Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Манай орны 17 аймгийн 132 сум тарваган тахлын байгалийн голомттой бөгөөд энэ жил идэвхжил өндөртэй байгааг мэргэжлийн байгууллагаас сэрэмжлүүлсээр байна. Энэ оны долдугаар сард Ховд, Говь-Алтай аймгуудад тарваган тахлын өвчлөл бүртгэгдсэнээс Ховд аймгийн Жаргалант, Цэцэг суманд 2 хүн “тарваган тахлын булчирхай,хоёрдогч уушгины хэлбэр”-ээр өвчилсөн байна. Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 15 настай эрэгтэй хүүхэд тарваган тахлын анхдагч үжил хэлбэрээр өвчилж нас бараад буй юм. Уг өвчинтэй тэмцэхэд иргэн хүний оролцоо чухал бөгөөд тарваган тахлын халдвар авах аливаа эрсдэлт үйлдлүүдээс татгалзсанаар өөрийн цаашлаад нийтийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахаас сэргийлж чадах юм. Тарваган тахлын өвчлөлийн талаарх мэдлэг мэдээллээ сайжруулах цааш түгээхэд дөхөм болох үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ.

Тарваган тахал гэж юу вэ?

Тарваган тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц аюулт халдварт өвчин юм. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Хүнд халдварласан тохиолдолд нууц үе 1-6 хоног үргэлжилнэ.

Халдварлагдсан бүүрэгт хазуулах, өвчилсөн амьтныг өвчих, арьс, маханд хүрэлцэхэд арьс салстаар, тарваганы махыг түүхий, шүүрхий идсэн тохиолдолд хоол боловсруулах замаар, нүх, ичээ ухах үед болон уушгины хэлбэрийн тахлаар, өвчилсөн хүнээс амьсгалын замаар халдвар дамжина.

Тарваган тахал өвчний үед илрэх шинж тэмдэг

Гэнэт өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, эргэх, дотор муухайрах, бөөлжих, тайван бус болж, нойргүйдэх, арьс салстаар халдвар авсан үед булчирхай томорч хүчтэй эмзэглэх, амьсгалын замаар халдвар авсан тохиолдолд гэнэт өндөр халуурч цээжээр өвдөх, ханиалгах, цустай цэр гарах, амьсгаадах, хоол боловсруулах замаар халдвар авсан үед суулгах, заримдаа цусаар суулгах шинжүүд илэрнэ.

 

 

Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх зөвлөмж

·         Тарваганы мах, эд эрхтэнг хүнсэнд болон эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх

·         Тарваганы арьс, түүхий эдийг зөөвөрлөхгүй байх

·         Нохой зууж ирсэн тарваганд хүрэхгүй байх, хөдөлгөөн нь удааширсан тарвагыг агнахгүй байх, арьс, махыг ашиглахгүй байх

·         Сэжиг бүхий үхсэн мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал мэргэжлийн байгууллагад хандах

·         Тарвага болон бусад мэрэгчдийн бөөс,бүүрэгт хазуулахаас сэргийлэх

·         БОАЖ-ын сайдын тушаалаар “Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнах”-ыг хориглосон шийдвэрийг дагаж мөрдөх