УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХАВДАР БА ХҮНИЙ ХӨХӨНЦӨР ВИРУС (ХХВ)
Хүний хөхөнцөр вирус /ХХВ/ гэж юу вэ?
Хүний хөхөнцөр вирус нь бэлгийн замаар халдварладаг түгээмэл тохиолддог вирус бөгөөд эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч үндсэн хүчин зүйл юм. Хүний хөхөнцөр вирус /ХХВ/ нь умайн хүзүүний олон давхаргат хавтгай хучуур эдийн суурин давхаргад нэвтрэн, хэвийн эсүүдийг өөрчлөлтөнд оруулснаар эсийн гаж хуваагдал явагдаж умайн хүзүүний хорт хавдар үүсдэг. Умайн хүзүүний хорт хавдар нь манай оронд зонхилон тохиолддог хорт хавдрын тоонд орж, эмэгтэйчүүдэд тохиолддог хавдрын дотор эхний байранд орж байна. Дэлхий нийтэд тохиолдох тоогоор нь авч үзвэл хөгжиж буй орнуудад өндөр, хөгжилтэй орнуудад тохиолдлын тоо нь цөөн байна. Умайн хүзүүний хавдрын үзүүлэлтээр Монгол Улс дэлхийд нэлээд эрсдэл ихтэй орны тоонд ордог. Монгол улсад сүүлийн үеийн судалгаагаар ХХВ-ын халдвартай хүний тоо нийт хүн амын дунд 35%, үүн дотор 25-аас доош насныхан дунд 48,5% гарсан ба халдварын хэмжээ өндөр гэж дүгнэгдэж байна. Тодруулбал, умайн хүзүүний хавдар 100 000 хүн тутамд 18,2 хүнд оношлогдож, 100 000 хүн тутамд 10,2 үхлийн шалтгаан болж байгаагийн зэрэгцээ Монгол эмэгтэйчүүдийн хавдрын өвчлөлийн 2 дахь гол шалтгаан, нас баралтын 4 дахь гол шалтгаан болж байгаа юм.
Хүний хөхөнцөр вирус /ХХВ/-ийн бүтэц:
Умайн хүзүү, бэлгийн уруул, анусны хорт хавдар, үү зэрэг өвчний багагүй хэсгийг Хүний Хөхөнцөр Вирус (ХХВ) үүсгэдэг. ХХВ-ийн өвчлөл нь хавдрын өндөр эрсдэлтэй. Нийт хүн амын 20-30% нь ХХВ-ээр халдварлагдсан гэж судлагдсан байдаг. Умайн хүзүүний хавдраар өвчлөгсдийн дотор 99,7% нь ХХВ-ээр халдварлагдсан байдаг.
Онцлог нь халдвар авсан тохиолдол болгон умайн хүзүүний хавдар болдоггүй. Учир нь хувь хүний онцлогоос хамаарч уг вирус 12-18 сарын дараа устаж үгүй болдог. Харин устаж үгүй болоогүй тохиолдолд вирус нь умайн хүзүүний эсийг гэмтээгээд шинж тэмдэггүй нуугдмал байдлаар удаан хугацаагаар эсийг гэмтээж байгаад хорт хавдарт шилждэг болох нь шинжлэх ухаанаар батлагдсан. Гэхдээ хорт хавдар руу шилжихэд тамхи таталт, дааврын бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэх, бэлгийн замын архаг үрэвсэл зэрэг нь нөлөөлөх хүчин зүйл болдог.
Энэ вирус нь 200 гаруй төрөл байдаг боловч 16, 18-р төрөл нь умайн хүзүүний хавдрын 70%-ийг, бэлгийн уруулын 40%, анусны хавдрын 80%-ийг үүсгэдэг байна . Сүүлийн жилүүдэд 56-р төрөл нь умайн хүзүүний хавдрыг үүсгэх өндөр эрсдэлтэйд бүртгэгдээд байна. 6,11,42,43,44,46-р төрөл нь хавдрын эрсдэл багатай байдаг. Бэлгийн харьцааны үед үтрээ, хошного, шодойн арьс нь ХХВ-ээр халдварлагдсан арьстай хүрэлцэхэд халдварлагдана. Тухайн хүний гадна төрхөөр нь ХХВ-ын халдвар авсан эсэхийг нь тодорхойлох боломжгүй. Гэхдээ ХХВ-ын халдвар авах магадлалыг бууруулж болно. Үүнд:
Умайн хүзүүний хавдрын үед илрэх шинж тэмдэг:
Хорт хавдар болохоос өмнөх үе шатыг урьдал үе шат гэнэ. Хавдрын урьдал үе болон хавдрын үеийг илрүүлдэг хамгийн оновчтой арга бол умайн хүзүүний эсийн шинжилгээ буюу Пап тест юм. Умайн хүзүүний хорт хавдрын урьдал үеийг илрүүлж, эмчилгээ хийлгэвэл та хорт хавдраас өөрийгөө сэргийлж байна гэсэн үг. Эсийн шинжилгээ гэдэг нь умайн хүзүүнээс наалдац авч, эсийг тусгай аргаар будаж микроскопоор харан эсүүдийг шинжилж, дүгнэлт гаргадаг. Энэ нь ямар нэгэн өвдөлтгүй бөгөөд эмэгтэйчүүдийн үзлэг хийх явцад наалдац авдаг.
Эсийн шинжилгээг хэн өгөх вэ?
• Бэлгийн харьцаанд орсон бүх эмэгтэйчүүд
• Цэвэршилтийн өмнөх, цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүд
• Эдгээр насны эмэгтэйчүүд эсийн шинжилгээг жилд нэг удаа өгч байснаар умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх цаашлаад эрт үед нь илрүүлэн эмчлэх бүрэн боломжтой.
Хавдрын урьдал болон эрт үеүдэд ямар нэгэн шинж тэмдэг, зовуурь илэрдэггүй. Иймд зөвхөн эсийн шинжилгээ л танд тусална. Хорт хавдар үүсч даамжран, нэвчин ургаж, ойролцоох эрхтнүүддээ тархах үед л анхны шинж тэмдгүүд нь илэрдэг.
Эмнэлзүйд илрэх шинж тэмдэг нь:
- Үтрээнээс хэвийн бус ялгадас гарах
- Үтрээнээс сарын тэмдгийн бус, мөчлөггүй цус гарах
- Цэвэршсэн эмэгтэйн үтрээнээс цус гарах
- Бэлгийн харьцаанд ороход цус гарах эсвэл өвдөх. Эдгээрийг дагаж дараах нэмэлт шинж тэмдэг илэрч болно.
- Үтрээнээс цус алдсаны улмаас цус багадалт үүсэх
- Ууц нуруу, хөл, хэвлийн доод хэсгээр байнга өвдөх
- Давсаг, бөөр, шээлүүр хавдрын ургалтад дарагдвал шээхэд саадтай болох, өвдөх
- Давсаг эсвэл шулуун гэдэснээс цус гарах
- Турах
Хэрэв эдгээр шинж тэмдгийн нэг нь илэрвэл эмчид яаралтай хандахыг зөвлөж байна.