рМэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний ахлах зэргийн эмч С.Дүүрэнбаяр
ТОХИОЛДЛЫН ТАНИЛЦУУЛГА
Ж.А 40 настай, Нийслэлийн Өргөө амаржих газар 2021-02-15-ны өдөр 17 цагт хэвтсэн. Хэвтэх үедээ гар хөлөө өргөж чадахгүй, хүч сул, хэвтрийн байрлалтай, асран хамгаалагчийн тусламжтай ирж онош тодруулах, хянах зорилгоор эрчимт эмчилгээний тасагт шилжин ирсэн. Эмч нарын хамтарсан үзлэгээр кесар мэс заслын дараах 24 дэхь хоног, мэдрэл булчингийн өвчнүүдийг ялган оношлогоо хийж онош тодруулах зорилгоор мэдрэлийн эмчийн үзлэг хийж толгой болон бүтэн нугасны Соронзон Резонанс Долгионт Томографи хийлгэсэн ч бүтцийн өөрчлөлт гараагүй бөгөөд 2021-02-16-ны 19 цагаас өөрөө амьсгалж чадахгүй болж зохиомолоор амьсгалыг дэмжиж эхэлсэн. Мэдрэлийн эмчийн давтан үзлэг хийгдэж Жулиан Баррийн хам шинж байж болзошгүй байна гэж үзээд мэдрэл булчингийн бичлэгийг зохиомол амьсгалтай тээвэрлэн хийж Миастени өвчнөөс ялган оношлох шаардлагатай болсон. 2021-02-18-ны өдөр өвчтөнийг зохмомол амьсгалтай тээвэрлэн мэдрэл булчингийн бичлэг хийж дээрхи онош батлагдсан бөгөөд плазмоферез эмчилгээ хийх шаарлагатай тул Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгийн (УНТЭ) эрчимт эмчлгээний тасагт зөөврийн зохиомол амьсгалын аппаратаар аюулгүй тээвэрлэн шилжүүлсэн. УНТЭ-т плазмоферез хийх боломжгүй байсан тул иммуноглобулин эмчилгээг 5 удаа хийж 02 сарын 19-өөс зохиомол амьсгалын аппараттаас гарч, 02 сарын 20-оос бусдын тусламжгүйгээр явж чаддаг болж эрчимт эмчилгээний тасгаас мэдрэлийн тасагт шилжиж биеийн байдал сайжирсан байна.
ЖУЛЛИАН БАРРИЙН ХАМ ШИНЖ
1916 онд Францийн эмч G. Gullian, J. Barre нар анх удаа оношлож мэдээлснээр энэхүү өвчнийг Жуллиан Баррийн хам шинж (цочмог полирадикулоневропати, Гийен Баррийн хам шинж) гэж нэрлэх болжээ. Жуллиан Баррийн хам шинж (ЖБХШ) нь дархлалын хүчин зүйлийн нөлөөнд мэдрэлийн ширхгүүдийн миелэнгүйжих бүтцийн өөрчлөлтийн суурин дээр үүсдэг, захын мэдрэлийн тогтолцоонд хурц явцтай миелэнгүйдлийг үүсгэснээр мөчдүүд мэдээ алдах, булчин сулрах улмаар амьсгалын дутагдалд ордог эмгэг юм.
