Мэргэжилтнүүд төрөлт эхлэх механизмыг бүрэн гүйцэд судлаж чадаагүй байгаа бөгөөд төрөлт хэзээ эхлэхийг урьдчилан хэлэх боломжгүй юм. Таны бие төрөлтөд сарын өмнөөс бэлдэж эхэлдэг. Та төрөлт яаж эхэлдэг тухай мэдээгүй байж магадгүй. Эсвэл төрөх дундаж хугацааны ойролцоо шинэ шинж тэмдгүүд илэрдэг байх гэж бодож байгаа байх.
Төрөлт эхлэхийн өмнө илэрч болох зарим шинж тэмдэгт:
Таны хүүхэд доошлох
Хэрэв та анхны төрөгч бол төрөлт эхлэхээс хэдэн долоо хоногийн өмнөөс бие хөнгөрсөн мэт сэтгэгдэл төрж магадгүй. Танд аарцаг руу хүнд оргих мэдрэмж илрэхтэй зэрэгцэн хавирганы нум руу тулах шинж тэмдэг арилж амьсгалахад хялбар болох болно.
Бракстон хиксийн базлалт илүү мэдэгдэх
Бракстон хиксийн базлалтын хүчдэл болон давтамж нэмэгдэх нь төрөлт ойртож байгаа дохио болно. Энэ үед таны умайн хүзүү зөөлөрч богиносож байдаг. Зарим эмэгтэйчүүдэд энэ үед биений юм ирэх үеийнхтэй төстэй агшилт ажиглагдана.
Зарим үед жинхэнэ төрөлт эхлэхийн ойролцоо Бракстон хиксийн базлалт харьцангуй хүчтэй, өвдөлттэй 10-20 минут тутамд илэрч болдог. Үүнийг та жинхэнэ төрөлт эхэллээ гэж ойлгож магадгүй. Гэвч базлалт удаан үргэлжлэх, хүч нь нэмэгдэх, ойрхон зайтай болох зэрэг шинж тэмдэг илрэхгүй байхаас гадна умайн хүзүүний нээлтийг нэмэгдүүлж чадахгүй байж магадгүй. Үүнийг хуурамч төрөлтийн үйл ажиллагаа гэж нэрлэдэг.
Умайн хүзүү бэлтгэгдэж эхлэх
Төрөлт эхлэхээс хэд хоногийн өмнөөс Бракстон хиксийн базлалтын нөлөөгөөр умайн хүзүү зөөлөрч нимгэрч нээгдэхэд бэлтгэгддэг. Хэрэв та давтан төрөгч бол умайн хүзүү анхны төрөгчөөс илүү эрт, хялбар бэлтгэгдэх хандлагатай байдаг.
Таны төрөх хугацаа дөхөх үед эмч танд үтрээний үзлэг хийж умайн хүзүү бэлтгэгдэж эхэлсэн эсэхийг тодруулна.
Цуслаг ялгадас эсвэл салиа гарах
Төрөх хугацаа дөхөх үед бага хэмжээтэй өтгөн салиархаг ялгадас гарч магадгүй. Энэ бол сүүлийн найман сарын турш умайн хүзүүг таглаж халдвар орохоос сэргийлж байсан зүйл бөгөөд умайн хүзүү төрөлтөд бэлтгэгдэж байгааг илтгэнэ.
Үүний дараагийн хэд хоногт үтрээний шүүрэл нэмэгдэх болно. Салс бага зэрэг хүрэн бор, ягаан эсвэл улаан өнгөтэй болж ирдэг бөгөөд үүнийг цуслаг ялгадас гэж нэрлэдэг. Үтрээний үзлэг болон бэлгийн харилцааны дараа салиархаг ялгадас цуслаг ялгадас болж гарч эхлэх болно.
Ураг орчмын шингэн гарах
Ураг орчмын шингэнийг агуулж байдаг амнион бүрхүүл хагарах үед таны үтрээнээс шингэн зүйл урсаж гарна. Ураг орчмын шингэн гэнэт их хэмжээгээр гарч болохоос гадна багаар шүүрч гарч болох тул та сэжигтэй шинж илэрвэл эмч, эсвэл эх баригчтай холбоо барьж зөвлөгөө аваарай.
