Нийслэлийн Өргөө Амаржих Газрын Сувилахуйн алба болон Төрөх, төрсний дараах тасгийн хамтран зохион байгуулсан “АЗ ЖАРГАЛАА ТЭВЭРЬЕ” сэдэвт өдөрлөгийг 2026 оны 06-р сарын 11-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус өдөрлөгт төрөх болон төрсний дараах эхчүүд, тэдний гэр бүлийн гишүүд оролцож, нийт 22 хүн хамрагдсан байна.
Төрөх, төрсний дараах тасгийн эрхлэгч А.Дүүрэнбилэг нээж, эх, нярайн эрүүл мэндийг дэмжих, гэр бүлийн оролцоог нэмэгдүүлэхийн ач холбогдлын талаар мэндчилгээ дэвшүүллээ.
Өдөрлөгийн хүрээнд эх, нярайн асаргаа сувилгаа, эхийн сүүгээр хооллолтын ач холбогдол, төрсний дараах үеийн зөв дадал хэвшил болон гэр бүлийн дэмжлэгийн талаар сургалт, зөвлөгөө, мэдээллийг оролцогчдод хүргэв.
Үүнд:
1. “Эх, нярайг арьс арьсаар шүргэлцүүлэх, имж эхийн асаргаа, хөхөөр хооллолт, зөв үмхэлт, зөв хөхөлт” сэдвээр Сувилахуйн албаны дарга Д. Баярмаа мэдээлэл өглөө.
2. “Хөхөөр хооллохын 10 алхам, нярайн шарлалт, эрүүл ба эмгэгийн зааг, нярайд илрэх аюултай шинжүүд” сэдвээр Эх барих, эмэгтэйчүүдийн ахлах зэргийн эмч О. Одмандах зөвлөгөө мэдээлэл хүргэлээ.
3. “Төрсний дараах хооллолт ба зөв хоол зүй” сэдвээр хоол зүйч Б. Бямбажаргал сургалт зохион байгууллаа.
4. “Төрсний дараа эхэд илрэх аюултай шинжүүд” сэдвээр Эх барих, эмэгтэйчүүдийн эмч У. Ариунсанаа мэдээлэл өглөө.
5. “Нярай хүүхдийн асаргаа, сувилгаа” сэдвээр нярайн сувилагч Ж. Байгалмаа зөвлөгөө мэдээлэл хүргэлээ.
6. MONFA эмийн компанийн мэргэжилтэн жирэмсэн болон төрсний дараах үед хэрэглэх нэмэлт амин дэм, эрдэс бодисын талаарх зөвлөгөө мэдээлэл өглөө.
Мөн өдөрлөгийн үеэр эхчүүдэд зориулсан 3 төрлийн гарын авлага, MONFA эмийн компанийн гарын бэлэг, Голомт банкны 100,000 төгрөгийн хүүхдийн хадгаламж нээх эрхийн бичиг зэргийг гардуулан өгч, үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон ээжүүдэд дурсгалын зүйлсээр урамшууллаа.
Тус өдөрлөг нь эх, нярайн эрүүл мэндийг дэмжих, зөв асаргаа сувилгааны мэдлэг олгох, хөхөөр хооллолтыг дэмжих, төрсний дараах үеийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.