Өнөөдөр бол хүүхэд бүр аз жаргалаар бялхсан, жаргалтай өдөр. Энэ өдөр эх, хүүхдийн бас хүйн ээжүүдийн баярын өдөр байдаг. Энэхүү баярын өдрийг тохиолдуулан Монголын хүйн ээжүүдийн эгэл нэгэн төлөөлөл “Өргөө” амаржих газрын тэргүүлэх зэргийн эх баригч М.Мэндбаярыг урьж ярилцсан юм. Тэрээр эрүүл мэндийн салбарт тасралтгүй 24 жил ажиллахдаа 22 жилд нь эх баригч хийж, 9300 бяцхан үрийг өлгийдөн, эх барин авсан байна. Биднийг очиход тэр ээлжийн ажлаасаа бууж байсан бөгөөд шөнөжин ажилласан гэж хэлэмгүй цоглог харагдаж байлаа.
-Сайн байна уу. Та чинь шөнөжин ажилласан гэж хэлэмгүй үнэхээр цоглог байна шүү. Шөнө хэдэн эх амаржсан бэ. Ачаалал ихтэй байв уу?
-Урд шөнө “Өргөө” амаржих газарт маань 34 эх амаржлаа. Үүнээс 22 нь өөрөөрөө төрж, 12 нь хагалгаагаар төрлөө. Дундаж л ачаалалтай өдөр байна. Гэхдээ нэг эх төрүүлнэ гэдэг дан ганц эх баригчийн ажил биш юм. Туслах сувилагч, асрагч, нярайн эмч гээд олон хүний бүрэлдэхүүнтэй багийн ажил байдаг.
-Та ажиллаж байх хугацаандаа 9300 хүүхдийг өөрийн гар дээр хүлээн авчээ. Энэ дунд ихэр хүүхдүүд байв уу?
-Би ажиллах хугацаандаа 120 ихэр хүүхэд эх барьж авсан байна. Ихэр хүүхэд төрөхдөө эхлээд нэгдүгээр ураг нь гарна. Тэгээд эхний ургаа нярайн эмчдээ шилжүүлчихээд дараагийн хүүхдээ хүлээнэ дээ. Ихэр хүүхэд заримдаа хоёр устай, заримдаа нэг устай байна. Дунджаар 15-20 минутын дараа хоёр дахь хүүхдээ эх барьж авдаг даа.
-Зарим хүн ихэр хүүхэд ар араасаа цувраад гарчихдаг гэсэн ойлголттой байдаг. Харин эхний хүүхэд төрснөөс хойш 10-20 мунитад болдог байх нь ээ?
-Тийм ээ. Тухайн эх ураг хоёрыг маш сайн л хянах хэрэгтэй байдаг юм. Ээжид нь ямарваа нэгэн зовуурь шаналгаа байна уу, хүүхдийн зүрх цохиж байна уу гээд л. Ямарваа нэг хүндрэлээс сэргийлэх бүх зүйлд бэлэн, хяналтад байлгадаг. Тэгээд сандрах юмгүй багаараа тусламж үзүүлнэ. Ихэр хүүхэдтэй болно гэдэг чинь асар их хувь заяа. Тэр бүр олдоод байхгүй шүү дээ.
-Эх баригчийн ажил их хариуцлагатай, сэтгэлийн бэлтгэл шаардсан ажил бололтой?
-Тийм. Бид эх, хүүхэд гэсэн хоёр хүний амь хариуцдаг. Тухайн ээж хүлээн авахаас төрөх өрөөнд орж ирээд хянагдаад эсэн мэнд амаржина. Төрснийх нь дараа хоёр цаг хянаж байгаад төрсний дараах тасаг руу шилжүүлдэг.
-Олны танил эрхмүүдийн хүүхдийг авч байв уу?
-Дуучин О.Гансувдын хүүхдийг авч байлаа. Бас “Алтернатив” Отгоо гэдэг дуучин Х.Отгончимэгийг эх барьж байсан юм байна.
-Аавууд төрөхийн өрөө рүү их ордог уу?
-Манай эмнэлэг аавуудын ордог төрөх өрөөтэй болсон. Аавуудыг хамт орохоор би “за дотор чинь муухай болоод ухаан алдах гээд байвал цаад өрөө рүүгээ л ордог юм шүү. Яг төрж байх үед чамтай зууралдаж чадахгүй” гээд хэлчихдэг юм. Ихэвчлэн залуучууд хамт байж байя гэдэг дээ.
-Нөхрүүд төрж байгаа эхнэрээ хараад ухаан алдаж унадаг гэсэн үнэн үү?
-Харин тэгдэг л гэсэн. Над дээр төрсөн хүүхдүүдийн аав нь ямартай ч ухаан алдаж унаагүй. Заримдаа би хүйг нь хайчилж болох уу гэж асууна. Гэхдээ бид халдвар хамгааллын дэглэмээ бариад бас дураар нь тэгүүлэхгүй.
