Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Өсвөр насны охид охидын эмчид эсвэл өвдсөнөөс, эсвэл ямар нэг шинэ мэдрэмж үүссэнээс болж ханддаг.

Томчуудын асуудал үүсээгүй байхад эмэгтэйчүүдийн эмчид очих хэрэгтэй юу?
Ер нь аль болох эртхэн л үзүүлбэл зүгээр. Өсвөр охид эмчид ихэвчлэн өөрсдийн бэлгийн бойжилттой холбоотой асуудлаараа ханддаг бол бүр бага насны охидын хувьд эцэг эх нь шийддэг. Гуравхан настай охинд эмэгтэйчүүдийн эмчид очих хэрэг юусан билээ?

Эмэгтэйчүүдийн өвчнөөс хүүхэд насанд нь урьдчилан сэргийлэх нь илүү хялбар байдаг. Охид хөвгүүдийг бодоход тэвчээртэй, өвчнийг даваад гарчихдаг гэсэн ойлголт буруу юм. Хэрэв орчин цагийн охидын тухай яривал хөвгүүдээ бодоход тэд ямар нэг хямрал, архаг өвчнөөр илүүтэй өвчилдөг байна.

Насанд хүрээгүй охидод эмэгтэйчүүдийн эмч яагаад хэрэгтэй вэ?

Наснаас үл хамааран охид бүр насанд хүрсэн эмэгтэйчүүдийн адил умайтай байдаг. Дөнгөж төрсөн шүд ч үгүй, үс ч үгүй охинд умай, умайн хүзүү, өндгөвч байдаг. Нэгэнт эрхтэн нь буй бол ямар нэг өвчин байж болно гэсэн үг. Мэргэжилтнүүдийн судалгаагаар сургуулийн өмнөх насны болон өсвөр насны охидын 15-25% нь эмэгтэйчүүдийн янз бүрийн өвчнөөр өвддөг. Энэ нь бэлэг эрхтний үрэвслээс эхлэн уйланхай, миома, сарын тэмдгийн хямрал гэх мэт. Эдгээрийг цаг алдалгүй оношлож эмчлэх шаардлагатай. Ингээгүйгээс охидын эрүүл мэндэд муугаар нөлөөлөх, хожуу буюу төрөх насанд нөхөн үржихүйн үйл ажиллагаа хямарч болзошгүй.

Охидыг хэзээ хамгийн анх эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх хэрэгтэй вэ?

Дөнгөж төрмөгц гадна бэлэг эрхтний үзлэг хийж, нярайн хүйсийг тодорхойлдог. Сургуульд орох үе буюу 5-6 насанд, сарын тэмдэг ирсэн үед буюу 11-12 насанд охидын эмчийн үзлэгт хамруулдаг. 14 наснаас хойш бол охид өөрөө юмуу эцэг эхтэйгээ жилд нэг удаа охидын эмчид үзүүлэхийг зөвлөдөг. Охидын зовиур болон ямар нэг хэвийн бус шинж тэмдэгээс үүдэн үүнээс ч өмнө үзүүлж болно.

ОХИДЫН ЭМЧИД ХАНДАХ ЯМАР ҮНДСЭН ШАЛТГААНУУД БАЙДАГ ВЭ?

17-18 насны охид эмчид хандах үндсэн шалтаг нь сарын тэмдгийн саатал юм. Энэ дохиог анхааралгүй орхиж болохгүй, учир нь охин жирэмсэн болсон байж болзошгүй. Эмч охинд (бүсгүйд) хамгаалалтын ямар арга тохиромжтойг сонгох боломж олгохын тулд охидын эмчид уг нь бэлгийн амьдрал эхэлсний дараа бус өмнө нь ирвэл ухаалаг алхам болох билээ.

