Төрсний дараа яагаад хярзан өвддөг вэ?
Төрөх замаар төрөх үед хярзанд (үтрээ болон хошного хоёрын хоорондох хэсэг) их хэмжээний даралт үүсдэг. Мөн хүүхдийн толгой гарах үед дасан зохицож сунадаг.
Хүүхэд төрөх үед хярзан урагдаж болохоос гадна ургийн толгойг гарах үед нээлтийг нэмэгдүүлэх зорилгоор хярзан сэтлэх буюу эпизиотоми хэмээх ажилбар хийж болдог. Эдгээрээс болж төрсний дараа энэ хэсэгт өвдөлт ихтэй байдаг байна.
Хэрэв та төрөх замаар төрсөн бөгөөд урагдал үүсээгүй бол төрсний дараа хярзан хавдаж эмзэглэлтэй болж болох боловч дараагийн өдрөөс зүгээр болно.
Ямар хугацаанд эдгэрдэг вэ?
Эдгэрэлтийн хугацаа ерөнхийдөө эмэгтэй хүн болгонд өөр байх боловч шархны гүн, байрлал зэргээс хамаардаг. Бага хэмжээний буюу арьс булчин зэргийг хамарсан өнгөц зулгаралд оёдол тавих шаардлагагүй байдаг. Ийм урагдал хурдан эдгэрэхээс гадна таагүй мэдрэмж бага үүсгэдэг.
Ердийн эпизиотоми болон хоёрдугаар зэргийн урагдал үүссэн бол оёдол тавих шаардлагатай болдог бөгөөд ихэвчлэн хоёроос гурван долоо хоногийн дараа эдгэрдэг. Зарим эмэгтэйчүүдэд долоо хоногийн дараа бага зэрэг өвдөлт байдаг боловч бусад таагүй мэдрэмж сарын турш үргэлжилдэг.
Хэрэв төрөлтийн үед илүү ноцтой урагдал ( гурав болон дөрөвдүгээр зэргийн урагдал) үүссэн бол өвдөлт болон таагүй мэдрэмж сар болон түүнээс удаан хугацаагаар үргэлжилж болзошгүй. Энэ үед төрсний дараагийн хэд хоногт шээхэд болон хүндээр бие засахад төвөгтэй байдаг.
Хярзангийн шархны эдгэрэлтийг сайжруулах болон өвдөлтийн хөнгөвчлөх аргууд
Төрсний дараа өөрийгөө хэрхэн асрах талаар эмчийн зөвлөгөө авах
Төрсний дараа хярзангийн орчимд хүйтэн жин тавих. Энэ нь хаван үүсэлт болон таагүй мэдрэмжийг багасгадаг.
Хэрэв таны хярзангийн урагдын хэмжээ бага биш бөгөөд эмч танд өвдөлт намдаах эм бичиж өгсөн бол эмийг зааврын дагуу уух хэрэгтэй. Энэ хэлбэрийн өвдөлтөнд Ибупрофен илүү тохиромжтой байдаг.
Бие засах болгондоо ариун цэврийн хэрэглэлээ солих
Бие зассаны дараагаар бургуй ашиглаж хярзангийн шархаа бүлээн усаар угааж байх
Ариун цэврийн цаас хэрэглэхдээ урдаас хойш нь чиглэлтэй хэрэглэж сурах хэрэгтэй. Энэ нь хошного орчмын нянг үтрээний хэсэг рүү тараахаас зайлсхийсэн арга юм.
Хярзангийн орчимд өвдөлттэй байгаа үед удаан хугацаагаар суухгүй байх
Шархны орчмыг аль болох ил, агаартай орчинд байлгах
Төрсөн өдрөөсөө эхлэн Кегелийн дасгал хийх нь төрсний дараах булчингийн хүчдэлийг хэвийн байдалд нь оруулах, шархны эдгэрэлтийг хурдасгах зэрэг сайн талуудтай.
Хэрэв хярзангийн урагдал шулуун гэдэсний хумигч булчинг гэмтээсэн бол (гурав болон дөрөвдүгээр зэргийн урагдлын үед) өтгөн хатахаас сэргийлж шингэн зүйл сайн уухын зэрэгцээ ислэг ихтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Мөн бургуй тавих болон шулуун гэдсээр лаа хэрэглэхээс зайлсхийгээрэй.
Онцын хэрэггүй юм хийж өөрийгөө ядраахгүй байх хэрэгтэй. Өөрийн эрч хүчийг хүүхэддээ болон өөртөө зарцуулахыг хичээгээрэй.
Хэзээ эмчтэй холбоо барих тухайгаа сайн мэдэж байх хэрэгтэй. Хэрэв хавдар болон эмзэглэл нэмэгдэж байвал, халууралт болон бусад халдварын шинж тэмдэг илэрвэл, шархнаас болон үтрээнээс эвгүй үнэртэй ялгадалс гарвал эмчид хандаарай.
Хэзээ бэлгийн харьцаанд орж болох вэ?
Хэрэв танд урагдал үүссэн эсвэл эпизиотоми хийлгэсэн бол шарх бүрэн эдгэртлээ зургаан долоо хоног болдог. Хэрэв эмч үзээд эдгэрэлт бүрэн явагдсан байна гэвэл бэлгийн харьцаанд орж болно. Гурав болон дөрөвдүгээр зэргийн урагдал үүссэн бол эдгэрэлтийн явцыг эмчид заавал үзүүлэх хэрэгтэй.
Төрсний дараагаар анх удаа бэлгийн харьцаанд орох үед өвдөлт болон бусад таагүй мэдрэмж үүсч магадгүй. Хэрэв хүүхдээ хөхөөр хооллож байгаа бол эстроген дааврын түвшин бага байдаг учир үтрээний чийглэг байдал бага байдаг. Иймд бэлгийн харьцаанд орохдоо усанд уусдаг тослох бодис хэрэглэх шаардлага гардаг.
/НӨАГ-ын Эх барих эмэгтэйчүүдийн Ахлах зэргийн эмч М.Түвшинжаргал/