Өвчний тодорхойлолт:
Тарваган тахал нь нянгаар үүсгэгддэг, мэрэгч амьтад тэдний бөөс, бүүргээр дамжин халдварладаг, тунгалгийн зангилаа, уушгийг зонхилон гэмтээдэг халууралт, хурц хордлого бүхий зоонозын халдварт өвчин.
Үүсгэгч:
Үүсгэгч Yersinia pestis нь грам сөрөг зууван хэлбэртэй, аналины будгуудаар хоёр туйл нь тод будагддаг, үр үүсгэхгүй хөдөлгөөнгүй савханцар.
Тархалт:
Дэлхий дээр 235 зүйл мэрэгч, туулай хэлбэртэн амьтад тарваган тахлаар өвчилдөг. Төв Азийн тарваган тахлын байгалийн голомтын зонхилох хэсэг нь манай орны нутаг дэвсгэрт оршдог бөгөөд экологи-газар зүйн онцлогийг харгалзан тарваган тахлын байгалийн голомтыг уулт-хээрийн, тал-хээрийн, говь-хээрийн гэсэн үндсэн гурван хэв шинжид хуваадаг. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 28,3 % буюу 18 аймгийн 132 сумдын 443,3 км2 талбай тарваган тахлын байгалийн голомттой бөгөөд байгалийн голомтонд мэрэгч, туулай хэлбэртэн амьтад тарваган тахлын агуулагчийн үүргийг гүйцэтгэдэг ба хээрийн бүсэд араатан амьтад, мачин шувууд тодорхой хэмжээгээр оролцдог. Гэрийн тэжээвэр амьтдаас тэмээ тарваган тахлаар өвчлөх тохиолдол байдаг. Тарваганаас үүдэлтэй тарваган тахлын голомтын улиралчлал 4-р сараас сэргэн идэвхжиж, 8-9 сард идэвхжлийн оргил үедээ хүрч 10-р сарын дунд үеэс намжмал байдалд ордог.
Тархвар судлал:
Эх уурхай:
Өвчтөн, цогцос, тарваган тахлаар өвчилсөн мэрэгч амьтад болон туулай хэлбэртэн нь халдварын эх уурхай болно. Гэрийн тэжээвэр амьтдаас нохой, муур нь мөн эх уурхай болно.
Халдвар дамжих зам:
Шууд хавтлын зам:
Өвчтэй тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх явцад арьс, салстын бүрэн бүтэн байдал алдагдсан болон өвчтөнийг асрах, сувилах, халдвартай эд зүйлстэй хамгаалах өмсгөлгүй харьцсанаас халдвар авч болно.
Дам халдварын зам:
Мэрэгч амьтдын бөөс, бүүрэг, хачигт хазуулах тохиолдолд халдварлана.
Агаар дуслын зам:
Тарваган тахлын уушгины хэлбэрээр өвчилсөн хүнээс хүнд халдвар дамжина.
Хоол хүнсний зам:
Тарваган тахлаар өвчилсөн тарваганы түүхий эд болон дутуу боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ хэрэглэх явцад халдварлана.
Нууц үеийн хугацаа:
Нууц хугацаа хэдэн цагаас 6 хоног хүртэл үргэлжилнэ.
Өртөмхий бие:
Тарваган тахлын байгалийн голомттой бүс нутагт оршин суугчид, анчид, тарваганы түүхий эдтэй харьцагчид халдварт өртөх магадлал өндөр. Өвчилсний дараа дархлаа тогтох боловч дахин халдвар авч өвчилж болно.