Түүнчлэн үтрээнээс шар ногоон, хүрэн өнгөтэй ялгадас гарах, эвгүй үнэртэй байх, гадна бэлэг эрхтэн орчим загатнах шинж тэмдгийг анзаарахгүй орхиж болохгүй.
Эдгээр аюултай шинж тэмдэг нь хөхүүл наснаас эхлээд өсвөр насны охидод ч тохиолдож болно. Охидод 6-7 насанд хөх нь томрох, умдаг суганд үс ургах юмуу 14 нас гэхэд эдгээр шинжийн аль нь ч илрэхгүй бол охидын эмчид үзүүлж шалтгааныг тогтоох хэрэгтэй. Бэлгийн бойжилт хугацаанаас түрүүлэх эсвэл хоцрох нь дотоод шүүрлийн ямар нэг өвчинтэй холбоотой байх нь олонтаа. Ялангуяа сарын тэмдгийн хямралыг анхаар.

21, 24, 28, 32 хоногийн зайтай давтагдаж буй сарын тэмдгийг хэвийн гэж тооцдог. Сарын тэмдгийн үргэлжлэх хугацаа 7 хоногоос хэтрэхгүй байх ёстой. Үүнээс удаан үргэлжлэх, тогтворгүй, өвчтэй, эсвэл хэт ихээр ирвэл заавал эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Сарын тэмдгийн хэмнэлийг тогтоохын тулд охид хуанли хөтлөх бөгөөд сарын тэмдгийн эхний ба сүүлийн өдрийг тэмдэглэж, өвдөлттэй байсан эсэх, хэр хэмжээгээр ирснийг тусгайлан тэмдэглэнэ. Энэ нь шаардлагатай үед эмчид юунаас болж сарын тэмдэг хямарсныг тогтооход чухал мэдээлэл болно.

Сарын тэмдгийн үед байнга өвдөх- эрт ирэхэд сандрах хэрэг байна уу?

3 охины нэг нь сарын тэмдгийн эхний өдөр хэвлийн доогуур хүнд оргих, татаж буюу базалж өвдөх шинжийг мэдэрдэг бөгөөд энэ нь умайн дутуу хөгжилтэй холбоотой байдаг. Цаг хугацаа өнгөрөхөд энэ нь алга болох буюу багасдаг. Гэхдээ яг өвдөж байх үедээ охидод хэцүү байдгийг хүлээн зөвшөөр. Сарын тэмдэг маш их өвдөлттэй ирдэг охид бүр босч чадахгүй байвал хүлээх буюу дураараа ямар нэг өвдөлт намдаах эм хэрэглэж болохгүй. Ийм эмчилгээ ямар үр дагавартайг хэн ч таашгүй. Сарын тэмдэг өвдөлттэй ирэх нь эмэгтэйчүүдийн өвчинтэй холбоотой байх нь олонтаа.
Бэлэг эрхтний гаж хөгжил, дайврын архаг үрэвсэл, бэлэг эрхтний сүрьеэ, эндометриозын шинж тэмдэг байж болно. Иймээс сарын тэмдэг нь хүчтэй өвдөлтэй ирдэг охид охидын эмчид заавал үзүүлэх шаардлагатай.

ТУРАХ, ӨЛСӨХ СОНИРХОЛ БЭЛГИЙН ХӨГЖИЛД НӨЛӨӨЛӨХ ҮҮ?

Орчин цагийн охид туранхай гоолиг, нарийн бүсэлхийтэй, хавтгай гэдэс нарийхан гуятай байхыг мөрөөддөг. Ингэхийн тулд тэд юу ч хийхээс буцахгүй.
Бараг идэхээ больж, эсвэл идсэний дараа зориуд бөөлжих, туулгах эм уух, тусгай дасгалаар хичээллэх гэх мэтээр оролдоход хүссэндээ хүрэх нь олонтаа. Тэд турдаг.
Гэвч гэнэт сарын тэмдэг зогсчихдог. Эдгээр гоё охидын жин 45 кг-с хэтэрдэггүй. Зарим эрдэмтэд үүнийг биеийн критик жин гэж нэрлэдэг бөгөөд жин эгзэгтэй байдлаас доош орвол нөхөн үржихүйн эрхтнүүдийн үйл ажиллагаа хямарч, өнчин тархи ба өндгөвчөөс дааврын үүсэлт болон ялгаралт удаашрах, умай, хөхний хэмжээ багасах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Сарын тэмдэг хэр удаан саатна, төдийчинээ нөхөн үржихүйн эрхтнийг сэргээх түвэгтэй байдаг. Байдал сайнаар төгсөхгүй байх нь ч бий. Жингийн эрс бууралтаас шалтгаалсан сарын тэмдгийн хямрал нь ирээдүйд үргүйдэлд ч хүргэж болно.