Амьсгалын дутагдал - ЖБХШ-тэй өвчтөн нь булчингийн сулрал хурдацтай байдаг учир сонор сэрэмжтэй байх шаардлагатай. ЖБХШ-ийн үед амьсгалын дутагдал түгээмэл тохиолддог бөгөөд өвчтөнүүдийн 15-30 хувь нь зохиомол амьсгалын дэмжлэг шаарддаг. Тиймээс бүх өвчтөнүүдэд уушгины үйл ажиллагааг уушгины амьдралын багтаамж, амьсгал авах хүч зэргийг ойрхон хянаж /4 цаг тутам/, хэмжих шаардлагатай байдаг. Бульбар үйл ажиллагааны алдагдлаас залгих үйл ажиллагаа алдагдаж, шүлс салсыг цэвэрлэх чадваргүй болох нь зохиомол амьсгалын дэмжлэгийг нэмэгдүүлэх шаардлагатай болдог. Амьсгалын замыг шууд аргаар чөлөөлөх шаардлагатай болсон тохиолдолд сукцинилхолин хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
Дараах үзүүлэлтүүд амьсгалж чадахгүй болж байгааг сэрэмжлүүлэх ба интубаци хийх заалт болж байна.
Амьсгалын хүчилсэн багтаамж <20 мл/кг
Амьсгал авалтын дээд даралт <30 смH2O
Амьсгал гаргалтын дээд даралт <40 смH2O
ЖБХШ-тэй хүлээн авахаар ирэх үедээ зохиомол амьсгалд ороогүй байсан өвчтөнүүдийн 313 нь /43%/ нь зохиомол амьсгал шаардлагатай болсон байна.
Амьсгалын дутагдлыг урьдчилан таамаглаж тодорхойлох хүчин зүйлүүдэд:
7 хоногийн дотор эмнэлэгт ирэх
Ханиалгаж чадахгүй болох
Зогсож чадахгүй болох
Тохойгоо өргөхгүй болох
Толгойгоо даахгүй болох
Элэгний фермент ихсэх
Дээрхи 6 урьдчилсан таамаглах хүчин зүйлийн судалгаагаар 4 нь илэрсэн өвчтөнүүдэд зохиомол амьсгал шаардлагатай болсон нь > 85% байна.
196 бүлэг өвчтөнийг хүлээн авах дээр уушгины амьдралын багтаамжийг хэмжиж зохиомол амьсгалд орохыг урьдчилан таамаглах 3 үзүүлэлт байна:
Өвчин эхэлснээс хойш 7 хоногийн дотор хүлээн авахаар ирэх
Толгойгоо даахгүй болох
Уушгины амьдралын багтаамж хэвийн үеийнхээс 60 хувиар буурсан
Дээрхи 3 урьдчилсан таамаглах үзүүлэлттэй бүх өвчтөнүүдийн 85%-д нь зохиомол амьсгал шаардлагатай байв.
ЖБХШ-тэй 397 өвчтөнийг хамруулсан өөр нэг судалгаанд хүлээн авах үед зохиомол амьсгал хийх хэрэгцээг урьдчилан таамаглахдаа дараах байдлаар тогтоожээ:
Бие сулрах, эмнэлэгт хэвтэх хоёрын хооронд цөөн хоног байна
Нүүрний булчин сулрах болон бульбар үйл ажиллагааны алдагдлын шинжтэй байх
Булчин их суларсан байх
Зохиомол амьсгалаас гаргахдаа уушгины хүч, цуврал уушгины сорилын сайжралд үндэслэх хэрэгтэй. Цуврал уушгины сорилуудад суурь түвшнээс мэдэгдэхүйц сайжирсан шинж тэмдэг илрээгүй бол трахеостомийг хоёр долоо хоногийн дараа хийх ёстой, гэхдээ цуврал уушгины сорилууд сайжирсан тохиолдолд дахин нэг долоо хоногоор хойшлуулж болно.
Автономи үйл ажиллагааны алдагдал - Энэ нь үхэлд хүргэх гол шалтгаан болдог. Өвчтөнүүдийн 70 хувь нь тахикарди (хамгийн түгээмэл), шээс түдэх, гипертензи, ортостатик гипотензи, брадикарди, бусад хэм алдагдал, нарийн гэдэсний үрэвсэл, хөлрөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
Хүнд хэлбэрийн автономит эмгэг нь өвчтөнүүдийн 20 орчим хувьд тохиолддог бөгөөд ихэнхдээ (гэхдээ үргэлж биш) хүнд хэлбэрийн булчингийн сулрал, амьсгалын дутагдалд хүргэдэг. Тиймээс ЖБХШ-тэй өвчтнүүдийн цусны даралт, шингэний байдал, зүрхний хэмнэлийг сайтар хянах зайлшгүй шаардлагатай юм.
