2024 оны 05-р сарын 07-ны өдөр
Нийслэлийн Өргөө амаржих газрын Сувилахуйн албанаас Олон Улсын сувилагчийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн Ерөнхий Боловсролын 21-р сургуулийн химийн гүнзгийрүүлсэн сургалттай, ахлах ангийн хоёр бүлгийн дунд ЭХ БАРИГЧ, СУВИЛАГЧ МЭРГЭЖЛИЙН үнэ цэнэ, бахархлыг таниулах зорилготой дараах үйл ажиллагааг зохион байгуулаа.
Энэхүү арга хэмжээний хүрээнд бид амаржих газрынхаа онцлог, үйл ажиллагааг сурталчлахын зэрэгцээ “Бидний мэргэжлийн бахархал” сэдвээр сургалт зохион байгуулж, сурагчдаар “Миний мэдэх Эх баригч, Сувилагч” ЭССЭ бичүүлсэн нь хүүхдүүдэд маш сонирхолтой сайхан дурсамж үлдээсэн үйл явдал боллоо.
“Миний мэдэх Эх баригч, Сувилагч” сэдэвт ЭССЭ бичлэгийн уралдаанд нийт 34 сурагч идэвхтэй оролцсоноос 11Б ангийн сурагч Г.Нарандулам, 11Д ангийн сурагч А.Өнөржаргал нарын ЭССЭ шалгарч дурсгалын зүйлээр шагнагдав.
Нийт сурагч нарт “Миний мэргэжлийн бахархал ” сэдэвт сургалтыг сувилахуйн албаны дарга, СУ-ны магистр, мэргэжлийн Тэргүүлэх зэрэгтэй Б.Эрдэнэцэцэг удирдан, мэргэжлийн Ахлах эрэгтэй арга зүйч эх баригч А.Амарбаясгалан, / мэргэжлийн Тэргүүлэх зэрэгтэй арга зүйч сувилагч Н.Гэрэлсайхан нар өөрсдийн мэргэжлийг таниулан сурталчлах, мэргэжлээ зөв сонгоход анхаарах тухай сонирхолтой сэдвээр сурагчидтай харилцан ярилцаж тэдний сонирхсон асуултад хариулан амжилттай зохион байгууллаа.
Мөн арга хэмжээний үеэр Мэргэжлийн Зөвлөх зэрэгтэй сувилахуйн арга зүйч, эх баригч Д.Уламбаяр өөрийн ажил мэргэжлийн 35 жилийн туршлагын амжилт дурсамжийг багтаасан зочин илтгэлийг тавьж сонирхуулсан..
Сургалтын төгсгөлд сурагчдыг Өргөө Амаржих Газрын Амбулаторийн тасаг, Нэгдсэн Хүлээн Авах Яаралтай Тусламжийн тасгийн үйл ажиллагаатай танилцуулсан нь хүүхэд бүрд өндөр сэтгэгдэл төрүүлсэн гэж өгүүлж байлаа. Энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулсан Нийслэлийн Ерөнхий Боловсролын 21-р сургуулийн эмч Т.Алтанзул, амаржих газрынхаа нийт тасгийн арга зүйч нартаа гүн талархал илэрхийлье.