ЭЦЭГ ЭХДЭЭ ХЭЛЭЛГҮЙГЭЭР ОХИДЫН ЭМЧИД ҮЗҮҮЛЖ БОЛОХ УУ?

Болно, гэхдээ ийм биеэ даасан байдал нь тэр бүр сайн бус.
Эмч ямар нэгэн төлөвлөгөөт үзлэгийн үед охинд ямар нэг эмэгтэйчүүдийн өвчин илрүүллээ гэж бодьё. Оношийг тодруулахын тулд олон асуулт асуух шаардлага гардаг. Хүүхэд үедээ өвчилсэн өвчнүүд, төрөхийн гэмтэл, жирэмсэн үед урагт нөлөөлөх таагүй нөлөөлөл байсан эсэх гм. Хүүхэд үүнд хариулж чадах уу? Үгүй л болов уу.

Иймээс 15 нас хүрээгүй л бол охидын эмчид ээжтэйгээ ирэхийг зөвлөдөг. Эмч өвчтөн охиныг эцэг эх рүү нь утастах, үзүүлэх болсон шалтгааныг нь тайлах, үзлэгт яагаад ирээгүйг багшаар нь дамжуулж асуух гэх мэтээр эвгүй байдалд хэзээ ч оруулж болохгүй.

ОХИД ЭМЧИД ЯАГААД ӨӨРИЙН ДУРААР ХАНДДАГГҮЙ ВЭ?

Бэлгийн амьдралд орсон охид эцэг эх нь мэдчих вий гэж үхтлээ айдаг. Эмч хэн нэгэнд өвчтний зөвшөөрөлгүйгээр, мэдээлэл өгөх эрхгүй тул ингэж айх нь утгагүй юм. Бас нэг шалтгаан нь эмэгтэйчүүдийн үзлэгийн орон дээр гарахаас айх.
Гэхдээ энэ нь эрүүл мэнддээ хохирол учруулах шалтгаан биш. Эмэгтэйчүүдийн эмч заавал дотуур үзлэг хийхгүй байж болно. Жишээ нь, хамгаалалтын арга сонгоход чин сэтгэлийн харилцан яриа л хангалттай. Охидын үзлэгээр эмчийн хувцсаа тайлж орон дээр гарах хүсэлтэд охин татгалзах эрхтэй. Зарим охид эмэгтэйчүүдийн эмчид онгон хальсаа цоолно гэсэн айдсаас болж очдоггүй.

Санаа зовох хэрэггүй, эмч охидыг яг эмэгтэйчүүд шиг үздэггүй. Үзлэгийг гараар хийх ба үтрээгээр бус шулуун гэдсээр хийдэг. Хэрэв умайн хүзүү ба үтрээг харах шаардлагатай бол эмч тусгай нарийн, охидын толь ба вагиноскопийг хэрэглэдэг. Үүнийг онгон хальсыг гэмтээлгүй жижиг нүхээр оруулдаг.

ОХИДЫН ГИНЕКОЛОГИ НАСАНД ХҮРЭГСДИЙНХЭЭС ЮУГААРАА ЯЛГААТАЙ ВЭ?

