Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт 2022 оны 1 сарын 22-ны өдөр ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр, эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл нар ажиллалаа.
Тус тасагт өнөөдрийн байдлаар 260 халдвартай эх хэвтэн эмчлүүлж байна.
Өргөө амаржих газрын дарга Ж.Энхцэцэг амаржих газрын нөхцөл байдал, хүний нөөцийн чадавхи, ковид-19 халдвартай жирэмсэн эхчүүдийг эмчлэх тасагт ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилтан хэрхэн ачаалалтай ажиллаж байгаа талаар танилцууллаа.
Өнөөгийн халдварын тархалт өндөр байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор эмнэлгийн ажилчид өвдөж байгаа хэдий ч бид ковидын тасгийн үйл ажиллагаагаа зөв зохион байгуулан ажиллаж байгаагаас гадна бусад үндсэн үйл ажиллагаагаа алдагдуулахгүйгээр хэвийн үргэлжлүүлэн тусламж үйлчилгээгээ үзүүлж байна. Одоогоор манай эмнэлэг нь 440 ажилчинтай, үүнээс 7.2 хувь нь буюу 32 ажилтан халдварын улмаас эмчлүүлж байна. Эмчлэгдсэн ажилчид ажилдаа аль хэдийн орсон. Бид үйл ажиллагаандаа Өргөө амаржих газрын 41, АШУҮИС -ийн 10 резидент нийт 51 резидент эмч нараа дайчлан, бүх үйл ажиллагааны хуваарьт оруулан хамтран ажиллаж байна. Иймээс ч манай эмнэлэг нь зохион байгуулалтын өндөр түвшинд ажиллаж байгаа тул хүний нөөцийн асуудал гарахгүй гэдэгт итгэлтэй байна гэж Өргөө амаржих газрын дарга Ж.Энхцэцэг хэллээ.
Тухайн үед Ковидын тасгийн эрхлэгч эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч Д.Гантулга, тэргүүлэх зэргийн эмч Б.Дашдэмбэрэл, халдвараас сэргийлэх албаны дарга Б.Заяа, тасгийн арга зүйч эх баригч Д.Уламбаяр болон жижүүрийн эмч сувилагч, асрагч, эмнэлгийн ажилтан нар ажиллаж байлаа.
ЭМЯ-ны төлөөлөл тус амаржих газар ажиллахдаа ковид -19 халдвартай жирэмсэн эхийг эмчлэх тасгийн эмч ажилчидтай уулзаж тэдний ачаалалтай ажиллаж байгааг мэдэж байгаагаа уламжлан талархал илэрхийлж урам хайрлаж цаашид ажиллах эрч хүчийг өглөө.
Мөн тус тасгаар үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчидтэй уулзаж санал хүсэлтийг сонсоход үйлчлүүлэгчдийн хувьд эмчилгээ үйлчилгээндээ сэтгэл хангалуун өөрөөр хэлбэл эмнэлгийн эмч ажилчдын харьцаа сайн, хоолны амт чанар сайн, эм тариа гаднаас авахгүй байгаа талаар хэлж сэтгэл санаагаа илэрхийлж байлаа.
Түүнчлэн тус амаржих газар дээр ажилласан ЭМЯ-ны ажлын хэсэг нь манай амаржих газрыг НЭМГ-аас ЭМЯ-руу шилжихтэй холбоотой бусад асуудлыг газар дээр нь шийдвэрлэж зөвлөн туслах үйл ажиллагаа явуулахаас гадна цар тахлын үед сэтгэл зүтгэл гарган ажиллаж байгаа нийт эмч ажилтан нарт урам хайрласан явдалд талархаж байгаагаа илэрхийлье.