Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Эмнэлзүйн ур чадварын сургалтын танхимын нээлт 2025 оны 02 дугаар сарын 1-ний өдөр боллоо

Танхимын нээлтийн үйл ажиллагаанд Австрали Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр хариуцсан н.Энхтүвшин, Зориг сан, Нийслэлийн Өргөө амаржих газрын Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Мөнхзул, Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбооны тэргүүн Ц.Үржиндэлгэр болон холбогдох эмч, эмнэлгийн мэргэжилтэн, хөтөлбөрийн ажлын хэсгийн бүрэлдэхүүн оролцлоо.

Нийслэлийн Өргөө амаржих газар нь Монголын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын холбоотой тогтвортой хамтран ажиллах хамтын гэрээг байгуулан ажилласаар ирсэн. Энэ хамтын ажиллагааны хүрээнд Австрали Улсын Засгийн тэтгэлэгт хөтөлбөр, Зориг сангийн дэмжлэгээр “Эх, үрийг энэрэхүй” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд “Эмнэлзүйн ур чадварын сургалтын танхим”-г тохижуулан ийнхүү ашиглахад бэлэн боллоо.

Уг эмнэлзүйн ур чадварын танхим нээгдсэнээр эх барих эмэгтэйчүүдийн эмч, эх баригч, эмнэлгийн бусад мэргэжилтний мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх орчин бүрдэж эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах боломж бүрдэж байна.

Тус өдөр Монголын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын холбооноос Эх, нярайд үзүүлэх анхан шатны суурь тусламжийн хичээлийг нийслэл болон орон нутгийн нийт 15 эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарт сургалтын муляж хэрэгсэл ашиглан 1 өдрийн онол, дадлага хосолсон эхний сургалтыг амжилттай зохион байгууллаа.