Нялхас бага насны хүүхдийн хоол тэжээлийн хамгийн чухал хэсэг нь хүүхдийг төрөнгүүт нэг цагийн дотор ангир уургийг амлуулах юм. Төрсний дараа эхний 6 сар эхийн сүүгээр дагнан хооллохыг олон улсад хэрэгжүүлж байна.
6-23 сар хүртлээ эхийн сүүгээр хооллосон хүүхэд нь суулгалт өвчнөөр нас барах эрсдэл 2.8 дахин бага байдаг бол эхийн сүүгээр хооллоогүй хүүхдийн нас барах магадлал нь 6-11 сартайд 56 хувь, 12-23 сартайд 23 хувиар тус, тус өсдөг аж.
Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь зөвхөн хүүхдэд төдийгүй эхэд сайн нөлөө үзүүлдэг. Ингэснээр эхийн дархлаа сайжран умай сайн агшина, жирэмслэлт хоорондын зай уртасч, хөхний хавдар болон бусад эмэгтэйчүүдийн өвчлөл багасдаг. Мөн хөхөө хангалттай хөхөж, хоол тэжээлийн дуталд өртөөгүй хүүхдүүд нь сурах, хөгжих чадвар өндөр байдаг ба сургууль завсардалтад хэзээ ч өртдөггүй байна.
Сүү орлуулагч хэрэглэж буй хүүхэд эхийн сүүгээр хооллож буй хүүхэдтэй харьцуулахад амьдралынхаа эхний 6 сарын дотор эндэх эрсдэл 2 дахин, ходоодны үрэвсэлд өртөх эрсдэл 5 дахин их байдаг. Харин эхийн сүүгээр хооллож буй хүүхэд эхийн сүү орлуулагч хэрэглэж буй хүүхдээс арьсны харшил, чихрийн шижинд өртөх эрсдэл 2 дахин, тунгалагийн хавдарт өртөх эрсдэл 8 дахин бага байдгийг судлан тогтоожээ.