Умайн хөндийн дурангийн мэс засал / Hysteroscope / гэдэг нь: тусгай гэрэл үүсгэгчтэй хатуу болон уян дуранг ашиглан умайн хөндий рүү үтрээ, умайн хүзүүн сувгаар дамжуулан оруулж, умайн хөндийг шингэнээр дүүргэн түүний бүтэц, салстын байдал, эмгэг өөрчлөлтийг видео дэлгэц дээр харж оношлож эмчилдэг ажилбар юм.
Hysteroscope -г 20-р зууны сүүлийн хагасаас эхлэн эмэгтэйчүүдийн өвчний оношилогоо, эмчилгээний практикт умайн хөндийг дурандах ажилбарыг өргөнөөр ашиглаж байна.
Ямар төрөл байдаг вэ?
· Эмчилгээний зорилгоор хийгдэх - МЭС ЗАСЛЫН ТАСАГТ хийгдэнэ
· Оношлогооны зорилгоор хийгдэх - АМБУЛАТОРЫН ӨРӨӨНД хийгдэнэ.
Эмчилгээний HYSTEROSCOPE-д ямар өвчнийг эмчлэх вэ?
· Умайн хоргүй хавдрын зангилааг авах
· Умайн хөндийн ургацгийг авах
· Умайн салстын хэт зузаарлыг эмчлэх
· Мөчлөггүй цус алдалттай үед умайн дотор салст давхаргыг сорвижуулах
· Умайн булчин руу шигдсэн ерөндөгийг авах
· Умайн хөндийн наалдац салгах
· Кесар мэс заслын сорвины деффиктийг өөлж авах
· Умайн хөндийн таславчийг салгах ................ гэх мэт өвчин эмгэгийг эмчилнэ
Оношлогооны HYSTEROSCOPE-д ямар өвчин эмгэгийг оношлох вэ?
· Умайн мөчлөггүй цус алдалтын шалтгааныг илэрүүлэх
· Цэвэршилтийн дараахь умайн цус алдалт
· Эмэгтэйн үргүйдлийн үрийн хоолойн битүүрэл, наалдац
· Умайн хөндийн бүтэц зүйн өөрчилөлт /таславчтай,наалдацтай /
· Умайн салстын хэт зузаарлыг оношлох
· Умайн салстын ургацаг, миомын зангилааг оношлох
· Умайн булчинд шигдсэн ерөндгийн байршлыг тогтоох
· Эндометриозийн оношлогоо............. гэх зэрэг өвчин эмгэгийг оношлодог.
Мэс засалд орохгүй байх эсрэг заалт :
· Жирэмсэн
· Цус бүлэгнэлтийн эмгэгтэй эсвэл аспирин, варфарин гэх цус шингэлэх эм удаан хугацаанд хэрэглэсэн
· Үтрээ, умайн хүзүү, бага аарцгийн үрэвсэлт өвчин сүүлийн 6 долоо хоногт эмчлүүлсэн
· Үтрээний үрэвсэл ихтэй
· Умайн хүзүү, умайн салстын хавдар оношлогдсон
Ямар эрсдэл, хүндрэл байдаг вэ?
· Умайн хүзүү ба умай гэмтэх
· Халдвар авах
· Цус алдалт
· Давсаг, гэдэс гэмтэх
· Ховор тохиолдолд цусанд хийн эмболи үүсэх ............. зэрэг хүндрэл
Эмнэлэгт хэд хоног хэвтэх вэ?
· Өвчтөн мэс засалд орсон өдөртөө эмнэлгээс гарч болно.
Ямар тохиолдолд эмчдээ яаралтай хандах вэ?
· Хэвлийгээр хүчтэй хатгуулж өвдөх
· Халуурах
· Доош их хэмжээтэй цус алдах
· Дотор эвгүйрхэж бөөлжих ............. зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгтээ яаралтай хандана.