Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн 95 жил, Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасгийн 90 жилийн ойд зориулсан “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН САЛБАРЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа. Тус эрдэм шинжилгээний хуралд Австрали, ОХУ, Тайвань, Франц зэрэг орнуудын эмч төлөөлөгч нар болон АШУҮИС, Амгалан амаржих газар ТМЭ, Хүрээ амаржих газар ТМЭ, RMC- үр шилжүүлэн суулгах үндэсний төв, CLWH hospital, Хавдар судлалын үндэсний төв, ЭНЭҮТ-II зэрэг Монголын эх барих эмэгтэйчүүдийн томоохон эмнэлгүүдийн эмч судлаач нар хүрэлцэн ирж бидэнд эрдэм шинжилгээ судалгааны ажлаасаа танилцуулсан явдалд талархалаа илэрхийлье. Тус эрдэм шинжилгээний хурлаар бид цаашдын хөгжил дэвшилээ тодорхойлж туршлага хуваалцсан ач холбогдолтой байлаа.
Өнөөдрийн энэхүү түүхэн цаг үеийн эхлэлийг та бүхэндээ товчлон хүүрнэвээс...
Монгол улсад эмэгтэйчүүдийн салбар үүсэн хөгжих эхлэл 1933 онд Төв больницын мэс заслын тасагт 10 ортой эмэгтэйчүүдийн тасаг анх нээгдсэн түүхтэй. 1962 онд эмэгтэйчүүдийн тасгаас Эмэгтэйчүүдийн хавдар судлалын тасаг байгуулагдсан. Монгол улсын эрүүл мэндийн салбарт 1990 оноос эхлэн бусад эмнэлэг, аймгуудад эмэгтэйчүүдийн тасаг үүсэн хөгжиж байсан юм. Эмэгтэйчүүдийн тасгийг түшиглэн үе үеийн ахмад гавьяат эмч нарын удирдлаганд хот хөдөөгийн олон эмч нар дагалдан суралцаж, мэс заслын чадвараа дээшлүүлж иржээ. 2004 оноос эхлэн манай эмнэлэг Франц, Тайланд, Австрали, Тайван, ОХУ, Солонгос зэрэг орнуудад дурангийн мэс засал, дотоод шүүрэл, үргүйдэлийн чиглэлээр нарийн мэргэжил эзэмшсэний дунд 5 эмч Франц улсад дурангийн мэс заслын чиглэлээр Европын холбооны диплом хамгаалсан байна. 2011 онд манай ӨАГТМЭмнэлэгт түшиглэн Монголын Эмэгтэйчүүдийн Мэс Засал Дурангийн нийгэмлэгийн санаачлагаар ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр монгол улсдаа анх удаа Дурангийн мэс заслын сургалтын төвийг нээж байсан бол өнөөдрийн байдлаар дурангийн мэс заслаар 68 эмч, 3 сувилагч, дотоод шүүрлийн чиглэлээр сургалтыг зохион байгуулж эмч нарыг бэлтгэж байна. 2009 онд анхны дурангийн мэс засал хийж байсан бол өдгөө нийт мэс заслын 70% хөнөөл багатай аргаар хийж байгаа нь бидний том ололт юм. Цаашид бидний зорьсон өдрийн мэс заслыг өргөжүүлэх , хиймэл оюун ухаанд суурилсан хөнөөл багатай мэс засал, үр шилжүүлэн суулгах ажилбар зэрэг олон шинэ шинэ санаа санаачлагуудын эхлэл тавигдан ажиллаж байна.