Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Нөхөн үржихүйн насны охид эмэгтэйчүүдэд эх барих, эмэгтэйчүүдийн цогц тусламж үзүүлэн, эх нялхасын эрүүл мэндэд анхаарч, эсэн мэнд амаржуулах эрхэм хүндтэй үйлсээрээ манлайлж яваа тус амаржих газрын хувьд энэ өдөр шагналын хур буулгасан олон баяр тохиож байна. Тухайлбал, тус газрын хамт олонд мөн нийслэлийн дээд шагнал “Хангарьд одон”-г гардуулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа Соёлын төв өргөөнд боллоо. 

1928 онд байгуулагдсан нийслэлийн Өргөө амаржих газрын түүхт 90 жилийн ойн баяр энэ онд тохиож байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 380 мянга гаруй эх амаржжээ. Мөн жилд дунджаар 10-13 мянган хүүхэд мэндэлдэг гэсэн тоо баримт бий. Ийнхүү түүхэн ойн баяраа амжилт бүтээл, алдар гавъяагаар дүүрэн угтаж буй тус амаржих газарт өнөөдөр "Сентеррагоулд Монголия" ХХК-иас 21 сая төгрөгийн өртөгтэй, нярай хүүхдийн унтуулгын аппарат болон зөөврийн инкубаторыг жингийн хамт хандивлалаа. Нийслэлийн Өргөө амаржих газрын хамт олонд халуун баярын мэнд хүргэе. Монголын үрс маш олон болтугай.