Эмэгтэй хүний бие махбодид өөрчлөлт байнга явагддаг боловч зарим тохиолдолд хэвийн мэт өөрчлөлтүүд нь хорт хавдрын шинж тэмдэг байж болзошгүй.
Өөрийнхөө биеийг байнга анхааралтай ажиглаж, ямар нэг өөрчлөлтийг эрт таньж мэдэх нь чухал. Шинээр илрэх шинж тэмдэг бүр биед ямар нэг өөрчлөлт явагдаж байгааг илтгэх бөгөөд шалтгааныг нь тодруулж байх нь зүйтэй.
Дараах шинж тэмдэг илэрвэл анхаарал хандуулах шаардлагатай:
1.Хөхөнд гарах өөрчлөлт
Хөхөнд үүссэн ихэнх бэрсүү хорт хавдар үүсгэдэггүй ч, эмчид зайлшгүй үзүүлэх шаардлагатай. Мөн дараах шинж тэмдгүүд илэрвэл эмчид хандана:
Хөхөнд илэрсэн шинж тэмдгийн шалтгааныг илрүүлэхийн тулд эмч хөхөнд үзлэг хийж, өвчний түүхийг асууна. Мөн нэмэлтээр маммограм болон хөхнөөс эдийн шинжилгээ авна.
2. Гэдэс дүүрэх
Гэдэс дүүрэх шинж тэмдэг эмэгтэйчүүдэд түгээмэл илэрдэг. 1-2 долоо хоног ажиглаад, шинж тэмдэг арилахгүй бол эмчид хандаарай.
Ажиглалтын хугацаанд зовиур, шинж тэмдэг арилахгүй, биеийн жин буурах, цус алдалттай хавсарч байвал эмчид заавал хандана. Байнга гэдэс дүүрч, цанхайх нь хөх, ходоод, өндгөвч, нойр булчирхай, умайн хүзүү, нарийн гэдэсний хорт хавдрын шинж тэмдэг байж болзошгүй. Хавсарч илрэх бусад шинж тэмдэг үндэслэн нарийвчилсан үзлэг, шинжилгээнд хамрагдаж онош тодруулах бөгөөд үүнд бага аарцгийн эрхтэнүүдийн үзлэг, цусны шинжилгээ, маммограм, ходоодны дуран, компьютер томограф, хэт авиан оношлогоо багтана.
3. Биений юмны мөчлөг хооронд цус гарах
Хэрэв биений юмны мөчлөг тогтмол бөгөөд мөчлөгийн хооронд үтрээнээс цус гарсан тохиолдолд эмэгтэйчүүдийн эмчид хандах хэрэгтэй. Биений юмны мөчлөг хооронд цус гарах нь хэд хэдэн шалтгаантай байж болох ч эмч хамгийн түрүүнд эндометрийн хавдар (умайн салст)-ын шалтгаантай эсэхийг тогтооно.
Цэвэршсэний дараа үтрээнээс цус гарах нь хэвийн үзэгдэл биш бөгөөд нэн даруй эмчид хандах шаардлагатай.
4. Арьсанд гарах өөрчлөлт
Мэнгэ болон арьсан дээрх бусад толбоны хэмжээ, хэлбэр, өнгө өөрчлөгдөх, шинээр толбо үүсэх зэрэг нь арьсны хорт хавдрын түгээмэл илрэх шинж тэмдгүүд юм. Эмчид үзүүлж, шаардлагатай шинжилгээ хийлгэх нь зүйтэй.
5. Шээс, өтгөнд цус үзэгдэх
Хэрэв хэвийн үед цус гардаггүй биеийн аль нэг хэсгээс 1-2 өдрөөс илүү хугацаанд цус алдвал яаралтай эмчид хандана. Өтгөн цустай гарах нь шамбарам өвчний шалтгаантай байж болох ч мөн ходоодны хорт хавдрын шинж тэмдэг байдаг. Харин шээс цустай гарах нь давсаг, бөөрний хавдрын эхний шинж тэмдэг болно.
6. Тунгалгын зангилаанд гарах өөрчлөлт
Тунгалгын зангилаанууд нь жижиг хэмжээтэй, вандуй хэлбэртэй, биеийн эргэн тойрон байрладаг. Үрэвслийн шалтгаанаар тунгалгын зангилаанд өөрчлөлт гарах нь түгээмэл тохиолддог. Гэвч цусны цагаан эсийн хорт хавдар, тунгалгын эсийн гажгийн үед зангилаа хавдаж, хөндүүрлэх шинж тэмдэг илэрнэ.
Хэрэв биеийн аль нэг хэсэгт бэрсүү үүсэх, 1 сар ба түүнээс дээш хугацаанд хавдаж, томрох шинж тэмдэг ажиглагдвал эмчид хандаарай.
7. Хоол залгихад хүндрэлтэй болох
Хааяа нэг юм залгихад хүндрэлтэй байвал айх зүйлгүй. Харин үе үе ойрхон давтамжтай илэрч, бөөлжих болон биеийн жин буурах шинж тэмдэгтэй хавсарсан тохиолдолд эмчид хандан хоолой, ходоодны шинжилгээ өгөх нь зүйтэй.
