Респиратор-синцитиаль вирүс (РСВ)
РСВ-ийн В хэв шинж нь хүндрэл бага, эмнэлзүйн шинж тэмдэг бүдэг балархай хэлбэрээр явагддаг бол А хэв шинж нь хоруу чанар өндөртэй, амьсгалын доод замыг гэмтээх, ялангуяа бага насны хүүхдэд уушгины хатгалгааны гол шалтгаан болдог байна. РСВ-ийн халдварын үед ханиалгах, нусгайрах, хоолой өвдөх, чих өвдөх, халуурах зэрэг эмнэлзүйн шинж тэмдгүүд илрэх ба амьсгалын доод замыг өвчлүүлэн бронхиолит, уушгины хатгалгаа, астма зэрэг хүндрэлийг үүсгэдэг байна.
Риновирүс
Риновирүс нь хамрын ханиад, шуухинааны голлох шалтгаан юм. Хүний риновирүс нь жилийн дөрвөн улиралд эргэлтэнд байж, намар эрт 8-9 сард дэгдэлт хэлбэрээр тархан, бүх насны хүмүүс халдварт өртөх эрсдэлтэй. Риновирүсийн халдварын үед хоолой өвдөх, нусгайрах, хамар битүүрэх, найтаах, ханиах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илрэх ба булчин өвдөх, ядрах, сульдах, толгой хүчтэй өвдөх, хоолонд дургүй болох, халуурах зэрэг томуу төст эмнэлзүйн шинж илэрдэг.
Аденовирүс
Аденовирүс нь хэв шинжээсээ хамаарч амьсгалын зам, нүдний салст, эвэрлэг бүрхүүл, ходоод гэдэс, давсагны үрэвсэлт өвчнүүдийг үүсгэдэг. B, C, E хэвшинжүүд нь амьсгалын замын халдвар, D хэвшинж нь нүдний салст, эвэрлэг бүрхүүлийн үрэвсэлт өвчнүүдийг зонхилон үүсгэгдэг байна. Аденовирүсийн халдварын үед нусгайрах, хоолой өвдөх зэрэг шинжүүд илрэх ба нүдний салстыг үрэвсүүлнэ.
Коронавирүс
Хүний коронавирүсийн зарим хэв шинжүүд (OC43, HKU1, NL63 болон 229Е) нь амьсгалын дээд замын цочмог халдвар үүсгэнэ. Халдвар авснаас 2-4 хоногийн дараа ханиах, хоолой өвдөх, толгой өвдөх, халуурах зэрэг риновирүсийн халдвартай ойролцоо эмнэлзүйн шинжүүд илэрдэг байна. Амьсгалын дээд замын халдварын 30% орчим нь шинж тэмдэггүй явагддаг байна. Ларингит, трахеит, бронхит, пневмони, бронхилит үүсгэх ба синусит, отит зэрэг хүндрэл үүсэх нөхцлийг бүрдүүлнэ. Өвчлөл өвөл, хаврын эхэн үед ихэвчлэн бүртгэгддэг.
Бокавирүс
Ихэвчлэн бага насны хүүхэд, залуучууд өртөх эрсдэлтэй ба амьсгалын доод зам, хоол боловсруулах эрхтэнийг гэмтээдэг. Ханиалгах, найтаах, халуурах, нусгайрах, бөөлжих шинжүүд давамгайлан илэрдэг.
Энтеровирүс
Ихэвчлэн бага насны хүүхэд халдварт өртөх эрсдэлтэй. Энтеровирүсийн халдварын үед халуурах, хоолой өвдөх, хэвлийгээр өвдөх, суулгах, толгой өвдөх зэрэг эмнэлзүйн шинж тэмдгүүд илэрдэг байна.
Урьдчилан сэргийлэлт
Хэрэв та болон танай гэр бүлийн хэн нэгэнд 38 хэмээс дээш өндөр халуурах, ханиалгах зэрэг томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн бол бусдад халдвар тараахаас сэргийлж, сургууль, цэцэрлэг, ажилдаа явалгүй харъяа дүүрэг, хорооны өрхийн эрүүл мэндийн төвдөө хандан эмчийн зааврын дагуу эмчилгээг хийх.
Эх сурвалж: Томуугийн Үндэсний Төвийн вэб-сайтаас (www.flu.mn)