Зүрх судасны үйл ажиллагааны алдагдлын менежмент - ЖБХШ-ийн зүрх судасны хүндрэл нь өвчлөлийн гол шалтгаан болдог. Нийтлэг илрэл бол цусны даралтын пароксизмын хэлбэлзэл, тахиаритми ба брадиаритми юм. Тиймээс бид ЖБХШ-ийн идэвхитэй үе шатанд байгаа өвчтөнүүдэд зүрхний хэмнэл, цусны даралтыг хянахыг зөвлөж байна. Хүлээн авах үед хяналтыг эхлүүлж, амьсгалын дэмжлэг шаардлагагүй болох хүртэл эсвэл зохиомол амьсгал шаарддаггүй өвчтөнүүдэд нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх хүртэл үргэлжлүүлнэ.
ЖБХШ-тэй өвчтөнүүдийг эмчлэх практик зөвлөмжид:
4 мөч саажсан өвчтөнүүдийг ортостатик гипотензиг үнэлэлгүйгээр сууж буй байранд хараа хяналтгүй орхиж болохгүй.
Ялангуяа эерэг даралтаар амьсгалуулж байх үед судсан доторхи эзэлхүүнийг барьж байх хэрэгтэй
Боломжтой бол гипотензи гаж нөлөө бүхий эмээс зайлсхийх хэрэгтэй
Сорох үед хэм алдагдал байнга илэрдэг
Плазмаферез нь гипотензи болон электролитийн хямралыг үүсгэдэг
Цусны даралт - ЖБХШ-тэй өвчтөнүүдэд пароксизмал гипертензи 24%, ортостатик гипотензи 19% тохиолддог. Цусны даралт их хэмжээгээр хэлбэлзсэн тохиолдолд артерит гуурс тавьж шууд аргаар хянана. Гипотензи нь ихэвчлэн шингэн сэлбэхэд засрах боловч шингэн сэлбээд үр дүнгүй бол бага тунгаар фенилэфрин хэрэглэж болно. Хүнд хэлбэрийн гипертензийг (артерийн дундаж даралт > 125 мм.МУБӨ) лабеталол, эсмолол эсвэл нитропруссид ашиглан эмчилж болно.
Аритми - Тогтвортой синусын тахикарди бол түгээмэл тохиолдох зүрхний хэм алдагдал бөгөөд ЖБХШ-тэй өвчтөнүүдийн 25-38%-ийг эзэлдэг бөгөөд ихэвчлэн эмчилгээ шаарддаггүй. Брадиаритми нь нэлээд түгээмэл байдаг. ЖБХШ-тэй өвчтөнүүдэд нэмэлтээр илэрсэн хэм алдагдал ба электрокардиограмм (ЭКГ)-д зүрхний тосгуурын фибрилляци, тосгуурын дэгдэлт, пароксизмаль тахикарди, ховдолын тахикарди, ST-ийн өндөр ба бууралттай сегментүүд, хавтгай эсвэл урвуу Т долгион, QT интервалын суналт, тэнхлэгийн хазайлт, дамжуулалтын янз бүрийн блокууд орно. Эдгээр эмгэг ажиглагдвал ЖБХШ-ээс бусад зүрх судасны өвчний шалтгааныг хасах шаардлагатай. Атриовентрикуляр блок, асистол зэрэг зүрхний ноцтой эсвэл амь насанд аюултай хэм алдагдал ЖБХШ-ийн үед тохиолдож болох ба атропин хэрэглэх ба зүрхний хэмнэлийг зохицуулах шаардлагатай байдаг.
