Б.ОДБАЯР: МАНАЙ ОХИД БАЯРЫН ӨДРҮҮДЭД МЭНДЭЛСЭН
-Шинэ хүнтэй болсонд баяр хүргэе. Хүүтэй болов уу, охинтой болов уу?
-Баярлалаа. Охинтой болсон. Шинэ оны эхний өдөр хоёр дахь охин маань мэндэллээ. Маш их баярлаж, бас догдолж байна. Манай охид дандаа баярын өдрөөр, эмнэлгийн ачаалал арай бага үед мэндэлж байна. /инээв/
-Охиндоо ямар нэр өгөх вэ. Шинэ жилээр төрсөн болохоор магадгүй шинэ жилтэй холбоотой нэр өгөх үү?
-Охиныхоо нэрийг аль хэдийн бодоод олчихсон. Ууган охиндоо би нэр өгсөн бол эхнэр маань хоёр дахь охиндоо нэр өгсөн. Охиноо Жизель гэж нэрлэхээр болсон.
-Ямар утгатай нэр вэ. “Жизель” балет л шууд санаанд бууж байна?
-Эхнэр маань модель болохоор өөрийн хүндэлдэг моделийн нэрийг /Бразилын загвар өмсөгч Жизель Бундхен/ өгч байгаа юм.
Э.СЭЛЭНГЭ: ЭМНЭЛГЭЭС ГАДНА ЭМЧИЙН ЧАДВАР ЧУХАЛ
Эмч нар хагалгаанаас гарч ирснийг жижүүр ч дуулгаж, бид хамт төрөх тасаг руу явлаа. Б.Одбаярын эхнэр, Монголын загварын ертөнцийн цөөн топ моделийн нэг Э.Сэлэнгэд шинэ хүнтэй болсонд баяр хүргэж, сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр амаржаад удаагүй байсан ч мишээл тодруулан, бидэнд дараах яриаг өгсөн юм.
-Хоёр дахь охиноо өлгийдөн авсанд баяр хүргэе. Танай охид яг баярын өдөр мэндэлсэн нь сонирхолтой юм?
-Бүгдэд нь шинэ оны мэнд хүргэе. 2020 оны эхний өдөр хоёр дахь охиноо өлгийдөн авсандаа маш их баяртай байна. Охин маань 09.00 цагт , 3.3 кг жинтэй, 50 см төрсөн. Эмч нартаа маш их баярлаж байна. Анхны охин маань Цагаан сараар буюу 2015 оны шинийн 1-нд өвдөлт өгч, шинийн 2-нд мэндэлж байсан. Энэ удаад хоёр оны зааг дээр хоёр дахь охиноо өлгийдөн авлаа. Охид маань дандаа баярын өдрөөр мэндэлж, баяр дээр баяр нэмж байна.
-Олны танил хүмүүс ихэвчлэн хувийн эмнэлгийг сонгож байгаа харагддаг. Харин та “Өргөө” амаржих газрыг сонгожээ?
-Аль эмнэлгийг сонгох нь хувь хүний сонголтын асуудал байх. Миний хувьд эмч нарын чадвар чухал гэж үздэг болохоор хувийн, эсвэл улсын эмнэлэг гэж ялгадаггүй. Улсын анхны төрөх эмнэлэг гэдэг утгаараа “Өргөө” амаржих газар нь энхийн манааны тэргүүн эгнээнд жагсдаг. Тэр ч утгаараа туршлагатай, чадварлаг эмч нарыгаа зориод ирсэн. Анхны охиноо “Өргөө” амаржих газарт төрүүлсэн бол хоёр дахь охиноо ч мөн энэ эмнэлэгт төрүүлж байна. Хоёр охиныг маань хоёуланг нь Мийгаа /Б.Мягмарцэрэн/ эмчийн бригад эх барьсан. Чадварлаг эмч нартаа маш их баярлаж байна.
-Охиндоо гоё нэр сонгосон байна лээ шүү. Танай гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсье?
-Баярлалаа. Охиноо өөрийн хайртай загвар өмсөгчийн нэрээр буюу Жизель гэж нэрлэхээр болсон. Бүгдэд нь аз жаргал хүсье.
ЭЭЖ НАР ОН ГАРГААД ХҮҮХДЭЭ ТӨРҮҮЛЭХ ГЭЭД ГҮРИЙГЭЭД Л БАЙСАН
Түүнтэй адил шинэ оны эхний өдөр, он солигдох мөчид “Өргөө” амаржих газарт 37 эх амаржсан байна. Дөнгөж амаржаад бие нь сульдсан ч балчир үрээ хараад жаргалтай болж байгаа нь ээж нарын харцнаас мэдрэгдэж байлаа. Мөн өвдөлт өгч, төрөх орон дээр орилон хэвтэж буй ээж нартай ч таарсан юм. Гэхдээ тус эмнэлэг энгийн үетэй харьцуулахад харьцангуй цөөн хүнтэй байсан юм. Он солигдох мөчид хэдэн хүүхэд өлгийдсөнийг “Өргөө” амаржих газрын эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч Б.Мягмарцэрэнгээс тодруулсан юм. Тэрбээр “Ээж нар хүүхдээ шинэ он гарахаар төрүүлэх гээд гүрийгээд л байлаа. Он гараад л шуурууллаа даа” гэсээр угтсан юм.