Аливаа эмэгтэйчүүдийн өвчин охидод тохиолдох нь эмчээс мэргэжлийн өндөр бэлтгэлийг шаарддаг. Хүүхдийн биемахбодид эмэгтэйчүүдийн өвчин нууц буюу бүдэг шинжээр илэрдэг тул оношлоход түвэгтэй байдаг.

Охидын эмчийн мэргэжлийн чадвар нь бүдэг, үл анзаарагдам шинжээр өвчнийг таних оношлогооны ижбүрдлийг (жишээ нь, охидод жижиг хавдар илрүүлэх эсвэл өсвөр насны охинд цус алдалтын шалтгааныг тогтоох гм) сонгоход оршино.
Охидын эмч мэргэжлийн ур чадвартай байхаас гадна тодорхой хэмжээгээр сэтгэлзүйч байх шаардлагатай. Насанд хүрсэн эмэгтэйчүүд эмчид өөрийн биеийн байдал, яагаад өвчин туссан зэргээ нээлттэй ярьж, асуултанд тодорхой хариулдаг. Гэтэл охид ичдэг, эсвэл эмчид жижиг сажиг бүхнийг тодорхой ярих хэрэггүй гэж боддог. Энэ” жижиг сажиг” зүйл онош тавихад болон эмчилгээний схемийг сонгоход хэрхэн чухал болохыг мэддэггүй.

Хамгийн их, зөв мэдээллийг авахын тулд охидын эмч охидод тусад нь тохирсон аргачлал, сэтгэлзүйн холбоог хэрэглэх шаардлагатай. Ингэж байж л үр дүнд хүрнэ. Анхааралтай эцэг эхчүүдийн санааг их зовоодог охидын бэлэг эрхтнээс цагаан юм гарах шинжээр илэрдэг өвчин бол вульвовагинит юм. Охидын өвчлөлд багагүй байр эзлэдэг. Гэхдээ өвчин тархалтаараа бус цаашдын үр дагавараараа ноцтой.
Насанд хүрсэн эмэгтэйг бодвол охидод үрэвсэл зөвхөн гадаад бэлэг эрхтнээр хязгаарлагддаг нь хүүхэд насны онцлогтой холбоотой.

ВУЛЬВОВАГИНИТ

Шалтгаан-Вульвовагинитаар өвдсөн охидын олонх нь 10-с доош насныхан байдаг. Энэ насанд үтрээний хамгаалах чадвар сул (салст нь амархан гэмтдэг, үтрээний орчин шүлтлэг) буюу халдвар эсэргүүцэх чадвар муу байдагтай холбоотой. Вульвовагинит үүсэх урьдал нөхцөл нь амьсгалын замын өвчнөөр ойр ойрхон өвдөх, шээсний замын эмгэг, ангина, халдвар, гэдэсний дисбактериоз, антибиотикийн зохисгүй хэрэглээ буюу нэг үгээр хэлбэл дархлаа сулрахад хүргэдэг хүчин зүйл. Мөн механик, хими, дулааны хүчин зүйл, үтрээнд гадны биет орох ч (жижиг тоглоом, товч, бичгийн зүү гм) нөлөөлнө.

Вульвовагинит удаан явцтай биш. Гэхдээ түүний суурь дээр үтрээнд нян сууж халдвар үүснэ. Нөхцөлт эмгэгтөрөгч нянгаар үүсгэгдсэн вульвовагинит зонхилох ба өөрөөр
хэлбэл хэвийн үед үтрээнд байдаг нянгууд дархлаа сулрах гэх мэт тодорхой нөхцөлд эмгэг чанартай болдог нянгуудаар үүсгэгдэнэ гэсэн үг. Эдгээрт стафилококк, стрептококк, энтерококк, E.coli орно. Холимог халдвар ч цөөнгүй тохиолдоно.
Сүүлийн жилүүдэд вульвовагинитын шалтгаанд хламиди, микоплазм, уреаплазм, энгийн херпесийн вирус давамгайлж байна. Түүнчлэн трихомонад, заг хүйтэн, мөөгөнцөр арай том насны охидод илэрч байна.
Шээс бэлгийн замын халдварын эх булаг нь эцэг эх нь байх тохиолдол ховор бус.
Төрөх явцад болон ахуйн хавьтлын замаар (ариун цэврийн хэрэглэлээ дундаа хэрэглэх) халдвар дамжиж байна.