Эмч эндоскоп буюу үзүүртээ гэрэлтдэг, дурантай нарийн гуурс бүхий багажийг хоолойгоор шургуулах, хүзүү, цээж, хэвлийн компьютер томограф шинжилгээ хийх магадлалтай.
8. Биеийн жин буурах
Ихэнх эмэгтэйчүүд биеийн илүүдэл жингээ хялбар аргаар хасахыг хүсдэг. Гэвч хоолны дэглэм, дасгалын горимд өөрчлөлт хийгээгүй үед биеийн жин 5кг-аас илүү хэмжээгээр хасагдах нь эрүүл мэндийн ямар нэг асуудал байгааг илтгэнэ.
Хэдийгээр биеийн жингийн бууралт нь хорт хавдартай тэр бүр холбоогүй ч нойр булчирхайн хорт хавдрын шинж тэмдэг байж болзошгүй. Ихэнх тохиолдолд жингийн бууралт нь стресс болон бамбай булчирхайн үйл ажиллагаатай холбоотой. Мөн түүнчлэн ходоод, бүдүүн гэдэс, уушигны хорт хавдрын шалтгаантай байж болно.
9. Цээж хорсох
Хэт их хооллох, архи согтууруулах ундааны хэрэглээ, стресс бол цээж хорсох үндсэн шалтгаан юм. Энэ үед хоолны дэглэмээ 1-2 долоо хоногийн турш өөрчлөхөд зовиур аяндаа намддаг.
Хэрэв дээрх хугацаанд шинж тэмдэг буурахгүй бол эмчид хандаарай. Цээж хорсох зовиур арилахгүй, улам хүндрэх нь бүдүүн гэдэс, улайн хоолой, өндгөвчний хорт хавдрын шинж тэмдэг байж болзошгүй. Удаан хугацаагаар цээж хорсох нь улайн хоолойн салстыг гэмтээж, хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлнэ.
10. Уруул, амны өөрчлөлт
Хэрэв тамхи татдаг бол амны дотор талд болон уруул дээр шар, саарал, цагаан болон тод улаан өнгийн толбо үүссэн эсэхийг сайтар ажигла. Үүнээс гадна идээт яр мэт шархлаа үүсч болно. Эдгээр нь мөн амны хөндийн хорт хавдрын шинж тэмдгүүд юм. Шүд, амны хөндийн эмчид үзүүлж зөвлөгөө аваарай.
11. Халуурах
Шалтгаангүй халуурах, халуун буурахгүй байх нь цусны цагаан эсийн хавдар болон бусад цусны хорт хавдрын шинж тэмдэг байж болзошгүй. Эмч өвчтөний эрүүл мэндийн түүхийг судалж, шалтгааныг тодруулах зорилгоор бусад шаардлагатай үзлэг, шинжилгээг хийнэ.
12. Ядарч, сульдах
Эмэгтэйчүүд нуруун дээрээ амьдралын хүнд ачааг үүрч явдгаас ядрах үе бишгүй тохиолдоно. Гэвч байнгын ядарч, сульдах нь хэвийн үзэгдэл биш.
Ядаргаа дээрдэхгүй удах, өтгөн цустай гарах гэх мэт бусад шинж тэмдэгтэй хавсарч байвал эмчид хандах хэрэгтэй. Эмч эрүүл мэндийн үнэлгээ хийж, цусны шинжилгээ хийнэ.
13. Ханиалгах
Ихэнх тохиолдолд ханиалгах зовиур 3-4 долоо хоногт аяндаа арилдаг. Гэвч удаан хугацаагаар ханиалгах, ялангуяа тамхи татдаг, амьсгааддаг бол тоомжиргүй хандаж болохгүй. Хэрэв ханиахад цус гарч байвал яаралтай эмчид ханд. Ханиах нь уушигны хорт хавдрын түгээмэл илрэх шинж тэмдэг.
14. Өвдөлт
Хорт хавдрын эхний үе шатуудад өвдөлт тэр бүр мэдрэгдэхгүй. Гэвч үргэлж өвдөлт мэдрэх нь яс, тархи болон бусад үсэрхийлсэн хавдрын шинж тэмдэг байж болзошгүй. Хэрэв тодорхой шалтгаангүйгээр 1 сараас дээш хугацаагаар өвдөлт мэдэрвэл эмчид хандаарай.
15. Хэвлийгээр өвдөх болон сэтгэл гутрал
Ховор тохиолддог боловч хэвлийн өвдөлт сэтгэл гутралтай хавсрах нь нойр булчирхайн хорт хавдрын шинж тэмдэг юм. Гэвч гэр бүлийн гишүүд нойр булчирхайн хавдраар өвчилсөн өгүүлэмжгүй бол айх шаардлага бараг үгүй. Гэсэн хэдий ч нэмэлт шинжилгээнд хамрагдаж, шалтгааныг тодруулах хэрэгтэй.