Хэрэв танд хөнгөн хэлбэрийн дотор муухайрах болон бөөлжих шинж тэмдэг байгаа бол зарим энгийн арга туслах болно. Үүнд:
1. Бага багаар ид. Хоол болон зуушийг өдрийн турш бага багаар идэж ходоодоо хэзээ ч битгий хоосон байлгаарай. Зарим эмэгтэйчүүдэд нүүрс ус дотор муухайрахыг багасгах нөлөө үзүүлдэг бол нөгөө хэсэгт нь уураг ихээр агуулсан хүнс дээрх шинж тэмдэгийг багасгадаг.
2. Жигнэмэг болон хатаасан талх зэрэг зуушийг орныхоо хажууд байлга. Өглөө сэрснийхээ дараа дээрх зүйлсээс хэсгийг идээд дараа нь босохоосоо өмнө 20-30 минут амрах хэрэгтэй. Мөн эдгээр зууш нь шөнө дунд дотор муухайрснаас болж босох хэрэг гарвал тус болох болно.
3. Өглөө босохдоо шууд боссоноос орон дээрээ хэдэн минут суух нь дотор муухайрахыг багасгахад нэмэр болж магадгүй.
4. Дотор муухайруулдаг үнэртэй хоол хүнснээс аль болох зайлсхийгээрэй. Жирэмсний хугацааны хоолны хэрэглээндээ аль болон үнэр багатай, дотор муухайрах шалтгаан болохооргүй хүнсийг сонгохыг зөвлөж байна.
5. Бүрхээх үйлжилгээтэй зөөлөн хоол тухайлбал бантан, зутан шөл зэрэг нь эрт үеийн хорлогын үед тохиромжтой. 6. Мөн хоолыг хөргөж болон тасалгааны темпратуртай болгож хэрэглэхыг хичээгээрэй. Учир нь хоол халуун байхдаа илүү хурц үнэртэй байдаг.
7. Удаан шингэдэг тослог ихтэй хүнснээс татгалзаарай. Мөн шарсан хуурсан, халуун ногоотой болон хүчиллэг хүнс нь хоол боловсоруулах эрхтэнүүдийг цочроох нөлөө үзүүлдэг.
8. Хоолны хооронд шингэн зүйл сайн уухыг оролдоорой. Гэвч нэг дор ихээр уух нь таны ходоодыг дүүргэхийн зэрэгцээ өөрөө бөөлжих шалтгаан болдог гэдгийг мартаж болохгүй.
9. Хэрэв бөөлжилтийн тоо цөөнгүй байгаа бол сахар, давс, кали зэрэг эрдэс агуулсан ундаа ууж болно.
10. Хоол ундтай холбоогүй зарим хүчин зүйлүүд тухайлбал бүгчим халуун орчин, үнэртэй усны хурц үнэр, машин жолоодох, анивчсан болон хурц гэрэл зэрэг нь дотор муухайралтыг өдөөж болзошгүй. Өдөөгч хүчин зүйлсээс зайлсхийх нь эмчилгээний чухал хэсэг болно гэдгийг санаарай.
11. Ядрах үед дотор муухайралт нэмэгддэг тул аль болох сайн амарч байхыг хичээх хэрэгтэй. Найз нөхөдтэйгээ уулзах, кино үзэх зэрэг нь стрессийг бууруулах нөлөө үзүүлж болно.
12. Жирэмсний витаминыг хоолны дараа эсвэл унтахын өмнө уугаарай. Төмөр нь дотор муухайруулах, хоол боловсруулах замыг цочроох шалтгаан болдог тул жирэмсний эхний гурван сард төмөр багатай болон төмөр агуулаагүй витамин хэрэглэж болно.
13. Цагаан гааны цай болон ургамалын гаралтай цай хэрэглээрэй. Энэ нь ходоодын үйл ажиллагаанд нөлөөлж дотор муухайралтыг багасгах нөлөө үзүүлдэг.
14. Хэрэв та дотор муухайралт болон бөөлжилтийг энгийн аргаар зогсоож чадахгүй бол эмчид үзүүлж ямар эм хэрэглэж болох талаар ярилцаарай.
/НӨАГ-Ын Ахлах Зэрэгтэй Эх Барих Эмэгтэйчүүдийн Эмч М.Түвшинжаргал/