршилтийн зэрэг тогтооно. Үтрээний арын хүнхрээ, умайн хүзүүний суваг, шээсний сүвээс оношлогооны материал авч PCR буюу гинжин холбох урвалаар нуклейн хүчлийн дэслэл тогтоож ( хламид, микоплазм, хомхой, ЦМВ) ДОХ, HBsAg, HCV-г илрүүлэх серологи шинжилгээ, ЦМВ, улаанууд токсоплазм хомхойн халдварыг иммунологи тест хийж IgM, IgG илрүүлэн хийнэ.
2. Мөн бэлгийн хамтрагч болон нөхөрт ДОХ-н халдвар, В гепатит ( HbsAg), гепатит C ( HCV антитела ) хомхойн вирүс ( ЦМВ ба хомхойн вирүс илрүүлэх IgM, IgG) шинжилгээнүүд хийж халдварын хүрээг тогтооно. Хэрэв жирэмсэн эмэгтэйд халдвар илрээгүй нөхөрт болон бэлгийн хамтрагчид илэрсэн тохиолдолд аюулгүй бэлгийн харьцаа хийхийг зөвлөнө.
3. Хэрэв HbsAg, HCV ( элэгний В,С вирүс тээгч шинж тогтоогдвол элэгний сорил хийлгэж гепатитын бүх вирүсийн маркер тогтооно.
Хэрэв ЦМВ ба хомхойн хурц халдвар болон архаг халдварын сэдрэл байгаа бол ( эсрэг биеийн титр 3-4 дахин ихсэх) судсаар иммуноглобулин хийнэ. Шээс бэлгийн замын хламид микоплазмын халдвар байгаа бол жирэмсний хоёр дахь 3 сард эмчилнэ, бактериальный вагиноз, мөөгөнцөр байгаа бол үтрээний орчин хэвийн болгох эмчилгээ хийнэ.
Бактериальный вагиноз үед далацин, бетадин, тержинан эмчийн заавраар хэрэглэнэ. Үтрээний мөөгөнцөрт натамицин, эконазол, тержинан, итроконазол зэрэг эм лаа хэлбэрээр эмчийн заавраар хэрэглэнэ. Халдварын эмчилгээг хийлгэхдээ шинжилгээ хийлгэж илрүүлэн, онош тавигдсны дараа мэргэжлийн эмчийн заавраар эмчилгээ хийлгэх шаардлагатай. Мөн эмчилгээний үр дүнг давтан шинжилгээ өгч тооцон, шинэ халдварыг эмчлүүлэн, дахин халдвар авахаас урьдчилан сэргийлэх шаардлагатай.
Шээс бэлгийн замын халдвартай жирэмсэн эхчүүдийг ургийн дотоод халдвар, пренатал халдвар, ураг нярайн халдварт эмгэг үүсэх өндөр эрсдэлтэй бүлэгт хамруулан ургийн дотоод халдвартай хүүхэд, дутуу төрөх, бага жинтэй нярай төрөх эрсдэл хүлээж байгааг онцгой анхаарна.