2025 оны 04 сарын 18-нд Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ чанар аюулгүй байдлын албанаас “Чихрийн шижин, жирэмсний чихрийн шижингийн хяналт, төрөлтийн тусламж үйлчилгээ” сэдвээр чанарын өдөрлөг хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.
“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д Нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дэмжих замаар сэргийлж болох эх, хүүхдийн эндэгдэлд нөлөөлөх хүчин зүйлийг багасгаж, эх хүүхдийн эндэгдэл, хоол тэжээлийн дутагдлыг тогтвортой бууруулах” зорилтын хүрээнд “Нялхсын эндэгдлийн түвшин 1000 амьд төрөлтөд 2026 онд 11.0 промиль-д хүргэж бууруулна” (Монгол Улсын Засгийн Газар, 2016) зорилтыг хэрэгжүүлэхэд жирэмсэн эхийн чихрийн шижингийн хяналтын чанарыг сайжруулах зорилготой юм.
Өдөрлөгийг НӨАГ-ын Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Мөнхзул нээж үг хэлэн ЭМЯ-ны дэргэдэх Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн Б.Болорчимэг, УНТЭ-ийн Дотоод шүүрэл судлал диабетийн төвийн дарга С.Янжмаа, ШУТИС-ийн Шим тэжээл судлалын төвийн захирал С.Баянжаргал, НЭМГ-ын Хүүхэд, нярайн тусламж, үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Бямбадалай болон НЭМГ-ын харьяа 11 байгууллагын 49 эмч, НӨАГ-ын эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл нийт 130 оролцогчид оролцож цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж ажиллалаа.
Нийгэмд чиглэсэн боловсрол, эрүүл мэнд сайн сайхныг дэмжин ажилладаг ABICO Mongolia, Green Gate International, Төгс Бат Орших ХХК-тай хамтран ажиллаж өдөрлөг, хэлэлцүүлгийн үйл ажиллагааг ивээн тэтгэж 260 (давхардсан тоо) оролцогч нарт бүтээгдэхүүнээс бэлэг болгон өгсөн.
ЭМТҮЧАБА-аас НӨАГ-ын Хоол зүйчтэй хамтран ажиллаж “Жирэмсний үеийн чихрийн шижингийн хооллолт” сэдэвт гарын авлагыг боловсруулж нийт 130 ширхэгийг хэвлүүлэн оролцогч нарт тараасан.
Жирэмсний чихрийн шижин гэдэг нь инсулины идэвхжлийн буурлаас эсвэл инсулины ялгарал багадсанаас цусанд сахарын хэмжээ нэмэгддэг жирэмсэн үед анх оношлогддог бодисын солилцооны өвчин юм.
Жирэмсний чихрийн шижингийн эрсдэлт хүчин зүйлд жирэмсэн эхийн нас, эрүүл мэндийн боловсрол, биеийн жингийн илүүдэл, таргалалт, амьдралын буруу хэв маяг, хорт зуршил, жирэмсний хяналтанд хожуу орох нь нөлөөлж бидний хүсээгүй үр дүн болох амьгүй төрөлт, ургийн гаж хөгжил, нярайн өвчлөл, эндэгдэл, эхийн ноцтой хүндрэл, төрөлтийн хүндрэл, төрөх үеийн ургийн гэмтэл, дутуу төрөлт, зулбалт, өсөлтгүй жирэмсэн, кесар мэс заслаар төрөлт шийдэх давтамжийг нэмэгдүүлж байна.
Энэ удаагийн чанарын өдөрлөгийн нэг онцлог нь өвчтөний туршлага эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах арга хэрэгсэл мөн болох тухайд НӨАГ-ын үйлчлүүлэгч, жирэмсэн эх өөрийн жирэмсний хяналтын явцын тухай, төрөх эмнэлгийн тусламж үйлчилгээний явцын өөрийн туршлагыг бидэнтэй хуваалцлаа.
