Тэрбээр “Орчлон миний ширээний ном”, “Цагаан бүжиг”, “Хүүхнүүддээ хүргэх шүлгүүд”, “Амьдралыг үзэх хос тасалбар”, “Хайрыг минь зураад өгөөч” шүлгийн түүврүүдээ уншигчдад өргөн барьж, “Миний л аясаар” яруу найргийн, “Цэцэгнээс ч анхилхан”, “Зунаараа намар” дуун цомгуудаа хэвлүүлсэн авьяаслаг найрагч бүсгүй юм. Мөн түүний шүлгийг нь бичсэн “Чин үнэнч“, “Гангараа”, “Зүгээр л инээмсэглэ”, “Нууцхан” зэрэг олон дууны уран бүтээлийг уншигчид андахгүй мэднэ.
Үг-Б.Болорцэрэн Хөгжим-Б.Мөнхжаргал
НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН 90 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАВ.
ХҮЙН ЭЭЖИЙН ХҮСЭЛ
Амаржихаар дунших эхийн өвдөлтийг
Хуваалцаад эргээрэй өрөвчхөн дэлхий минь
Алганд минь амьлах нялххан үрдээ
Жаргалаа дархлаарай өндөрхөн тэнгэр минь
Хүлээн тэвдэх эцгийн зүрхийг
Хүндлээд түшээрэй уяхан хорвоо минь
Хөрстөд мэндлэх жаалхан үрдээ
Буянаа дагуулаарай дэлгэрхэн замбуу минь
Хэмжээшгүй баярт мөчийг дагаад
Эвлээд ирээрэй цагаахан сүү минь
Хэний ч бүсгүй үрийг ялгалгүй
Аялуулаад мөнхрөөрэй бүүвэйн дуу минь
Дахилт
Эсэн мэндийн орчлон шүү дээ
Элгээрэй бүтэн амгалан байг ээ
Хүйн ээжийнх нь хүсэл шүү
Бүгдээрээ тайван жаргалтай байг ээ