Гэдэс ба давсагны үйл ажиллагааны сувилгаа - Хөдөлгөөний алдагдалтай илеус ба шээс түдэх нь ЖБХШ-ийн үеийн автономит алдагдалтай холбоотой асуудлууд үүсгэдэг. Өдөр бүр гэдэсний чимээгүй байдал, адинамик илеусын явцыг хянах зорилгоор хэвлийг чагнах, опиоидыг хяналттай хийхийг зөвлөж байна. Илеусыг эмчлэхэд эритромицин эсвэл неостигмин үр дүнтэй байж болно.
Өвдөлт намдаах - Өвдөлт нь ЖБХШ-ийн үед өвчтөнүүдийн гуравны хоёр орчимд тохиолддог бөгөөд ихэвчлэн эмчилгээ шаарддаг. Габапентин эсвэл карбамазепиныг ЖБХШ-ийн цочмог үе шатанд эрчимт эмчилгээний тасагт өвдөлтийг эмчлэхэд ашиглаж болно. Энгийн өвдөлт намдаах эм эсвэл стероид бус үрэвслийн эсрэг эмийг хэрэглэж болох боловч ихэнхдээ сайн өвдөлт намдаадаггүй байна. Эпидураль хөндийд морфин хийж өвдөлт намдаах нь бас ашигтай байж болно. Невропат өвдөлтийг удаан хугацаанд эмчлэхийн тулд трициклик антидепрессант, габапентин, карбамазепин эсвэл прегабалин хэрэглэх нь үр дүнтэй байдаг.
Сэргээн засах - Цочмог үе шатанд сэргээн засах арга нь аажмаар хүчийг нэмэгдүүлэх изометрийн, изотоник, изокинетик, гарын эсэргүүцэл ба ачаалалт эсэргүүцлийн дасгалыг багтаасан хувь хүнд тохирсон хөтөлбөр байх ёстой. Сэргээн засах нь мөчний зөв байрлал, байдал, хоол тэжээлийг чухалчилдаг. Хөдөлгөөнд ороход туслах төхөөрөмж шаардлагатай байж магадгүй юм.
ЭМЧИЛГЭЭ
ЖБХШ-ийг эмчлэх үндсэн аргууд нь плазмыг солих (плазмаферез) болон судсаар иммуноглобулин хийх эмчилгээ юм. Эдгээр эмчилгээ нь санамсаргүй хяналтат судалгаанаас үзэхэд ЖБХШ-ийн сэргэлтийг түргэсгэдэг. Өвчтөн эрт эмчилгээ хийлгэвэл хурдан эдгэрдэг. Плазмаферез ба судсаар иммуноглобулин хийх эмчилгээний үр дүн нь ижил гэж үздэг бол хоёр эмчилгээг хамтад нь хийх нь ашиггүй юм. ЖБХШ-ийн шинж тэмдэг илэрснээс хойш 4 долоо хоногийн доторхи явж чадахгүй, насанд хүрсэн өвчтөнүүдэд плазмаферез эсвэл судсаар иммуноглобулин хийх эмчилгээг зөвлөж байна. Мөн түүнчлэн шинж тэмдэг эхэлснээс хойш 4 долоо хоногийн доторх хугацаанд байгаа бүрэн эдгэрээгүй ЖБХШ-тэй насанд хүрсэн өвчтөнд плазмаферез эсвэл судсаар иммуноглобулин эмчилгээ хийхийг санал болгож байна. Плазмаферез ба иммуноглобулин эмчилгээг алийг нь хийхийг сонгохдоо орон нутгийн хүртээмж, өвчтөний сонголт, эрсдэлт хүчин зүйл, эсрэг заалт зэргээс хамаарч сонгоно. Хөнгөн өвдсөн, эдгэрсэн өвчтөнүүдэд дээрхи эмчилгээ шаардлагагүй. Хоёр эмчилгээ хоёулаа адилхан боломжтой бөгөөд аль алинд нь эсрэг заалт байхгүй тохиолдолд бид иммуноглобулин эмчилгээг санал болгож байна. Плазмаферез нь цусны эргэлтийн эсрэгбие, комплемент, уусдаг биологийн хариу урвалжуулагчийг зайлуулдаг. ЖБХШ-ийн үеийн иммуноглобулины үйлчилгээний нарийн механизм нь тодорхойгүй боловч идиотипийн эсрэг эсрэгбие үүсгэх, Fc рецепторуудын илэрхийлэл ба функцийг өөрчлөх, хавсрагын идэвхижих үйл ажиллагааг саатуулах, цитокинийг нийлэгжүүлэх, Т, В эсийн идэвхжүүлэлт, эффектор үйлийг саатуулдаг юм. Плазмаферез болон иммуноглобулин эмчилгээнээс гадна фармакологийн бусад эмүүд ЖБХШ-д үр дүнтэй болох нь тогтоогдоогүй байна. Ялангуяа глюкокортикоидууд нь үр дүнгүй байдаг.