Вульвовагинит үүсэхэд охидын эрүүл ахуй ариун цэвэр гол үүрэгтэй. Эцэг эхчүүд охиндоо гадна бэлэг эрхтний ариун цэврийг сахих нь хичнээн чухал болохыг ойлгуулж, ариун цэврийн зөв дэглэмд сургах шаардлагатай.

ЭМНЭЛЗҮЙ
Вульвовагинитын үндсэн шинж нь бэлэг эрхтнээс ялгадас гарах, гадна бэлэг эрхтэн улайх, хорсох, загатнах зэрэг бөгөөд зарим тохиолдлын хувьд аажим бүдэг явцтай байдаг. Үүний шалтгаан нь хламиди, уреаплазм, микоплазм болой. Архагшдагийн шалтгаан нь халдварыг төрөх явцад авдаг, хожуу оношлогддогтой холбоотой.
Хялгасан хорхойгоор (гэдэсний доод хэсэгт шимэгчилж амьдардаг) үүсгэгдсэн вульвовагинит хурц явцтай байдаг. Охид шөнө дунд бэлэг эрхтнээр өвдлөө, загатналаа гэж зовиурладаг бөгөөд шүдээ хавирдаг.
Үндсэн эмчилгээ нь хорхойг устгах, үтрээний эрүүлжүүлэлт.

Гадны биетээр үүсгэгдсэн вульвовагинит цөөнгүй тохиолддог. Хүүхэд тоглож байгаад жижиг зүйл үтрээ рүүгээ оруулчихдаг. Хэсэг хугацааны дараа үнэртэй, цусны хольцтой ялгадас ихсэж гадна бэлэг эрхтэн улайдаг. Дээр дурдсан шинж тэмдгүүд илэрвэл охидын эмчид яаралтай хандах хэрэгтэй.

Онош ба эмчилгээний зарчим
Охидын эмч охины гадна бэлэг эрхтэнг үзэх шаардлагатай бол ялангуяа үтрээн дэх гадны биетийг сэжиглэж байгаа бол вагиноскопи хийнэ. Дараа нь наалдац авч, эмгэгтөрөгч нянг тодорхойлон антибиотик мэдрэг чанарыг үздэг.
Шээс бэлгийн замын халдварын нарийвчилсан шинжилгээг хийлгэнэ. Шинжилгээний хариу гармагц эмч шинж тэмдэгийн эмчилгээ (ваннд суух, цацлага гэх мэт), үүсгэгчийн эсрэг (антибиотик, үтрээний лаа, тос), хавсарсан өвчнийг эмчлэх (халдварын голомтыг эрүүлжүүлэх), биеийн ерөнхий эсэргүүцэл сайжруулах эмчилгээг (витамин, дархлаа дэмжих бэлдмэлүүд) заана.
Үндсэн эмчилгээний дараа охины үтрээн хэвийн микрофлорыг сэргээхийн тулд янз бүрийн эубиотик (бифидо, лактобактерин) хэрэглэнэ.
Эмчлээгүй хурц вульвовагинит нь архаг хэлбэрт шилжих ба цаашид таагүй үр дагавар дагуулж болно.

Вульвовагинит архаг удаан явбал синехий (бэлгийн баруун зүүн уруул наалдах), полип, кондилом, үтрээний сорвижлыг үүсгэж болно. Эдгээр хүндрэл насанд хүрмэгц бэлгийн амьдрал болон хүүхэд төрүүлэх үйл ажиллагааг хямраадаг.