Ихэнх эмэгтэйчүүдэд ус гарахын өмнө жигд базлалт ажиглагддаг бол заримд нь базлалтгүйгээр шууд гарч болдог. Үүний дараагаар удалгүй төрөлтийн үйл ажиллагаа эхэлдэг. Хэрэв төрөлтийн үйл ажиллагаа эхлэлгүй тодорхой хугацаа өнгөрвөл төрөлтийг сэдээж эхлүүлэх арга хэмжээ авах болно.
ТӨРӨЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЖ БАЙГААГ ЯАЖ МЭДЭХ ВЭ
Ихэвчлэн төрөх үйл ажиллагаа яг хэзээ эхэлж байна вэ гэдгийг тогтооход хүндрэлтэй байдаг. Учир нь төрөлтийн эрт үеийн базлалт Бракстон хиксийн базлалттай тун төстэй байдаг бөгөөд жирэмсний сүүлийн хугацаанд илүү их тохиолддог.
Төрөлт эхлэхэд таны базлалт улам удаан үргэлжилсэн, хүчтэй, дараалсан жигд давтамжтай болж ирдэг. Энэ үед арван минут тутамд базлах бөгөөд юу ч хийсэн зогсохгүй болж ирнэ.
Зарим эмэгтэйчүүдэд ялангуяа давтан төрөгч нарт базлалт урьдчилсан шинж тэмдэггүй хүчтэй, жигд давтамжтайгаар эхэлж болдог. Энэ нь жирэмсэн эмэгтэй болгонд мөн жирэмслэлт бүрт харилцан адилгүй байдаг байна.
ХЭДИЙД ЭМЧТЭЙГЭЭ ХОЛБОО БАРИХ ВЭ
Жирэмсний сүүлийн хугацаа дөхөхөд эмч танд төрөлтийн шинж тэмдэг илрэхэд ямар арга хэмжээ авах болон эмнэлэгт хэзээ очих талаар тодорхой зөвлөмж өгнө. Эдгээр зөвлөгөө нь таны хувийн нөхцөл байдалд тохирсон байх болно. Тухайлбал, танд жирэмслэлтийн хүндрэл байгаа эсэх болон бусад эрсдлийг тооцох, таны хэд дэх хүүхэд, танай гэр төрөх газраас аль хэр хол байдаг зэргээс шалтгаална.
Хэрэв таны жирэмслэлт хүндрэлгүй бөгөөд та базлалт эхэлтэл гэртээ байх хүсэлтэй бол хүлээж болно. Харин та өндөр эрсдэлтэй бол төрөлт эхлэхээс өмнө төрөх газарт хэвтэх хэрэгтэй.
Хэрэв танд дараах нөхцөл байдал үүсвэл эмчтэйгээ яаралтай холбоо бариарай.
• Таны ус гарах, эсвэл ураг орчмын шингэн гарч байж магадгүй сэжиг илэрвэл. Мөн энэ нь шаргал, хүрэн бор эсвэл ногоон өнгөтэй байвал эмчтэйгээ даруй холбоо бариарай. Учир нь ургийн анхны зунгаг ногоон өнгөтэй байдаг бөгөөд ураг орчмын шингэн ийм өнгөтэй гарах нь урагт бүтэлтийн шинж байж болно. Үүний зэрэгцээ ус цусны өнгөтэй гарах нь аюултай шинж тул арга хэмжээ хурдан авах хэрэгтэй.
• Ургийн хөдөлгөөн багасах
• Үтрээнээс цус гарах (цусны хольцтой салиархаг ялгадас биш ), хэвлийн хүчтэй өвдөлт илрэх
• Жирэмсний 37 долоо хоногоос өмнө базлалт эхлэх болон бусад дутуу төрөлтийн шинж тэмдгүүд илрэх
• Толгой тогтмол хүчтэй өвдөх, нүд бүрэлзэх, хэвлийн дээд хэсэг аюулхай орчмоор хөндүүрлэх, хавагнах зэрэг преэклампсийн шинж тэмдгүүд илэрвэл
Зарим эмэгтэйчүүд сэтгэл зовоосон анхаарахгүй байж болохгүй шинж тэмдгүүдийг жирэмсний үед гардаг шинэ шинж тэмдэг гэж ойлгож магадгүй.