Плазмаферез эмчилгээ - Санамсаргүй байдлаар хийсэн олон төвт туршилтуудын үр дүнд хүнд хэлбэрийн ЖБХШ-тэй өвчтэй хүмүүсийн сийвэн солих нь үр дүнтэй нь тогтоогдсон байна. Булчингийн хүч чадал эрт сайжирч, зохиомол амьсгалын хэрэгцээ буурч, илүү сайн сэргэж байгааг нотолсон болно. ЖБХШ-тэй 649 өвчтөнийг хамруулсан мета-анализд сийвэн солих эмчилгээ нь дэмжих эмчилгээнээс илүү үр дүнтэй байсан байна:
Ямар нэг зүйлийн тусламжтайгаар алхаж чаддаг болох дундаж хугацаа нь сийвэн солих бүлэгийг хяналтын бүлэгтэй харьцуулахад богино байсныг 2 судалгаанд мэдээлсэн байна.
Хөнгөн өвдсөн өвчтөнүүдийн хөдөлгөөн сэргэх хугацаа 1 судалгаанд сийвэн солих бүлэгт хамаагүй богино байгааг мэдээлсэн байна.
Сийвэн солих нь таван туршилтын үеэр дөрвөн долоо хоногт хөгжлийн бэрхшээлийн зэрэг нэг ба түүнээс дээш зэргээр сайжирсан өвчтөнүүдийн эзлэх хувь эрс нэмэгдсэн байв. Нэмж дурдахад, сийвэн солих эмчилгээ нь хяналтын бүлэгтэй харьцуулбал тусламжгүйгээр явган алхах хугацаа, зохиомол амьсгал шаардагдах өвчтөнүүдийн эзлэх хувь, зохиомол амьсгалтай байх хугацаа, 1 жилийн дараа булчингийн хүч бүрэн сэргэх, 1 жилийн дараа хүнд үр дагавар гарах зэрэг нь харьцангуй сайн байв.
Шинж тэмдэг илэрснээс хойш 7 хоногийн дотор сийвэн солих эмчилгээ нь хамгийн үр дүнтэй байв. Гэсэн ч шинж тэмдэг илэрснээс хойш 30 хоногт дээрхи эмчилгээг хийхийг зөвшөөрсөн Хойд Америкийн судалгаанд сийвэн солих бүлгийг хяналтын бүлэгтэй харьцуулахад үр дүн сайн хэвээр байна.
Дөрвөн удаа сийвэн солих эмчилгээ хийх нь нилээд хүнд хэлбэрийн ЖБХШ-тэй өвчтөнүүдэд 2 удаа хийснээс илүү байв. Гэсэн ч зохиомол амьсгал хийх шаардлагатай болсон хүнд хэлбэрийн ЖБХШ-тэй хүмүүст 6 удаа сийвэн солих нь 4 удаа сийвэн сольсонтой харьцуулахад харьцангуй өндөр биш байв.
