Нийслэлийн Өргөө Амаржих Газар

ХОРООЛОЛ ДОТОР ДУУТ ДОХИО ДУУГАРГАХГҮЙ БАЙХ

Болсон явдал 1. Шөнийн 02:20 цаг: Байрны доор нэг машинаас сигналын чимээ гарлаа. Эхний чимээ гармагц гүн нойрноосоо сэрэв. Жолооч дахиад л сигналаа дарлаа. Ямар зорилгоор дарсныг үл мэднэ. Дахин дарлаа, ... дахиад л ... Сүүлдээ жолооч уурласандаа ч юм уу, эсвэл согтуу байсан ч юм уу сигналнаа тасралтгүй дуугаргалаа.   Шөнө дундад хэзээ дуусах нь мэдэгдэхгүй уртаас урт үргэлжлэх дуут дохионы чимээ. Тэр үед зөвхөн нялх хүүхэд гэлтгүй, зэрэгцээ оршдог дөрвөн байрны бараг бүх оршин суугч сэрсэн гэхэд хилсдэхгүй  болов уу. Учир нь тэсгэл алдсан оршин суугчид тагтан дээрээ гараад  "Болиоч ээ!", "Унтмаар байна шүү дээ!" гэж бухимдлаа илэрхийлэн хашгирсан юм

Танил дүр зураг байгаа биз. Энэ мэтчилэн орон сууцны хороолол болон гэр хороолол дунд орой 22:00 цагаас хойш автомашины дуут дохио дуугаргаж оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх хуулийн заалт байдаг ч ганцаараа байгаа мэт бүдүүлгээр аашилж, сигналддаг жолооч нар байсаар л байна.

Болсон явдал 2: Шөнө, үүрээр хажуу байрны доод талын гаражийн үүдэнд машинтайгаа ирчихээд, гаражийн хаалгыг онгойлгуулах зорилгоор жолооч нар сигналаа орилуулна. Хаалгыг гаднаас нь онгойлгодог чипээ мартсан уу, эсвэл автоматаар онгойдоггүй хаалга юм уу, ямартай ч харуулд хандаж "Гаражийн хаалгаа нээ!"  хэмээн сигналдана.  Жолооч нар хамгийн удаандаа 3 секунд хүлээгээд хаалга нээгдэхгүй бол сигналддаг. Харуул тэр үед унтаж байх, эсвэл ажлын байран дээрээ байгаагүй бол жолооч дахин дахин сигнал дарна. Энэ явдал олон удаа давтагдав. Эхлээд байрны харуултай уулзахад "Гаражийн хаалга эвдэрсэн, хил хаасантай холбоотойгоор засах боломжгүй байна. Тиймээс жолооч нар сигналддаг болсон" гэх. Асуудал шийдэгдсэнгүй. Тэвчээр алдаад цагдаагийн байгууллагад хандсан ч бас л шийдэгдээгүй. 

Шийдэл: Чип нь эвдрээд засах боломжгүй байгаа бол гаражийн хаалганы гадна хонх тавиад, жолооч хонхоо дараад орж болмоор. Ямартай ч дуу дохио дуугаргахгүй байя гэвэл асуудлыг төрөл бүрээр шийдэх боломжтой. 

МАШИНЫ ХААЛТЫГ НЭЭЛГЭХИЙН ТУЛД БҮҮ СИГНАЛДААЧ

Орон сууцны хороолол, хотхонууд зөвхөн өөрсдийн оршин суугчдаа нэвтрүүлэхийн тулд машины автомат хаалт хийж, хаалтыг нээдэг удирдлага тараах болсон. Гэтэл тухайн хаалтны гадна чипгүй ирчихээд "Хаалтаа нээ!" гэж сигналддаг. Угтаа хаалтыг нээдэг чип картаа өөртөө байлгах, эсвэл гэрлээрээ дохих, бүр болохгүй бол харуул дээр очоод хаалтаа нээж өгөөч гэж хэлэхэд болохгүй нь юу байх вэ?

Бид агаар, орчин, дуу чимээний бохирдол дунд амьдарч байна. Хүсвэл эдгээр бохирдлоос ангид байх боломжтой. Гэтэл хэн дуртай нь л өөрийн зорилгыг биелүүлэхийн тулд нэг удаа сигналдахад хэчнээн хүний амар тайван байдлыг алдагдуулж, хэчнээн өвөө эмээг цочоож, хэдэн бяцхан үрсийг нойрноос нь сэрээж байгаа бол? Нялх нярай хүүхэдтэй айл мэднэ дээ. Хүүхдээ арайхийн унтуулаад тавихад л хэн нэгний огт шаардлагагүй дарсан дуут дохионоос болж сэрчихнэ гэхээр...

Зөвхөн өдрийн цагаар ч бус шөнө, үүрээр  ч дуут дохиогоо орилуулах нь зөвхөн хууль зөрчөөд зогсохгүй маш бүдүүлэг үйлдэл юм. 

"ХҮҮХЭД ЗОРЧИЖ БАЙНА" ТЭМДЭГЛЭГЭЭТЭЙ МАШИНЫ АРААС БИТГИЙ СИГНАЛДААРАЙ

Дээр дурдсанчлан дуут дохиог замын хөдөлгөөнд зөвхөн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор дарна гэж Замын хөдөлгөөний дүрэмд заасан байдаг. Гэтэл жолооч нар "Хурдан яваач", "Холдооч" гэж урд талын эсвэл хажуугийн машиндаа "хэлэхдээ", уур бухимдлаа илэрхийлэхдээ, мөн хүн дуудах зорилгоор ихэвчлэн сигналыг ашиглаж байна. 

Тээврийн хэрэгсэлд нялх балчир, хөгшин настай, өвчтэй зовлонтой гээд янз бүрийн л хүн зорчиж яваа. Та үнэхээр сигналдахгүй байж тэвчдэггүй юм бол ядаж л "Хүүхэд зорчиж байна" тэмдэглэгээтэй машины араас дуут дохиогоо бүү хэрэглээрэй.

ХҮҮХЭДТЭЙГЭЭ ЯВЖ БАЙГАА ХҮНИЙ ХАЖУУГААР ЯВАХДАА СИГНАЛДАХГҮЙ БАЙНА УУ

Авто замын хөдөлгөөнд оролцож байхдаа тантай зэрэгцээд хүүхдээ тэвэрсэн, тэргэн дээр түрсэн хүмүүс, ахмад настнууд явж байх вий. Сигналаа дарахаасаа өмнө эргэн тойрноо ажаарай. Явган замаар явж байгаа нялх үрс, өвгөд хөгшдөө цочоохгүйн тулд дуут дохиогоо дуугаргалгүй хэдхэн секунд тэвчээд хүлээе.

Та тэдний оронд өөрийгөө тавиад үзээрэй. Танд ч мөн адил таатай санагдахгүй л болов уу. 

БУСДАД СААД БОЛОХГҮЙ БАЙНА ГЭДЭГ ХАМГИЙН ТОМ СОЁЛ

Зураач Б.Мөнх-Орших Эх сурвалж: gogo.mn