Эх барих эмэгтэйчүүд судлалын практикт 2000 оноос нугасны мэдээгүйжүүлгийг өргөн хэрэглэж байна. Нугасны мэдээгүйжүүлгийг кесар хагалгаагаар төрөлтийг шийдвэрлэх, төрүүлэх нь өргөжсөөр байна. Энэхүү мэс заслыг нугасны мэдээгүйжүүлгийн дор гүйцэтгэдэг болохоор эхчүүд болон гэр бүлийхэнд энэ талаарх энгийн мэдээллийг хүргэж байна.
Ерөнхий унтуулгаас нугасны мэдээгүйжүүлэг ямар давуу талуудтай вэ?
· Бага аарцгийн хөндийн мэс засалд илүү тохиромжтой
· Хот, хөдөөгийн ямарч шатлалын эмнэлэгт хэрэглэх боломжтой
· Эх сэрүүн байж хүүхдээ харах боломжтой
· Хагалгааны дараах өвдөлт бага байх
· Хагалгааны дараах бөөлжих, дотор муухайрах шинж тэмдэг бага
· Мэдээгүйжүүлэг хийхэд хялбар, хурдан байх
· Нярайд эмийн бодисын дарангуйлал үүсэх сөрөг нөлөө огт байхгүй
· Ерөнхий унтуулгатай холбоотой үүсдэг зарим хүндрэлээс зайлсхийх боломжтой
· Нугасны мэдээгүйжүүлгийн дараа эх ухаантай байх
Нугасны мэдээгүйжүүлгийн тухай
Юуны өмнө нугасны бүтэцийг энгийнээр тайлбарлавал нугас нь тархинаас үргэлжилсэн мэдрэлийн багц бөгөөд нугалам нурууны сувагт байрладаг. Нугасны хатуу хальс нь нугасны гадуур уут үүсгэн хүрээлэх ба үүний дотор тархи нугасны шингэн байна. Нугаснаас нугалмуудын уулзвар бүрийн түвшинд хос мэдрэл салаалан гарч их биеийг мэдрэлжүүлдэг. Насанд хүрсэн хүнд нугас нь бүсэлхийн 1 эсвэл 2-р нугалмын түвшинд төгсөх ба харин хатуу хальсан уут нь ууцны нугалам хүртэл үргэлжилдэг. Бүсэлхийн 2-р нугаламаас доош түвшинд хатуу хальсны уутанд хийсэн хэсгийн мэдээгүйжүүлэгч бодис нь тархи нугасны шингэнд тархаж нугасны мэдрэлүүдийн дамжуулалтанд хориг үүсгэснээр нугасны мэдээгүйжүүлэг үүсдэг. Энэ арга нь кесар хагалгааны үед түгээмэл хэрэглэгддэг, аюулгүй арга юм. Гэхдээ кесар хагалгааны үеийн мэдээгүйжүүлгийг нугасны мэдээгүйжүүлэг хийхээр төлөвлөсөн ч мэс заслын байдал болон нугасны мэдээгүйжүүлэг хийгээд амжилтгүй болсоноор ерөнхий унтуулга хийж болох талаар эхчүүд ойлголттой байх ёстой.
Нугасны мэдээгүйжүүлгийг хэрхэн хийх вэ?
Нугасны мэдээгүйжүүлгийг хажуугаараа хэвтсэн, суугаа гэсэн 2 үндсэн байрлалаар хийдэг. Суугаа байрлал нь мэдээгүйжүүлгийг илүү хурдан хийх давуу талтай боловч эх суух боломжгүй байгаа бүхий л тохиолдолд хажуугаар нь хэвтүүлэн нугасны мэдээгүйжүүлэг хийнэ. Гэвч тухайн мэдээгүйжүүлэг хийх эмч хамгийн сайн дадсан байрлалд үйлчлүүлэгчийг байрлуулах нь мэдээгүйжүүлэг амжилттай болоход шууд нөлөөлнө. Энэ мэдээгүйжүүлгийг эмнэлгийн ариун нөхцөлд таныг зөв байрлуулсаны дараа таны нурууг зохих журмын дагуу ариутгаж, эмч ариутгасан хэрэгсэлүүд, ариун бээлий өмсөж хийх ёстой. Нугасны мэдээгүйжүүлэг төвөггүй хийгдэхэд жирэмсэн эхийн сууж байхад хийхэд амархан байдаг боловч зарим үед сууж хийлгэх боломжгүй тохиолдолд хажуугаар нь хэвтүүлж мэдээгүйжүүлэх хийнэ. Ийм учир жирэмсэн эх хажуугаар хичнээн зөв хэвтвэл мэдээгүйжүүлэг төчнөөн амар байдаг. Иймд хажуугаараа зөв хэвтэх хэрэгтэй. Дараах зурагнаас хэрхэн зөв суух болон хэвтэх байрлалыг харж болно.
Нугасны мэдээгүйжүүлэгтэй холбоотой ямар хүндрэлүүд тохиолдож болох вэ?
Эхчүүд хагалгаанд орохоос өмнө нугасны мэдээгүйжүүлэгтэй холбоотой хүндрэлүүдийн талаар ойлголттой байх нь хагалгааны үед айж сандрахгүй байх, мэдлэгтэй байснаараа эмчид хурдан мэдэгдэх, шаардлагатай бол арга хэмжээг шуурхай авахад ихээхэн ач холбогдолтой юм.
1. Нугасны мэдээгүйжүүлэг хийсэн даруйд эхэд дотор муухай оргих, бөөлжих, хүйтэн хөлс гарах, амьсгалахад хэцүү болох шинжүүд хааяа илэрдэг учир тэр даруйд мэдээгүйжүүлэгч эмчид мэдэгдэх шаардлагатай. Энэ нь жирэмсэн эх гэдэргээ харж хэвтэхэд томорсон умай доод хөндийн вен болон гол судсыг дарсантай холбоотойгоор үүсдэг учир эхийн хэвтсэн орыг зүүн тийш хазайлгах нь дээрхи шинжүүд илрэхээс сэргийлэх ач холбогдолтой юм. Хагалгааны өрөөнд орсон цагаас эхлэн таньд илэрч байгаа бүхий л зовиур, шинж тэмдгийг та мэдээгүйжүүлэгч эмчид мэдэгдэж байхаас гадна мэдээгүйжүүлэгч эмч нь таныг хянаж байх үүрэгтэй юм.
2. Нугасны мэдээгүйжүүлгийн дараах толгойн өвдөлт буюу кесар хагалгааны дараах 1-2 хоногт толгой өвдөх шинж илрэх нь цөөн тохиолдоно. Энэ толгойн өвдөлтийн онцлог нь босох үед өвдөөд хэвтэх үед зүгээр болох бөгөөд шилэн хүзүүрүү хөшиж өвддөг. Энэ тохиолдолд мэдээгүйжүүлэгч эмчид үзүүлж зөвөлгөө авч, шаардлагатай эмчилгээг хийнэ.
3. Нугасны үрэвсэл үүсэх нь маш ховор тохиолддог ч хааяа гарч болох хүндрэл юм.
4. Мэдрэлийн салааны гэмтэл нь нугасны мэдээгүйжүүлэг хийх үед нугаснаас гарч буй аль нэг салаа хатгагдсанаас үүсэх гэмтэл бөгөөд цөөн тохиолдоно. Ихэнхидээ 14-21 хоногийн дотор эргээд хэвийн байдалдаа ордог.
Дээрхи хүдрэлүүд тохиолдвол мэдээгүйжүүлгийн эмчид мэдэгдэж шаардлагатай эмчилгээ, дэглэмийг хийнэ.