-Мэргэжил бүхэн сайхан шүү. Таны мэргэжлийн сайхан зүйл нь юу вэ?
-Бидний мэргэжлийн хувьд ээж, хүүхэд хоёр эсэн мэнд амаржиж, хүүхэд хорвоо дээр ирээд анхны амьсгалаа аваад часхийн уйлах үед “За энэ хүүхэд эсэн мэнд сайхан амаржлаа” гээд бид чинь баярлана шүү дээ. Тэр үед ямар ачаалалтай, яаж ядарч байсан бүгдийг нь мартаад сайхан болчихдог юм. Дөнгөж төрсөн улаан нялзрай амьтанг эхийнх нь цээжин дээр тавих мэдрэмж хамгийн сайхан нь. Залуу эх баригч нар бас их хөөрхөн. Тэд чинь сургуулиа төгсөөд эх барьж үзээгүй хүүхдүүд орж ирээд анхны эх барих ажилдаа ордог юм. Хүүхдээ яаж авахаа мэдэхгүй өөрөө ч хүүхэд шиг эмч нар орж ирнэ. Гараа ингэж барина, хүүхдийнхээ толгойг ингэж хамгаална гээд эхнээс нь заана. Тэгээд л тэд нар чинь онол практик хоёр өөр байдаг юм байна гээд инээлддэг юм. Заримдаа хүүхдийг алдах шахам авна, арай л унагаахгүй. Дараа нь би яаж авснаа ч санахгүй байна, нэг мэдсэн чинь л гараад ирсэн гэх мэт тохиолдол залуу эх баригч нарын дунд олон тохиолддог. Тэд нарыгаа сайн сургаж авах хэрэгтэй байдаг юм.
-Шөнө 18 настай анхлан төрөгч эсэн мэнд амаржиж эрүүл саруул хүүхэдтэй болсон гэсэн. Сүүлийн үед төрөлт залуужиж байгаа сурагтай байна?
-Тийм шүү. Өсвөр насныхан төрөх нь эрс нэмэгдэж байгаа. Анхлан төрөгч 14, 15 настай байх тохиолдол ихэссэн. 19 настай хоёр дахь төрөлт гээд төрж л байгаа. Сүүлийн үед эхчүүд кесар хагалгааг их сонирхох болсон. Кесар хагалгааг эх ураг хоёрт ямар нэгэн эрсдэл гарсан тохиолдолд хагалгаа хийдэг юм. Харин эхчүүд биеийн амрыг бодож, өвдөхөөс халшраад надад хагалгаа хийгээд өгөөч гэдэг. Тийм зүйл бол байхгүй. Би өвдөөд байна, төрж чадахгүй нь гэсэн эх бүрийг хагалгаанд оруулдаггүй. Аль болох л өөрөөрөө төрөх нь зөв.
-Эрүүл саруул хүүхэд төрүүлэхийн тулд бүсгүйчүүд юуг хамгийн сайн анхаарах ёстой вэ?
Эрүүл хүүхэд төрүүлнэ гэдэг дан ганц эмэгтэй хүний хариуцлага биш. Нөхөр нь, найз залуу нь ч гэсэн эрүүл хүүхэдтэй болохын тулд хамтдаа эрүүл байх чухал. Эрүүл гэр бүлээс эрүүл хүүхэд төрдөг юм. Мөн залуучууд гэр бүлээ сайн төлөвлө. Жирэмсэн болжээ гэдгээ мэдсэн бол шууд хяналтад ор. Тэгээд хяналтынхаа эмчийн зөвлөгөөг дагаж мөрдөөд явж байхад аяндаа сайхан төрнө. Сүүлийн үед жин ихтэй, том хүүхдүүд их төрөх болсон. Энэ нь ихэвчлэн жирэмсэн байх үедээ буруу хооллосноос болдог юм. Ер нь хүүхэд дунджаар 3-4 кг байдаг.
-Зургаан сарын 1 гэдэг хүүхдийн баяртай зэрэгцээд хүйн ээжүүдийн баяр байдаг шүү дээ. Танд баярын мэнд хүргэж олон хүн залгадаг байх даа?
-Над дээр төрсөн ээжүүд залгаад таны авсан хүүхэд эрүүл сайхан бойжоод тэддүгээр ангид явж байна, тийм сургуульд сурч байна, ингэж байна гээд ярьдаг. Тэр үед өдий зэрэгтэй өсөөд, том болсныхоо дараа эргээд холбогдож байгаад нь их баярладаг. Энэ бол эх баригч хүний өөрөөрөө бахархах, өөртөө баярлах зүйл.
-Ярилцсанд баярлалаа. itoim.mn