-Он солигдох мөчид хэдэн удаа “хонины ээлж" таарсан бэ. Энэ үед танд юу бодогддог вэ?
-Энэ жил он солигдох мөчид манай бригад жижүүрлэж таарлаа. Манай эмнэлэгт 2020 онд мэндэлсэн анхны хүүхэд нь 3.6 кг жинтэй хөөрхөн охин байлаа. Охин 00.07 цагт мэндэлсэн. Жижүүрийн хугацаанд /2019 оны 12.31-ний 16.30 цагаас 2020 оны 1.1-ний 08.30-цаг хүртэл/ 37 ээжийг амаржуулсан байна. Нялхасын 11 нь охин, бусад нь хүү. Миний хувьд эх барих эмэгтэйчүүдийн эмчээр 18 жил ажиллаж байна. Сүүлийн хоёр жил дараалан шинэ жилийн баяраар “хонины ээлж” таарлаа. Он солигдох мөчид хүмүүс гэр бүлийнхэнтэйгээ хамт байдаг бол би энд ажлаа хийгээд явж байлаа. Шинэ жилээр шинэ хүн эх барьж, залуустаа аз жаргал бэлэглэж байна гэж бодоод л ажиллаад байлаа. Мэргэжил маань айл гэрт аз жаргал бэлэглэдэг болохоор би энэ ажилдаа хайртай, энэ ажлаараа бахархдаг.
-Зарим хүмүүс эх баригч эмчээс нь хүүхдэдээ нэр хүсдэг юм билээ. Та хүй боож авсан хүүхдүүддээ нэр хайрласан уу?
-Надаас нэр хүссэн тохиолдлууд бий. Эх барьж авсан хоёр охинд өөрийн ууган охиныхоо нэрийг өгсөн.
-18 жилийн хугацаанд хэчнээн хүүхдийг эх бариад байна вэ?
-Нарийвчлан тоолоогүй юм байна. Энэ удаагийн ээлжээр л гэхэд манай бригад 37 хүүхэд өлгийдсөн. Бид эх барихын тав, сэхээний хоёр, нярайн гурван эмч, наркозын эмч, асрагч, сувилагчдын бүрэлдэхүүнтэй ажилласан.
ШИНЭ ЖИЛИЙН ЭХНИЙ ӨДӨР Л МЭНДЛЭХ ГЭЭД БАЙЖ
Ингээд эмнэлгээс гарах үед 10 орчим хүн хүлээлгийн зааланд зогсож байсан юм. Тэдэнд дунд шинэ хүнтэй болсон талаарх мэдээг утсаар сонсоод баярлаж суугаа эмэгтэйтэй таарсан юм. Түүнтэй энэ баярт мэдээг нь хуваалцлаа. Тэрбээр “Би гурван охинтой, бага охин маань өнөөдөр амаржлаа. Үүрийн 04.00 цагт ус нь гараад түргэн дуудсан. Түгжрэл бага байсан болохоор тун хурдан эмнэлэгт ирлээ. Эмч нарын буянаар эсэн мэнд амаржиж зээ хүүтэй болчхоод сууж байна. Охидоо амаржих болгонд нь цуг эмнэлэг явдаг. Би маш их өвдөлттэй амарждаг байсан болохоор тэр талыг нь битгий дуурайгаасай, бага өвдөж, хурдан амаржаасай гэж залбираад л сууж байдаг юм. Амралтын өдөр болоод тэр үү, өнөөдөр ачаалал нь арай бага байна. Өмнө нь энэ заал хүнээр дүүрэн, суух газар ч олддоггүй, холхиод л байдаг байлаа. Түгжрэлгүй болохоор түргэний машин ч түргэн ирсэн.
Бага охиныг нэгдүгээр сарын 10-нд амаржина гэж эмч нар хэлж байсан ч шинэ оны эхэнд л мэндлэх гээд байсан юм байлгүй шинэ оны эхний өдөр зээ хүү минь мэндэллээ. Хүргэн маань охинтой маань цуг дотор байгаа юм. Хүргэн рүүгээ залгаад хэдэн килограмм хүү төрснийг асуусан чинь, уйлаад олигтой хариулт хэлсэнгүй. Манай охины хоёр дахь төрөлт. Найман жилийн дараа амаржиж байгаа болохоор их өвдөж, нөхрийнх нь сэтгэл их түгшсэн байх. Удахгүй хэдэн килограмм хүү мэндэлсэн нь тодорхой болно байх. Ингээд есөн ач, зээтэй болж байна. Тэдний маань тав нь хүү, дөрөв нь охин” гэсэн юм.
Монгол Улсад өдөрт дунджаар 230 хүүхэд мэндэлдэг бөгөөд үүнээс 40-50 орчим нь нийслэлийн “Өргөө” амаржих газар буюу Клиникийн нэгдүгээр төрөхөд мэндэлдэг байна. Бяцхан үрсийг эх барихаар тус эмнэлгийнхэн дөрвөн ээлжээр ажилладаг аж. Нэг шөнийн ээлжид таван эх барих, эмэгтэйчүүдийн эмч, нярайн гурав, нэг наркозын эмч болон таван асрагч ажилладаг байна.
Он солигдох мөчид Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-д 46 эх амаржжээ.
Түүнчлэн Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр Монгол Улсад Шинэжил нэртэй 193 хүн байдаг юм.