Ювениль цус алдалт

Сарын тэмдэг тогтворжих үед охидод илрэх ба бусад эрхтний ялангуяа дотоод шүүрлийн эрхтний өвчин, хордлого, биеийн ба оюуны ачаалалтай холбоотой байж болно.
Амьсгалын замын халдвар болон өндөр халууралттай явагддаг бусад өвчин, удаан хугацаагаар наранд шарагдах зэрэг сэдээгч хүчин зүйл нөлөөлж болно.
Мөн ювениль цус алдалт нь төрөлхийн болон олдмол цус бүлэгнэлтийн хямралын анхны шинж тэмдэг байж болзошгүй. Гэнэт их хэмжээгээр цус алдах эсвэл бага хэмжээтэй гарч байснаа ихсэх байдлаар илэрдэг. Аль ч тохиолдолд эмчид цаг алдаж хандвал цус багадал үүснэ.

Аменорея

15-16аас дээш насны охидод сарын тэмдэг ирэхгүй байхыг анхдагч аменорея гэнэ.
Удамшлын хүчин зүйл (ээж, эмээд нь сарын тэмдэг оройтож анх ирдэг)
Органик хямрал (төрөлхийн умайгүй байх, өндгөвчийн төрөлхийн дутагдал гэх мэт)
Дотоод шүүрлийн болон сэтгэцийн өвчин Биеийн хүчний хэт ачаалал (спортоор хичээллэх) Жин бага байхтай холбоотой.

Сарын тэмдэг ирж байснаа жирэмслэлттэй холбоогүйгээр 5-6 сарын турш саатахыг хоёрдогч аменорея гэнэ. Ийм охидод дотоод шүүрлийн хүнд өвчин (өнчин тархи, өндгөвчийн хавдар), хичээлийн ачаалал, биеийн жин хэт багасах, сэтгэл гутрах, өөртөө сэтгэл дундуур байх, найз нөхөд, гэрийнхэнтэйгээ таарамж муутай байх, ойр дотны хүн нь нас барах гэх мэт суурь шалтгаан байх нь олонтаа.

Умайн дайврын үрэвсэл

Умайн дайвар гэдэг нь умайн хүзүү, өндгөвч, түүний холбоосууд юм. Умайн хүзүү үрэвсэх нь элбэг. Эрдэмтэд умайн дайврын үрэвслийн гол шалтгааныг ямар нэг өвчнөөс шалтгаалан биеийн эсэргүүцэл суларсантай холбож тайлбарладаг.(хэвлийн хөндийн үрэвсэл, амьсгалын замын халдвар, ангина, архаг тонзиллит сэдрэх гм)
Сэдээгч ноцтой хүчин зүйл нь даарах, ялангуяа сарын тэмдэг ирж байх үед даарах.
Умайн дайврын үрэвслийн гол шинж нь хэвлийн баруун, зүүн доод хэсэгт нуугиж өвдөх, сарын тэмдгийн үед улам ихсэх бөгөөд сарын тэмдэгийн дараа ч арилдаггүй.
Эмчилгээнд антибиотик, витамин, харшлын эсрэг бэлдмэл авдаг.

БЭЛЭГ ЭРХТЭНИЙ ХАВДАР

Охидын хавдрын өвчлөлд өндгөвчийнх зонхилох ба умай, үтрээний хавдар ховор тохиолдоно. Хүүхдийн хавдрын эмнэлэг, онкогинекологийн статистикаар хорт хавдар нь хоргүйгээсээ 2 дахин илүү тохиолддог.

Хавдар үүсэх хамгийн эрсдэлтэй хугацаа нь сарын тэмдэг анх ирэхтэй давхцдаг. Яг энэ үед гормоны ялгаралт ихсэж, түүнд өндгөвчийн эдийн мэдрэг чадвар нэмэгдэн, өндгөвчийн цусан хангамж сайжирч, өндгөвчийн эсийн элементийн нийлэгшил эрчимждэг тул өндгөвч хэмжээгээр томрох, өндгөвчийн уйланхай, кистома цааш даамжирдаг байн