Сийвэн солих эмчилгээний тун ба гаж нөлөө - Сийвэн солих эмчилгээг ихэвчлэн 8-10 хоногийн хугацаанд 4-6 удаа хийдэг. Гол хүндрэлүүд нь гипотензи, сепсис, судасны асуудлууд байдаг.
Иммуноглобулин судсаар тарих - Энэ нь ЖБХШ-ийн эмчилгээнд сийвэн солихтой адил үр дүнтэй байдаг. Энэхүү дүгнэлтийг 2014 оны системчилсэн тойм, мета-анализаар 2012 онд Америкийн мэдрэлийн академийн иммуноглобулинаар мэдрэлийн булчингийн эмгэгийг эмчлэх удирдамжинд үндэслэсэн. Санамсаргүй туршилтын өгөгдөлд ретроспектив дүн шинжилгээ хийхэд иммуноглобулин эмчилгээний дараах ийлдэс дэх түвшний суурь түвшинтэй харьцуулбал ЖБХШ-тэй өвчтөнүүдийн дунд эрс өөрчлөгдөж, эмчилгээ хийснээс хойш хоёр долоо хоногийн дараа ийлдэс дэх IgG-ийн түвшинг нэмэгдүүлэх хамгийн бага хоёр квартилын өвчтөнүүд илүү муу байгааг тогтоожээ. Эдгээр өгөгдлүүдээс харахад өндөр тунгаар эсвэл иммуноглобулинийг давтан хийж ийлдсийн IgG-ийг бага зэрэг нэмэгдэх нь өвчтөнүүдэд ашигтай байж болох юм, гэхдээ энэ таамаглал нь нотолгоо шаардаж байна.
Шинж тэмдэг эхэлсэн үеэс хойш хоёр долоо хоногийн доторхи хугацаанд байгаа хүнд хэлбэрийн ЖБХШ-тэй 379 хэвтрийн өвчтөнийг санамсаргүй байдлаар 5-6 удаа сийвэн солих, 5 хоногийн иммуноглобулин эмчилгээ хийх, иммуноглобулины дараа сийвэн солих эмчилгээ хийж туршиж үзсэний үндсэн дээр нотолгоо гарсан байна.
Иммуноглобулин эмчилгээний тун ба гаж нөлөө - Иммуноглобулиныг судсаар 5 өдрийн турш өдөрт 0,4 грам/кг-аар хийнэ. Гаж нөлөө нь асептик менингит, тууралт, бөөрний цочмог дутагдал (ихэвчлэн сахароз агуулсан бүтээгдэхүүнтэй холбоотой), (ховор тохиолдолд) тархинд цус харвахад хүргэдэг хэт ядаргаа зэрэг орно. IgA-ийн дутагдал нь анафилакс үүсгэдэг [19].
ЭМНЭЛЗҮЙН ЯВЦ, ТАВИЛАН
ЖБХШ-тэй 162 өвчтөнийг өвчний эмчилгээ эхлэхээс өмнө ретроспектив аргаар үнэлж үзсэн байна. Ихэнх нь (74 хувь) эмгэг процесс 2 долоо хоног хүртэл үргэлжилж, дараа нь оргил үе 2-4 долоо хоног үргэлжилж, дараа нь сэргэж эдгэрч байгааг харуулсан байна. Өвчний эхэн үеэс хойш дөрвөн долоо хоногт өвчтөнүүдийн 67 хувь нь эдгэрч эхэлсэн байна. Сийвэн солих эсвэл иммуноглобулинаар эмчилснээр эдгэрэх хугацааг 40-50 хувиар богиносгодог.
Хөдөлгөөний хомсдол үүссэнээс 30 хоногийн дотор сийвэн сольж эмчилсэн 245 өвчтөнийг судалсан Хойд Америкийн судалгаа нь эмчилгээний үр дүн сайжирсныг харуулж байна.
1 зэрэглэл сайжрах дундаж хугацаа сийвэн солих бүлэг 19, хяналтын бүлэг 40 хоног байв
Тусламжгүй алхах дундаж хугацаа сийвэн солих бүлэг 53, хяналтын бүлэг 85 хоног байв
1 сард дор хаяж 1 зэрэглэлээр сайжирсан өвчтөнүүдийн хувь нь сийвэн солих бүлэгт 59%, хяналтын бүлэгт 39% байв
Өвчний тавиланг тодорхойлох хүчин зүйлс - ЖБХШ-ээс сэргэх магадлал муу байх хүчин зүйлүүд орно:
Өндөр нас
7 хоногийн дотор шууд илрэх
Эмнэлэгт ирэхдээ булчингийн сулрал их байх
Зохиомол амьсгал шаардлагатай болох
Захын мөчдийн хөдөлгөөний далайц хэвийн үеийнхээс <20%
Гүйлгэх, суулгах
Дахилт - Булчингийн сулрал нэмэгдсэн дахилт нь ЖБХШ-тэй өвчтөнүүдийн 10 хүртэлх хувьд тохиолддог. Заримдаа ЖБХШ-тэй гэж оношлосон өвчтөнүүд сийвэн солих эсвэл иммуноглобулин эмчилгээ хийсний дараа улам дордож болзошгүй юм. Энэ нь өвчний явц эсвэл оношлогоог алдаатай хийсэн байж болно. Тиймээс дахин эмчлэх талаар шийдвэр гаргахаас өмнө ЖБХШ-ийн оношлогоо зөв болохыг батлах хэрэгтэй юм.
Ялган оношлогоо:
Хүснэгт №1, Мэдрэл булчингийн өвчнийг ялган оношлох шалтгаанууд:
Нугасны хөндийн шалтгаан |
Хөдөлгөөний мэдрэлийн шалтгаан |
Нугасны тархмал хатуурал Нугасны зөөлөвч дискний дарагдал Эпидураль буглаа Цус алдалт Шигдээс Сирингомиели Титанус Хөндлөн миелит Хавдар Гэмтэл |
Амиотрофик хажуугийн хатуурал Хүзүүний спондилоз Хүнд хэлбэрийн мэдрэл булчингийн эмгэг Полимиелит Дифтериа Жулиан баррийн хам шинж Лимфома Бодисын солилцооны эмгэг /Чихрийн шижин, порфири/ Хор /хүнд металын/ Судасны үрэвсэл Саркойдоз Френик мэдрэлийн гэмтэл Мононеврит |
Мэдрэл булчингийн холбоосын шалтгаан |
Булчингийн шалтгаан |
Ботулизм Гипермагнеземи Лембэрт Этоны хам шинж Миастени Эмийн /мэдрэл булчингийн хориглогч, аминогликозид, антихолинэстеразын хориглогч/ Органофосфатын хордлого Хилэнцэд хатгуулах Могойн хор Хясааны хор |
Малтазийн хүчлийн дутагдал Бодисын солилцооны гажуудал /гипокалеми, гипофосфатеми/ Хоол тэжээлийн дутагдал Митохондрийн миопати Булчингийн хатингаршил Булчингийн хүчний дутагдал Полимиозит, дерматомиозит Равдомиолиз Бамбайн эмгэг |
Ашигласан ном зүй:
www.uptodate.com Guillain-Barré syndrome in adults
Т. Эрхэмбаатар, Б.Цэрэндаш “ Жирэмсэн үеийн эрхтэн тогтолцооны өвчин” 2017, 2021 Цочмог полирадикулоневропати (Гийен Барри хамшинж) хавсарсан жирэмсэн 466-473 хуудас
Уншиж засаж, нийтлэхийг зөвшөөрсөн: Профессор Т.Эрхэмбаатар